Өр эмтлэх юм бүхнийг дуул, дуул хүү минь

Twitter Print
2015 оны 01-р сар 15-нд 12:26 цагт
Мэдээний зураг,

Ганц эмгэн галаа ноцоож чадахгүй, гараа эвхэн бээрч суух вий дээ... хэмээн эхэлдэг энэ дуу гуниг төрүүлмээр хэдий ч амьдрал дээр гашуун үнэн. Юу ч юм нэгэн зүйл хоолойд торж, шорвог нулимс хацар зүсмээр үнэн. Өрхийг нь хагас татаж, гялгар уутаар тооноо битүүлсэн ханхай гэр харанхуй талдаа. Зуухны ам сахиж, галаа асааж ядаж байгаа эмээгийн арын орон дээр өнчрөлийн нулимс хацрыг нь эсгэсэн хэдий ч ээжийгээ, магадгүй ирээдүйн амьдралаа сайн сайхнаар зүүдлэн инээмсэглэн унтаж байгаа бяцхан хүүхдийн бүлээн амьсгал хүйтэн агаарт дэгдэнэ.

Жавар тачигнасан дүн өвлөөр галаа ноцоож чадахгүй, гараа эвхэн бээрч суугаа эмээ нар өдий төдий. Үхсэнээс үлдсэн юм хэмээн хоолой зангируулан ганц өнчин зээ эсвэл ачийгаа тэвэрч хоцорсон хэдэн зуун эмээ зуухныхаа аманд сэтгэлдээ шархтай, нүдэндээ нулимстай суугаа юм бүү мэд. Ямар ч байсан өнөөгийн нийгэмд, Монгол нутагт маань зүрх зүсэм ийм дүр зураг бүхий амьдрал гарын арван хуруу байтугай 100 ч хол давах биз.

Саяхан даа, 70 насны босго хол давсан эмээгээ асрамжийн газар өгч жаргаамаар байна хэмээсэн 10 дугаар ангийн охин сайн санаат сэтгүүлчийн тусламжтайгаар эмээгээ Батсүмбэр дэх асрамжийн газар хүргэсэн билээ. Эмээ нь тэнд жаргана аа. Хэдийгээр 10 дугаар ангийн балчир охин хэдий ч наснаасаа ахадсан зовлон үүрсэн түүнийг эмээ ээж нь хоосон хонуулж өлсгөхгүйн тулд төрсний гэрчилгээг нь хүртэл барьцаанд тавьсан тухай охин ярьсан байв.

Хөөрхий дөө. Уг нь эмээ 4 хүүхэдтэй алдарт эх. Гэсэн ч хатуу орчлонгийн харгис жамаар хүүхдүүд нь уван цуван талийгаач болж эмээ хүүхдүүдийнхээ хэдэн хүүхэдтэй үлдсэнээс түүнийг гэх нь ганц. Өөрийн гэх орон гэрээ луйвардуулан алдснаас хойш 10-р ангийн жаахан охинтойгоо нийтийн байранд түрээс төлж амьдарсаар иржээ. Гэхдээ тэдний амин зуулгын гол эх үүсвэр нь эмээгийн тэтгэвэрийн мөнгө. Байрны түрээс төлөх, хоол унааны мөнгө гээд тэтгэвэрийн хэдэн төгрөг хаа хаанаа хүрдэггүй байсан нь мэдээж. Энэ мэтээр “Ганц эмгэн галаа ноцоож чадахгүй, гараа эвхэн бээрч суух вий дээ...” хэмээн дуулсан дууны үг амьдрал дээр “цогцоороо” бас өдий төдийгөөрөө бий. Хүмүүст хүрсэн ганц нэг нь энэ. Тусламж авч асрамжийн газар хүргүүлж чадсан нь энэ эмээ.

...Насны ханиа үйлийн мууд алдаад
Нарны үдэд нэг нь гундаж явах вий дээ...

