Боржигин найр

Twitter Print
2020 оны 12-р сар 24-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

Мал сүрэг тарга хүч авч идээ цагаа элбэгшин, сааль сүү жигдэрсэн намар цагаар найр, хурим хийх нь Монгол орны аль ч нутагт түгээмэл байдаг. Залуу хос хуримлах, шинэ гэр барих, хүүхдийн угаалга, даахь сэвлэг үргээх, үрс гаргах, унага тамгалах, жасаа уншуулсаны гэх мэт олон төрлийн найр байдаг.

Тухайн найрын зиндаанаас хамаарч найр нэгээс гурав хоног үргэлжилнэ. Боржигин найр нь эхлэх болон жаргаах дуу нь тухайн найрын зиндаанаас хамаараад өөр өөр байдаг, найранд оролцогчид тодорхой эрэмбэ дараалалтай суудаг, мөн хувцас бүрэн, босго талын хөл босоо бохирч суудаг гэх мэт маш хатуу дэг жаягтай. Найрын эхний дууг эрэгтэй дуучин эхлэдэг заншилтай.

 Боржигин найрыг: ”Авралын дээд”, буюу “Түмэн эх”, “Энх мэндийн баяр”, “Эрхэм төр” дууны аль нэгнээр эхэлнэ. Найрыг хөгжөөж буй гэрийн эзэн /хөрөнгөний эзэн/ “Айраг цэгээ амттай, Идээ арвин, Өргөө гэр, Өргөн түмэн цөм бүрдлээ” гээд олондоо нэр хүндтэй, найрын ёс журам, дэг жаягыг сайн мэддэг ихэвчлэн ахмад насны хүнийг найрын дарга болгохоор санал болгож хултай айраг, хадаг барьдаг. Найранд оролцогч олны дундаас тухайн хүнийг дэмжихгүй бол өөр хүнийг санал болгож болдог. Найрын дарга сонгогдсоны дараа гэрийн хоймор голлон суугаад тухайн өдрийн найранд баримтлах дэг журмын талаар хурсан олонд товчхон танилцуулан Сөнч болон, 2 талын аягачинг /мөн хулчин гэдэг/ томилсоны дараа сөнч бүх хүнд гурван дугараа бариулаад “Дугараа жигдэрлээ” гэж найрын даргад мэдүүлэхэд найрын дарга “сөнгөө тавь, сөнчид аягачид сууж болно” гэж хэлэхэд тэд сууж амарч болдог.

Бага дугараа мөн гурван удаа яваад их хул /мөн туушаа ч гэдэг/ -аар Дагнаа гэж айраг барьж бүх найрлагчдад уулгасны дараа найрын даргын зөвшөөрлөөр гадаална. /найрын завсарлага/.

Үүний дараа хуурчид хуураа хөглөн тухайн дуучны хоолойд нийцүүлээд “Хөг нийллээ” гэж мэдэгдэхэд найрын дарга хөрөнгөний эзний урин залсан уртын дуучинд тухайн найрын зиндаанд тохирсон эхлэх уртын дууг цохон зааж дуулахыг хүснэ. Дуучин тухайн дууг гурван түрлэгээр дуулсаны дараа Бага дугараа мөн гурван удаа яваад их хул /мөн туушаа ч гэдэг/ -аар Дагнаа гэж айраг барьж бүх найрлагчдад уулгасны дараа найрын даргын зөвшөөрлөөр гадаална. /найрын завсарлага/.

Гадаалсаны дараа хоёр дуу гурван түрлэгээр дуулах чөлөөнд жижиг туушаагаар гурван дугараа явна, жижиг туушааны дугараа жигдэрсэний дараа найрын дарга Солбио дагнаа барих боллоо гэж зарлахад зүүн талыг найрын даргаас эхэлж, баруун талыг аягачин сөнчингөөс эхэлж дээрээс доороос хоёр зэрэг айраг өгнө. Солбио дагнааны дараа гадаалж хэсэг завсарлана. Найрын тогтсон хугацаа болоход ахин солбио дагнаа зарлахгүй бол Хөрөнгөний эзэн “найраа үдээе” гэж мэдэгдэхэд найрын дарга дуучинд жаргаах уртын дууг дуулахыг мэдүүлнэ. Жаргаах уртын дууг дуулж гурван түрлэг түрсэний дараа Хөрөнгөний эзэн Сөн ерөөдөг хүнд “Сөнг минь ерөөнө үү” гэж хадаг айрагтай барихад айргаа уугаад сөнгийн хутгуураар айргаа гурав самраад ерөөл хэлнэ. Үүний дараа нийтийн дугараа явж мөн нийтээр дуулсаар байх ба товлосон хугацаа болоход найрын дарга огцорч найр өндөрлөнө.

