"Шилэн тендер"-т шилжих бэлтгэл хэр хангагдаж байгаа талаар мэдээллээ

2014 оны 01-р сар 06-нд 19:05 цагт
Мэдээний зураг,

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Английн Лондон хотноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нээлттэй засгийн түншлэлийн сайд нарын хуралд оролцож байсан.

Уг Нээлттэй Засгийн түншлэл нь нээлттэй ил тод засаглалыг хөгжүүлэх, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх чиглэлээр улс орнуудын Засгийн газарт тодорхой үүрэг хүлээлгэх зорилготой олон талт санаачлага юм. 2011 онд найман улс нэгдэж байсан уг санаачлагад өдгөө дэлхийн 57 орон элсч орсон бөгөөд Монгол улс тус хурлаар албан ёсоор элссэн байдаг. Мөн өөрсдийн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг баталгаажуулж, Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажилагааг танилцуулсан юм.

Тухайлбал иргэдийг сонсох 1111 төвийн утас болон төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилготой Төрийн үйлчилгээний цахим машиныг олон улсын зүгээс ихэд сайшааж, сонирхож байжээ.

Уг ажлын хүрээнд мөн “Шилэн данс”, “Шилэн тендер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгааг танилцуулж байсан. Эдгээр нь төсөв мөнгөний зарцуулалтыг олон түмэнд нээлттэй болгох, тендерийн бүхий л үйл ажиллагааг иргэдийн хараанд явуулдаг болох зорилготой байсан юм.

Тэгвэл өнөөдрийн ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар Худалдан авах ажиллагааны газраас Төрийн худалдан авах ажиллагааг энэ онд бүрэн цахимжуулж, олон нийтийн хяналт дор ил тод, авлигагүй шударга явуулах бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар танилцуулга хийлээ.

Төрийн худалдан авах ажиллагааг энэ онд бүрэн цахимжуулж, олон нийтийн хяналт дор ил тод, авлигагүй шударга явуулахаар Шинэчлэлийн Засгийн газар зорьж байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд 2014 онд 1,1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулах юм байна. Үүний 129-ийг “Худалдан авах ажиллагааны газар”, үлдсэн тендер шалгаруулалтыг яамд хариуцан явуулах юм. Өнгөрсөн онд 192 төсөл арга хэмжээний 413 багц тендер зохион байгуулсны 94 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэлээ. Эдгээрийн 20 гаруй хувийг цахим хэлбэрээр явуулсан бол энэ онд бүх тендерийн 80-аас доошгүй хувийг цахим байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

Үүнээс гадна төрийн байгууллагуудын урсгал зардлын шинжтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг ил тод болгох цахим дэлгүүрийг дөрөвдүгээр сарын 1-нээс ажиллуулж эхлэх юм байна.

Тендерийн урилга, явц, үр дүнгийн мэдээллийг иргэдийн гар утсанд хүргэх, тендерт оролцогчдын ирүүлсэн саналыг цахим сүлжээнд нээлттэй мэдээлэх, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг санамсаргүй сонголтоор сонгож байгуулах, цахим гарын үсэг хэрэглэх зэрэг ил тод байдлыг дэмжсэн зохицуулалтууд хийж байна гэж Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Тендер шалгаруулах ажиллагаанд тавих иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулахын тулд үнэлгээний хороонд тэдний төлөөллийг заавал оролцуулдаг болж байгаа юм байна.

Түүнчлэн хаврын бүтээн байгуулалтын ажлыг саатуулахгүйн тулд өвөл цагт бэлтгэлээ бүрэн хангах нь чухал байгааг өнөөдрийн “Бүтээн байгуулалтын цаг”-ийг удирдан явуулсан ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг төрийн байгууллагуудад дахин санууллаа.

Мөн эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн талаарх тайлангаа ирэх онд Индонезид болох Нээлттэй засгийн түншлэлийн хуралд илтгэх юм байна.

Д. Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

  • Сэтгэгдэл бичигдээгүй байна