Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан огцрох хүсэлтээ өгчээ

Twitter Print
2019 оны 11-р сар 20-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсыг FATF саарал жагсаалтад оруулснаас үүдэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох ёстой хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн.

Тиймээс ч саарал жагсаалтаар хаалттай сонсгол хийхээр Эдийн засгийн байнгын хороон дээр яригдаж, хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсон. Гэвч УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр товлосон ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар өнөөдрийг хүртэл энэ асуудал хэрхэх нь тодорхойгүй байгаа. МАН-ын гишүүдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжиж байгаа бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх эсэх асуудад дээр хоёр хуваагдаад буй.

Нэг хэсэг нь Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжихгүй байгаа бол нөгөө хэсэг нь огцруулахыг дэмжиж байгаа. Тиймээс ч МАН-ын бүлгийн гишүүд хоёр хуваагдсан учраас бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тав хоногийн завсарлага авсан. Тэгвэл өнгөрсөн Баасан гаригт /2019.11.15/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл батлагдсантай холбогдуулан ҮАБЗ хуралдсан. ҮАБЗ-ийн хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг дуудаж, ажлаа өгөх эсэх ярилцжээ.

Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өчигдөр /2019.11.19/ УИХ-ын даргад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж, шийдвэрлэхээр болжээ.

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.