Боржигин найран дээр богинын дуу /хуучуул завхай дуу гэдэг/ дуулдаггүй, архи хэрэглэдэггүй. Цагаан идээний нэрмэл архийг зөвхөн ахмад настнууд бага хэмжээгээр хэрэглэдэг байжээ.Найрын ёс журмыг зөрчих, архидан согтуурах, бусдад агсрахыг ихэд цээрлэдэг төдийгүй иймэрхүү байдал гаргах нь найр хөгжөөж буй тухайн айлыг хүндлээгүй төдийгүй наад зах нь шог ууж /торгуулж/ түргэн цагаанаа үзэх /бөөлжих/ цаашилбал “эсгийд өлгийдүүлж” дараа жилийн намар болтол олны “амны бай” болж олон түмэндээ жигшигдэхэд хүрнэ. Мөн найрын үед хараал, элдэв завхай үгс хэлцдэггүй, наймаа арилжаа ярьдаггүй, энгэр задгайлах, суудал солих, өөрийн дураар орж гарах гэх мэт олон олон ёс бус зүйлийг цээрлэдэг.

Боржигин найр нь түүх ёс заншил, соёлын биет болон биет бус олон өвийг агуулсан ирээдүй хойчоо хүмүүжүүлэх, ахас ихэсээ хүндлэх, дэг журамд баригдах, ёс заншил, морин хуур, уртын дуу, ерөөл магтаалд сургах гэх мэт олон ач холбогдол бүхий эртний хаад ноёдын өргөө төрийн ёслолоос уламжлалтай соёлын цогц өв сан юм.

Боржигин найранд сууж оролцсоноор:

Ёс заншил, өв уламжлалтайгаа танилцаж мэдэх /гэрийн дотор тавилга, идээ шүүс хэрхэн байрлуулах, хэрхэн хөндөх, бэлэгт сэлт өгөх авах гэх мэт/

Ахмад дээдсээ хүндлэх, зочноо угтах, зочлох, үдэх ёсонд суралцах, Найрын дэг журамд суралцан, морин хуурч, уртын дууч, ерөөлч магтаалчаар бахархах, тэднээс суралцах сочлын биет бусыг өвлөн тээгч болох

Үнэнч шударгаар хөдөлмөрлөн мал сүргээ өсгөж, түмэн олонтойгоо эвтэй найртай, өнөр өтгөн, элбэг баян амьдрахын үлгэр дууриалыг үзэх,

Найранд хүрэлцэн ирэгсэд гоёж гангалж ирэх учир цэвэрч нямбай, элбэг тансаг амьдрах ухаарал хайрлах, сэтгэлийн цэнгэл эдлэх зэрэг ач холбогдолтой юм. Боржигин найрын дэгд найранд оролцож байгаа хүний үйлд хэмжээлэн хориглосон хэв хэмжээ нэлээд байдаг. Тухайлбал:

* Найрт малгайгүй суух

* Мөн энгэр заам задгай байх

* Хоймор талын өвдгөө босгож суух

* Завилж суух

* Сөхөрч суух

* Өөрөөс ахмад хүний дээд талд суух

* Тал сольж суух

* Өөр хоорондоо ярих

* Дууг өргөж түрэхгүй байх

* Найрнаас даргалагчийн зөвшөөрөлгүй гарах

* Мөн зөвшөөрөлгүй босох, суудал сольж суух зэргийг хориглодог.

БСШУС-ын яамны сайдын 2019 оны 11 сарын 29-ний өдрийн А/759 тоот тушаалаар Боржигин найр, хуримлах ёс, зан үйл МУ-ын яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний жагсаалтанд батлагдсан. Боржигин өв соёлоо, судлах, сурталчилах, хойд үедээ өвлүүлэхэд иргэн бүхний оролцоо чухал.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.