Тамхинаас гарах боломж байдаг, татах цагийг холдуулах, тоог багасгаж эхлэх нь гол зарчим

Twitter Print
2020 оны 04-р сар 20-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Тамхины хор хөнөөлөөс жил бүр маш их хүн амиа алддаг судалгаанууд өчнөөн байдаг. Саяхан 2017 онд дэлхий даяар 7,1 сая хүн тамхитай холбоотой өвчлөлөөр нас барсан гэсэн нэг судалгаа үзлээ. аймаар харамсалтай тоо. Хор хөнөөлийн тухай хайж уншвал барагдахгүй их юм байгаа. Тэгээд тамхийг хаях талаар өөрийн туршлагаас хуваалцмаар санагдлаа. Архаг тамхичдад бол хэрэгжүүлэхэд хэцүү л байх. Гэхдээ оролдоод үзээрэй би өөрөө архаг тамхичин байлаа.

Хүн 7 жил тасралтгүй тамхи татвал жинхэнэ тамхичин болдог, харин 7 жил огт татаагүй бол тамхичин биш болдог гэж ярьдаг юм билээ. Би 13 жил тасралтгүй татсан тамхичин. Мөн 16 жил татаагүй тамхичин биш хүн. Анх 2 дугаар ангидаа тамхи сорж үзсэн дэггүй моньд байгаа юм. Байрны ах нартаа аавд хүмүүсийн өгсөн тамхийг хулгайгаар зөөж, сайн дүү нэр авсан үеэс сорж эхлээд бүр уушиглаж сурсан. Аав тамхи татдаггүй ч хүмүүс тамхи бэлэглэдэг байв. Ээж, аав чамаас яахаараа тамхи үнэртээд байна гэхээр нь тэр ч ах, энэ ч хүн тамхи татсан хажууд тоглоод үнэр шингэж гэж аргалдаг байсан. Үгүй ээ мөн аюултай юм хийж байсан байгаа юм. Дараа нь нөгөө ах нар энэ муу тамхичин болох нь ээ гээд хэд зодсоноос хойш дахиж амандаа зуугаагүй.

Хүнд тамхи татах хэдэн шалтгаан бий болдог. Хүүхдэд бол ерөөсөө сониуч зан. Тамхийг сороод утааг хамар амаараа гаргаж байгаа нь их сонин санагдана. Тамхи татаж байгааг хажуугаас харж, эсвэл киноноос үзхээр дур сонирхол төрдөг юм шиг. Хуучны кинонууд дээр тамхи татдаг хэсгүүд байдаг даа. Шуналтай сороод утааг юу ч үгүй залгиад үлдсэн хэсгийг нь буцааж гаргана. Энэ яагаад байнаа гэж сонирхол төрүүлэм янзтай татна. Тамхи татахаар хүчтэй, мундаг эр болцон юм шиг. Гэх мэтээр хүүхдийн саваагүй сэдлээр тамхи татах хүсэл төрдөг байх. Дараагийн том шалтгаан бол хүрээлэн байгаа орчин, нөхцөл. Эргэн тойрны хүмүүс, ялангуяа аав, ээж ах дүүс бас нийлдэг найз, нөхөд тамхи татдаг бол хүүхэд утаанд дасал болдог. Дасал болхоор утаа таатай санагдана. Тамхи татах техникт автоматаар суралцана, организм дасан зохицоно. Тэгээд сэтгэхүйд үүнийг буруу зүйл гэж бодохгүй дархлаа тогтоно. Аав, ах татаж байгаам чинь би яагаад болохгүй гэж бодно. Дараа нь боломж гарсан үед бие дааж сорж эхлэнэ. Уг нь үүнээс хамгаалах хамгийн том хаалт бол эцэг эхийн хараа хяналт юм лдаа. Эцэг эхчүүдээ хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах бас хор уршигийг нь сайн таниулах нь урьдчилан сэргийлэх нэг арга болно.