Хар тамхины хэргээр Хятадын шүүхээс насаараа хоригдох ял сонссон Л.Байгальмаа. Вьетнам, Малайзаас БНХАУ-аар дамжуулан мансууруулах бодис тээвэрлэж хууль бусаар ашиг олж амин зуулгаа хийдэг байсан Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарын золиос болсон бүсгүй. Түүний нөхөр Г.Батсуурь ёстой л  ...Насны ханиа үйлийн мууд алдаад, Нарны үдэд нэг нь гундаж явах вий дээ...мөрийн эзэн гэмээр. Цөхрөхдөө, цээжин дэх гомдлоо багтааж ядахдаа, аргаа барахдаа “Харийн оронд бүх насаараа хоригдож, тарчилж байснаас цаазын ял нь дээр байсан юм” нүдэндээ нулимстай хэлсэн нь Монголын эмгэнэл байлаа.  Дөрвийн дөрвөн хүүхэд ээжийгээ хэзээ ирэх бол хэмээн чих тавьж, шар махтайгаа хатаж байна. Амьдралын нугачаанд бүдэрсэн аавын сэтгэл хэзээ ч дэвтэхгүй. Ханиа иртэл, халуун бүлээрээ уулзатлаа шүү.

...Сүүгий нь хөхсөн ээжийгээ сүүлд нь орхидог
Сүнсгүй нэг нь амьдарч явах вий дээ...

Сүнсгүй, сүүдэргүй хүмүн төрөлтэй, адгуусан ухаантнаар дүүрэн юм энэ орчлон. Сүүгий нь хөхсөн ижийгээ хөнөөсөн “Хүн адгуус” олширлоо. Өнгөрсөн оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн Сэлх гэх газарт 72 настай ээжийгээ 51 настай охин нь зодож, дээрээс нь дэвсэж амь насыг нь хөнөөсөн байдаг. Хөөрхий ээжийн далны яс, хавирга нь хугарч, цагдаагийн ажилтнуудыг очиход аль хэдий амьсгал хураасан байсан гэдэг. Энгэрээс нь унаж, элгэнд нь тэврүүлж өсчихөөд гар далайх нь бүү хэл зөрүү харахаас ч эмээмээр. Гэтэл дээрээс нь дэвсэж...

Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны хоёрдугаар байрны 14 тоотод оршин суух 40 орчим настай эмэгтэй О-г олон удаа хутгалж хөнөөгөөд цогцсыг нь шатаасан гэх сэрдхийм хэрэг олныг цочирдуулсан. Алуурчин хэн байсан гээч. Ээжийнхээ амин хайртай хүү Х үйлдсэн гэдгийг цагдаагийнхан тогтоосон. Халуун хэвлийгээс нь хүн болж “уначихаад” хожим нь мэс далайж амийг нь хөнөөчихсөн гэхээр хэр барагтай хүний санаанд багтамгүй.

...Амьд, үхсэн хоёрын нэрийг хугалсан
Алдар горьлогч олшроод ирэх вий дээ
Хүйгээр цусаар амьтай нутгаа орхидог
Хүйтэн чулуун зүрхтэн, зүрхтэн байх вий дээ...

Эдгээр мөрүүдийн эзэд өнөөгийн нийгэмд хэдэн зуугаараа бий гэдгийг монголчууд бүгдээрээ харж байгаа. Тэд ч батлаад өгсөн.

Туурга тусгаар Монгол улсынхаа ирээдүйг залах, хөгжлийн замд хөтлөх залуусаа хэрхэн хүмүүжүүлэх вэ. Ямартай ч монголчууд бидний өвөг дээдэс үр үндэс, удам угаасаа бүүвэйн дуугаар хөглөж, тайвшруулж хүн болгосон түүхтэй. Ардын дууны үг ч амьдралд ухаарал өгөх нэгээхэн хэсэг болдог.

Ирээдүйд ийм л гунигт, эмгэнэлт амьдралын дүр зургийг харахгүйн төлөө, сонсохгүйн төлөө, бий болгохгүйн төлөө гэгэлгэн дуугаараа ухааруул хүү минь. Өр эмтлэх юм бүхнийг дуул, дуул хүү минь дуул.

Ж.Нарангарав

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.