Тамхичид хүний эрх зөрчсөөр

Twitter Print
2015 оны 10-р сар 06-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Хүн ам нийгмийн дунд тамхи гэгч чимээгүй тахал газар аваад олон жилийн нүүрийг үзэж байна. Найман настай балчираас наян настай буурал хүртэл энэ хорт бодисыг хэрэглэж түүгээр зогсохгүй эргэн тойрон дахь хүмүүсээ давхар хордуулж, хохироож байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Хүн ард энэ үзэгдлийг энгийн зүйл мэтээр хүлээн авч, гэр орон, ажлын газар, энхрий бяцхан үрсийнхээ дэргэд эрээ цээргүй тамхи татдаг ийм дүр зураг цөөхөн хэдэн монголчуудын амьдралын нэг хэсэг болсоор уджээ.

Тамхи татдаг хүн өөрөө хордож болох  ч өрөөл бусдыгаа хордуулна гэдэг манай улсын хувьд томоос том аюул юм. Өөрийн гараар тамхи барьж амандаа хийж татаагүй хэрнээ хордоно гэдэг бидний хувьд дэндүү харамсмаар зүйл. Тамхи татаж буй хүний тамхины утаагаар тамхи татдаггүй хүмүүс амьсгалахыг идэвхигүй тамхидалт буюу дам тамхидалт гэж бид нэрлэдэг. Тамхины утаа маш хортой бөгөөд утаатай орчинд нэг цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний  хорт бодисоор амьсгалж, хорддог аж. Өөрөөр хэлбэл өрхийн тэргүүн тамхи татдаг бол гэр бүлийн бүх гишүүд хордож байна гэсэн үг. Тамхидалтын нөлөөгөөр хүний биед орж байгаа хорт бодисыг олон улсын түвшинд “А” зэрэглэлийн хорт бодис гэж үздэг байна. Энэ “А”зэрэглэлийн хорт бодисоор монголын хүн амын талаас илүү хувь нь амьсгалж, хордож байна гэвэл хилсдэхгүй болов уу. Эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүн амын өвчлөл болоод үхлийн шалтгааны дийлэнх хувь нь тамхидалтаас болдог гэнэ. Нэг ширхэг тамхинд 4,000 гаруй хорт бодис агуулагддагаас 50 орчим нь хорт хавдар үүсгэдэг.

Мөн тамхины утаа хүний амь насанд аюултай 40 гаруй өвчний шалтгаан болдог аж. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын энэ оны судалгаагаар нийт хүн амын 27.1 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49.1 хувь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг. Хоёр хүн тутмын нэг нь буюу 42.9 гэрийн дотоод орчинд, гурван хүн тутмын нэг нь буюу 35.6 хувь нь ажлын байрандаа дам тамхидалтанд өртдөг байна.

Түүнчлэн тамхи, дам тамхидалтаас болж сүүлийн арван жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдсэн.  Нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь халдварын улмаас хорвоог орхидог болсон. Мөн уушигны хорт хавдрын 90-95 хувь, уушигны архаг өвчнүүдийн 80-85 хувь, зүрхний шигдээс болон тархины харвалтын шалтгаант нас баралтын 25 хувь нь тамхитай шууд холбоотойг дээрх  судалгаа харуулж байна.

Өдөр тутам бид хорт бодисоор амьсгалж, ямар нэгэн хорт хавдрын эх үндэс бидний биед  бүрэлдэж байна. Дам тамхидалтын нөлөөгөөр:

Насанд хүрэгчдэд:

-Тархины цусан хангамж багасч, цус харвалт үүсэх.
-Нүд хорсох, загатнах, нулимс гоожих, цаашилбал болор цайх, сохрох.
-Уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20-30 хувь нэмэгдүүлдэг.
-Цусны судасны ханыг зузааруулж, нарийсгах бөглөрөл үүсгэх, зүрхний шигдээс үүсгэх
-Мөн урагт нөлөөлж бага жинтэй хүүхэд төрөх, зулбах, хугацаанаасаа эрт төрөх, нярай хүүхэд гэнэт нас барах.

Хүүхдэд:

-Тархины цусан хангамж багасч ой тогтоолт, сэтгэн бодох чадвар буурах.
-Тархины хавдар үүсэх
-Дунд чихний үрэвсэл үүсэх.
-Гуурсан хоолойн үрэвсэлт өвчнүүд үүсэх, хүндрэх.
-Зүрх судасны тогтолцоог алдагдуулж тунгалагийн булчирхайн хоргүй хавдар үүсгэх зэрэг бодит аюулууд заналхийлж байдаг байна.

Эдгээр тоо баримт, өвчлөл, өвчлөлийн шалтгаанууд нь манай улсын үнэн дүр төрх бөгөөд нөгөөтэйгүүр хүний эрх зөрчигдөж буйн илрэл юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ТХСК (Тамхины хяналтын суурь конвенц)-д дурьдсанаар олон нийтийг тамхины утаанд өртөж хордохоос үр дүнтэй хамгаалах талаар тусгасан нь хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй шууд холбоотой гэдэг нь харагдаж байгаа юм. Аль ч улсын үндсэн хуулинд амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэсэн заалт байдаг. Тэгвэл манай улсын хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаагийн нэг жишээ нь дам тамхидалт юм.

Бодит  амьдрал дээр  тамхи татаж буй хүнд шаардлага тавихад ямар хариулт хэлдэг гэхээр, “сүртэй юм бэ. Ганцыг татахад яах ч үгүй, насаараа тамхины утаан дунд өслөө” гэсэн хэнэггүй байдлаар ханддаг. Цаана нь ямар олон хүн хордож, сөрөг үр дагаварууд үүсч байгааг огт ухамсарладаггүй. Энгийн нэг жишээ дурьдахад эцэг, эх гэртээ тамхи татаж буй нь хүүхдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Энэ бол манай улсын гэр бүлд тохиолддог нийтлэг үзэгдэл. Эцэг эх нь ингэж тоомжиргүй хандаж байхад энэ асуудал хөндлөнгийн хэн нэгэнд  бол юу ч биш болж хувирна шүү дээ.

Өөрийнхөө эрх ашгийн төлөө өрөөлийн эрхэнд халдана гэдэг хэзээ ч байж боломгүй зүйл. Тиймээс нэг үйлдэл хийхийн өмнө заавал бусдын эрхийг зөрчиж байна уу, үгүй юу гэдгээ бодож тунгааж байх учиртай. Нэн ялангуяа эргэн тойрон дахь хүмүүсээ хордуулж буй тамхичид. 

Д.Цэнд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.