Хонгор суманд нүүрлэсэн аюул Баянхонгорт давтагдахад ойрхон байна...

Twitter Print
2019 оны 12-р сар 15-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга аа! Эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатар аа! Эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ!

Нутагт минь эзэн суусан, хууль хүчнийхнийг гартаа атгасан, төрийн ямар ч албан тушаалтнууд халдаж чаддаггүй энэ уурхайд анхаарлаа хандуулж өгнө үү!

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн нутаг Цагаан цахир гэх газрын MV-006720/Улаантолгой/ MV-006907/Цагаан овоо/ гэх "АЛТНЫ ЧУЛУУН ОРД" бүхий лиценз бий.

УИХ-ын гишүүн асан, Молекул Батж.Батбаярын хүү Б.Баттулгын уурхай, сүүлд дүү Б.Баттөрийн нэр дээр шилжүүлсэн уурхай гэдгээр нь нутгийн ард түмэн андахгүй.

"Спэйшл Майнз" гэх нэрээ 2018 оны 11-р сарын 29нд "Наран Мандал Энтерпрайзес" болгон өөрчилсөн байдаг. Одоо харин гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай компани болсон гэдэг. Захирал нь Fischer Michael Maxwell гэх цагаан толгойтой нөхөр... Тус компани нь Сингапурын харъяалалтай компани байсан санагдана.

Тус уурхайд тогтмол осол болдог, түүнийгээ нуун дарагдуулдаг, иргэд хохирч үлддэг, хөдөлмөрийн туухай хуулийг уландаа гишгэдэг гээд өөр бусад олон асуудлууд байна.

Хамгийн ноцтой асуудал нь хоёр жилийн өмнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумд 3 хүн Цианид натрид хордсон гэх хэрэг тодорхой хариугүй бүдгэрч, орон нутгийн иргэд хохирч үлдсэн байдаг.

Ажилчид нь цианитад хордож байхад нь чимээгүй болгосон, хуруу гараа тасдахад нь чимээгүй болгосон, нуранга хэд хэдэн удаа болж залуусыг чимээгүй болгосон. Нутгийн иргэн хүний хувьд мэдээллийг цаг тухайд нь авч байгаа. Хохирч, үйлдвэрийн осолд орсон иргэдийг нэр устай нь зарлахад ч бэлэн байна. Тус уурхайд ажиллаж байгаад хохирсон иргэд нийлж нэгдэж “хохирсон иргэдийн холбоо”-г байгуулаад байна. Олон мянган залуусаа хохироомооргүй байна.

Ерөнхийлөгч өө! УИХ-ын дарга аа! Ерөнхий сайд аа! Тус уурхайг лицензээ, зөвшөөрлөө ямар шугамаар яаж хэн авсан, хэнд яаж зарагдаж, ямар хүмүүсийн оролцоотойгоор Баянхонгор аймагт "эзэн суусан" талаар шалгаж шалгуулж өгнө үү!!!

Тус уурхай нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт, аймгийн төвөөс баруун тийш 60 км, Баян-Овоо сумын төвөөс баруун урагш 28 км, 2102 м үнэмлэхүй өндөртэй Цагаан цахир уулаас баруун урагш 2 км зайд оршдог.

Өмнө нь энэ ордод БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цагаан цахир гоулд” гэх компани үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэдний цианидтай шламнаас 70 шахам ямаа хордож үхсэн хэрэг гарч байсан юм. Тухайн үед аймгийн ИТХ-аас “Цагаан цахир гоулд” компанийн үйл ажиллагааг зогсоож, эзэмшиж байсан талбайг тусгай хэрэгцээнд авсан ч уг газар удалгүй “Спэйшл майнз”-ын мэдэлд очсон түүхтэй. Одоо харин дамлагдан зарагдсаар л явна.

Батж.Батбаяр гэх хүнийг албан тушаалаа ашиглаж энэ ордыг авсан гэх нутгийн иргэдийн хардлага ч байдаг. Тиймээс л уг үндсээс нь эхлэн шалгуулах хүсэлтэй байгаа юм.

Image may contain: 3 people, people smiling, text

Сүүлийн жилүүдэд “Спэйшл майнз” буюу “Наран Мандал Энтерпрайзес” уурхайн ойр хавиар нутагладаг айлуудын мал зүгээр байж байгаад үхдэг, дотор гэдсийг нь үзэхэд уушги нь өвчилсөн байх тохиолдол олширч буй талаар иргэд ярьцгаасаар байдаг.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан цианид хэмээх хорт бодисын аюулыг биеэр амсаж байсан түүх бидэнд бий.

Тэдний удаан хугацааны тэмцлийн үр дүнд тухайн үед ажиллаж байсан Ерөнхий сайд С.Баяр “Уршигтай асуудлыг урьдчилж харах мэлмий дутсандаа, аюул учирсны дараа аврал, түшиг эрсэн хэрэгтэй тэр цагт нь үүргээ бүрэн биелүүлээгүйдээ Монголын төр Хонгор сумын иргэдээс уучлал гуйж байна” хэмээсэн нь одоо бараг л мартагджээ.

Хонгор суманд нүүрлэсэн энэ аюул Баянхонгорт давтагдахад ойрхон байгаа шүү!

Цианид – ҮХЭЛ - Натрийн цианид нь NaCN томъёо бүхйи органик бус нэгдэл. Натрийн цианид нь цагаан, усанд уусдаг, маш хортой давс. Түүний гол хэрэглэгч нь алтны уурхай юм. Натрийн цианид нь бусад цианийн давсуудтай нэгэн адилаар мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй хорнуудын нэг юм. Натрийн цианид нь амьсгалын хүчтэй ингибитор ба митохондрийн цитохром оксидазад нөлөөлж, улмаар электроны тээвэрлэлтийг зогсооно. Ингэснээр исэлдүүлэх метаболизм буурч, хүчилтөрөгчийн ашиглалт багасна. Цаашид, анаэроб метаболизмийн шалтгаантай/гаралтай лактататацидозын байдалд хүрнэ. Амаар, маш бага (200–300 мг) тунг авахад л үхэлд хүргэж болно. Ийм л аюултай!

Энэ нутаг эзэнтэй! 

Гиймаажавын Дамбадаржаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.