Хүүхдүүд дунд, ахлах ангид орох үед хамгийн хэцүү үе эхэлдэг. Тэр үеэс жинхэнэ тамхичин болох гараагаа эхэлсэн. Манай сургууль зуны амралтаар 14 хоног хөдөлмөр зуслан явна. Хөвгүүдийн ихэнх нь тамхи татна. Тамхийг нь татуулахгүй гэж хэсэг үзнэ. Гэвч аажмаар уусаад сорж эхлэнэ. Эцэг эхчүүд нь чанга гараар баридаг, тамхи хортой гэдгийг бүрэн ухамсарласан цөөн хэсэг нь тамхинд ойртохгүй үлдэж чаддаг.Тухайн үед ороодог дүнсэн тамхи , беламорканал гээд зэрлэг хатуу тамхинууд татна. Родопи, опал гээд заналын үнэртэй болгар янжуурууд бас хэрэглэнэ. 90 –ээд оны дундуур Магна гэж улаан хайрцагтай тамхи моодонд орсондоо. Зөөлөн, хатуу хоёр янзын хайрцагтай. Сургуулийн буланд , 00 –д, стадионд гээд боломжтой бүх газар хэсэг бүлгээрээ сорно. Завсарлагаанаар 00-д бөөнөөр ганц ширхэгийг хэд сороол дуусгадаг байж билээ. Охидын нүдэнд тамхи зуусан харагдах нь күүл ч юм шиг санагдана. Яг хүсээд татаад байгаамуу гэхээр үгүй зүгээр л бусдын жишгээс хоцрохгүй гэж. Татахгүй гэвэл хэдэн өдөр ч татахгүй байж чадна. Тэгээд цаашдаа организм аажмаар тамхины хэрэглээнд дасал болно. Хүсдэг болоод хайж эхлэдэг. Хоолны дараа тамхи татах, бөөнөөрөө уулзахдаа сорох бол зайлшгүй хийдэг ёс болж байгаам. Энэ бүх хугацаанд ээж, ааваасаа нууцаар татдаг байв. Тамхийг янзтай татдаг хүмүүс байнаа. Насаараа татсан өвөө эмээ нар яг л хоол шиг залгиад, идээд ууж байгаа мэт амтархдаг. Заваан татдаг нөхдүүд ч байна. Үф пүү.. үф пүү гээд хурдан хурдан шал худлаа сорж татна. Эмэгтэй хүн тамхи татахаар муухай харагддаг. Хүүхдээ тэргэн дээр түрээд тамхи татаж байгаа эмэгтэй хүн бүр муухай.

Тамхи татдаг тамирчид их байдаг. Дасан зохицсон учраас тэмцээн, дасгал хөдөлгөөний үед бие нь даваад гардаг. Харин шинэ сорилттой тулахад үр дагавар нь нөлөөлдөг. Орос багш маань нэг түүх ярьж байв. ЗХУ-ын залуучуудын шигшээгийн цугларалтад гарсан байжээ. Энд тэндээс цугласан шилдэгүүдтэй хамт бэлтгэлд оржээ.Нэг өдөр бэлтгэлийн өмнө дасгалжуулагч тамирчдын жагсаалын өмнүүр алхаж байгаад гэнэт зогсжээ. Тэгээд нэг тамирчинд хандаж Чи тамхи татсан уу? гэжээ. Нөгөөх –Үгүйээ татаагүй гэж. Чамаас тамхи үнэртэж байна. Чи татдаг бас худлаа ярьдаг. Надтай ийм тамирчин цаашаа хол явахгүй. Одоохон нүднээс далд ор. Дахиж битгий заал руу ир гээд хөөжээ. Нөгөөх тамирчин дэлхийн медальтай энэ тэртэй гайгүй томчуудын нэг байж. Гэхдээ л дасгалжуулагчын үг хууль учир цугларалтаас хөөгдсөн байна. Бусад татдаг нөхдүүд тэр явдлаас хойш тамхи хаясан гэдэг. -Тухайн үед диктатуртай байсан учраас бид сайн бэлтгэл хийдэг байсан. Би ч бас өмнө татдаг байлаа тэрнээс хойш бүр мартсан. Тамхичин тамирчин яг хэрэгтэй үед хүчээ алддаг үе байдаг. Тамирчны жинхэнэ зорилгын хажууд тамхи бол өчүүхэн зүйл. гэж багш ярьж билээ.

Тамхичин хүн тамхинаас сэтгэл санааны болон бие организмын гэсэн хоёр янзын таашаал авдаг гэж боддог. Тамхи татсанаар сэтгэл санаа тайвшираад байгаа юм шиг. Бие тавгүйтээд байсан бол тамхи сороод зүгээр болох мэт. Энэ бүхний учир шалтгаан нь хүн тамхийг заавал хэрэглэх салшгүй хэрэглээ гэж итгэсэн явдал. Мөн тамхи хүний биед дасан зохицсон байдал юм. Тамхины утаа амьсгалын замаар уушиганд шууд хүрдэгээрээ их хөнөөлтэй. Уушиг бол организмийг хүчилтөрөгөчөөр хангах, нүүрсхүчилийн хийг гадагшлуулах үүрэгтэй үндсэн эрхтэн. Цусыг хүчилтөрөгчөөр баяжуулж бүх биеийн хэрэгцээг хангана. Харин утааг сороход хүн агаар амьсгалах яг тэр замаар явна. Утаа амаар орж, мөгөөрсөн хоолойгоор дамжин уушигны гуурсан хоолойгоор ордог. Үнэн худлыг нь мэдэхгүй ч ийм нэг ийм юм уншиж байв. Тамхины утааны бохь гэж юм бий. Модон гаанс цэвэрлэхэд зунгааралдсан, эхүүн үнэртэй заваан юм байдаг.Тэр бохь утаа дамжиж байгаа сүвүүдэд наалдаж үлддэг. Утаа уушгинд ороход бохь гуурсуудад наалдана. Татаж байх үед бохь нойтон байдаг хатаж эхлэхэд амьсгалахад төвөгтэй, биед таагүй мэдрэмж төрнө. Дахин утаа орж ирэхэд бохь норж бие тайвширдаг гэж. Магадгүй л юм. Мэргэжлийн хүн биш болохоор нарийн мэдэхгүй. Тамхины найрлагад янз бүрийн бодис байдаг гэдэг. Хамгийн алдартай нь никотин. Донтуулдаг болхоор тамхи татах дуршлыг байнга төрүүлдэг гэдгийн. Тамхины утаа нь цусанд түгээх хүчилтөрөгчийн хэмжээ, гадагшлуулах нүүрсхүчлийн хийг тээвэрлэх үйл явцад саад болж байна гэсэн үг. Тэгэхээр бусад эд эрхтэн, булчин шөрмөсд хангалт дутуу очино. Хангамж дутуу бол арьс үс, эд эсийн чанар муудна. Тамхи нь зүрх судасны болон амьсгалын замын өвчлөл гэсэн хоёр том хөнөөлтэй үр дагавараар бусад эрхтний тогтолцоог барж дуусгадаг гэж үздэг. Зүрх судасны өвчлөлтэй олон хүн тамхины хор хөнөөл гэдгийг ойлгоогүй байдаг. Байнга ханиад томуу тусаад ханиагаад байгаа хүмүүс тамхинаас болж амьсгалын замын архаг өвчтэй болсон гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээд дараагийн үр дагавар хорт хавдар. Уушигны хорт хавдарын ихэнх тохиолдол тамхичид байдаг. Сүүлийн үеийн тамхи илүү их химийн найрлагтай болсон гэдэг. Электрон тамхийг баруунд энгийн тамхинаас илүү хөнөөлтэй гэж үзэж байна. Ялангуяа өсвөр насныханд секундын дотор дофамин дааврыг ялгаруулж хамааралтай болгодог гэж бичиж байна. Усан тамхи гэх шиша ялгаагүй утаат тамхины нэг хэлбэр. Утаа амаараа оруулж уушиглана гэдэг тамхи татаж байгаагаас ялгаагүй. Энийг татаад сурчихвал энгийн тамхи татахад үнэндээ асуудалгүй. Гудамжинд залуу хүүхдүүд охидууд тамхи зууцан явааг хараад харамсал төрхийн.

Тамхичин хүний дэргэд татдаггүй хүн пассив тамхичин болдог. Манайд тамхины хяналтын хууль гарч хэрэгжсэн нь үнэхээр сайшаалтай хэрэг болсон. Л.Эрдэнэчимэг гишүүн байхдаа энэ хуулийг санаачилсанд нь талархаж явдаг. Энэ хууль олон мянган пассив тамхичдын эрүүл мэндийг хамгаалж чадаж байна.

Тамхинаас гарах оролдлогуудыг нилээд хэд хийгээд амжилт олоогүй. Хамгийн сүүлд хаях шийдэлд хүрэхдээ системтэйгээр холдож үзсэн.Тамхинаас гарахдаа шууд гарлаа гэж амлалт өгөөд гарах нь ихэнхдээ худлаа болдог. Яагаад гэвэл организм дассан, сэтгэл зүй бэлтгэгдээгүй байдаг учраас хэцүү. Тэгэхээр сэтгэл зүйг бэлдэх, биеэ бэлтгэх гэсэн хоёр үйл ажиллагааг тулгуурлаж тамхийг хаях зөв. Тамхи чиний эрүүл мэндэд хортой, эдийн засагт хохиролтойг сайн ойлгох чухал. Наад захын энгий жишээнүүдээ бодоод үзээрэй. Өглөө босоход цэртэй ханиах, өдөр үе үе ханиах. Дасгал хөдөлгөөн хийхэд амьсгаадах, хурдан ядрах, амнаас эвгүй үнэртэх, шүд шарлах гэх мэт. Тамхи авах мөнгөө цуглуулвал хэр их болохыг тооцоорой.
Мэдээж эрүүл мэндэд хортой гэдэгтэй холбож сэтгэл зүйгээ бэлтгэх, жишээ нь тамхи ялангуяа эрчүүдэд мааш хортой үр дагавартай, ерөөсөө ямар ч хэрэггүй. Тамхиний тухай таагүй юмнууд унших, тоо баримт харах, кино үзэх. Сэтгэл зүйг бага багаар бэлдэх явцдаа биеэ бэлдэнэ. Бүх процедур архаг тамхичинд бол доод тал 6 дээд тал 12 сар үргэлжлэх байх. Шинэковууд бол үүнээс хамаагүй бага хугацаанд хаях боломжтой. Яг хаяна гэж итгэж байгаа хүмүүсд ямар ч асуудалгүй хэрэгжинэ.

-Гол зарчим татах цагийг холдуулах, тоог багасгах. Яаж гэхээр эхний ээлжинд өглөөний эхний таталтын цагийг 1 цагаар хойшлуулах. Энэ цагийг 1-3 долоо хоногын турш баримтлана. Өглөө 8 цагт эхний тамхиа татдаг бол 9 цагт татна. Бас холбоотой хэрэглэдэг юмнуудыг аажмаар салгах. Тамхи асаагаад кофе уудаг хүмүүс байдаг, зарим өглөөд кофе уухгүй татах гэх мэт.Орчноо өөрчилж татах. Тухлаж суухгүй татах. Ингээд хэсэг явсны дараа энэ цагтаа тогтвол болж байна гэсэн үг. Тогтсон бол дахин нэг цагаар ухраана. 10 цагаас татдаг болох хүртэл бас хүнд сорилт шүү. Энэ бүх хугацаанд хөдөлгөөнөө нэмэгдүүлээрэй. Илүү их алхах, жижиг сажиг үйлдэлтэй ажлуудад оролцох . Сар гаруй 10 цагт тогтвол болчиж байгаан. Тэгээд дахиад 1 цагаар ухраана. 11 цагаас татаж эхэлдэг болсон үед организм эсэргүүцээд эхэлчинэ. Асаагаад сороход бага зэрэг онцгүй мэдрэмж төрөх, толгой бага зэрэг эргэх, дотор муухайрах гэх мэт. Энийг дагаад өдрийн таталтын тоо буурдаг. Дунджаа тооцоод үзэхээр багассан байна. Яг 11 болохыг тэсэн ядан хүлээдэг байсан бол заримдаа 11 өнгөрсөн хойно тамхиа санагалзана.12 цагаас эхэлдэг болсон үе бол нилээд амжилтад хүрсэн гэсэн үг. Өглөө босоход цэртэй ханиах багасна. Амьсгалахад арай л чөлөөтэй болсон юм шиг. Ингээд цагаа ухраасаар үдээс хойш 14-15 цагийн үед эхлэдэг болоход бие эсэргүүцэх улам нэмэгдсэн байна. Татахад толгой эргэж, дотор муухайрна.

Энд хүрсэн үедээ нэг өдрөөр алгасаж татаж эхлэх. 24 цаг татаагүй бие организм тамхины эсрэг илүү ажилладаг. Гэхдээ архаг тамхичны татах хүсэл амар алга болохгүйээ. Өдөр өнжиж татдаг болсон бол том амжилт. Цаашид алгасах зарчмаар хугацааг янз бүрээр хийж болно. Хамгийн хэцүү нь хоолны дараах, бас уусан үед татах хүсэл байдаг. Энэ хүслийг давдаг болчуул бусад үеийнх гайгүйдээ. 4-5 сарын хугацаанд татах тоо нилээд буурна. Гэхдээ зуршил, дуршил алга болохгүй байсаар байдаг. Үргэлжлүүлээд сэтгэл зүйгээ бэлдэнэ. Хугацаа хэрэгтэй, тэвчээр хэрэгтэй. Хааяа нэг дур хүрэхээр татдаг эсвэл пиво уух үед татмаар болдог болсон бол огт татахгүй модус луу шилжиж болно гэсэн үг. Бие болон сэтгэхүй тамхины хамаарлыг давж чадах хэмжээнд очсон, одоо шууд хаяж болно. Би 6 сар орчим хэрэгжүүлж хаясан. Нэг танил маань миний туршлагаар оролдоод жил орчим болж хаясан. Татахгүй болсноос хойшх эхний 1-2 жилд үе үе татмаар болдог. Тэвчээд, гүрийгээд өнгөрчихвөл цаашаа дажгүй. Мэдээж амархан биш, тэвчээр шаардана гэхдээ боломжтой. Татахаа болихоор тамхины утаа муухай үнэртэнэ. Ханиахгүй, цэр тээглэхгүй, хүнд амьсгаадахгүй гүйж харайхад биед ямар ч зовиургүй болно. Үнэрлэх, амтлах чадвар нэмэгдэнэ. Хувцаснаас муухай үнэртэхгүй. Нүдэнд үл үзэгдэх давуу талууд байгаа байх.

Дээрх бичвэр олон жил татаж байгаа хүмүүсд сонирхолгүй байх. Татах татахгүй нь хувь хүмүүсийн өөрийн сонголт. 20 жил татаад болисон багштай уулзаж явлаа. 30 жил татчаад хаясан жолооч ахийг харж байлаа. Залуучууд тамхи шал дэмий гэдгийг ойлгох хэрэгтэй.Тамхи татаж эхлэж байгаа, хааяа нэг сордог эсвэл тэгж байгаад татна даа бодож явдаг нөхөд байвал энэ бодлоо орхисон нь дээр гэж зөвлий. Тамхинаас хагацья гэвэл хугацаа алдалгүй эртхэн хаяаарай.

Д.Ганбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.