Хүүхдээ номд дургүй болгодог 5 төрлийн ээж, аав

Twitter Print
2020 оны 09-р сар 23-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

1. Төвөгшөөж ханддаг ээж аав

Хүүдийг ном уншуулахыг хүсэх үед "Байж бай, дараа бол, завтай болохоороо, эгчээрээ ахаараа уншуул" гэх зэрэг төвөгшөөсөн хариулт хэлдэг. Мөн өөрөө ном уншиж өгөхөөс илүүтэй бичлэг, хүүхэлдэйгээр саатуулдаг.

Ээж аавын төвөгшөөдөг энэ зүйлд хүүхэд ч аажмаар таатай биш хандах болж ном уншиж өгөхийг хүсэхээ болино.

2. Шалгаагч ээж аав

Номд гарч байгаа бүх агуулгыг эргүүлэн асуух. Зурагт номын талаарх ерөнхий ойлголт эсвэл төрсөн мэдрэмжинд анхаарал хандуулах бус номд гарч буй үг, үйлдэл болгоныг шалгааж, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг үгүй хийх буруу асуултууд асуудаг. Тухайлбал, “Энэ номд хэн хэн гардаг вэ?”, “Тэр үйл явдлын дараа юу болсон билээ?”, "Тэр юу гэж хариулсан бэ" зэрэг хариулт нь ойлгомжтой асуултуудыг шалгалт авч байгаа мэт асуудаг. Ном уншиж дууссаныхаа дараа заавал сурсан зүйлийнх талаар асууж байж салдаг.

Энэ нь хүүхдэд шалгаагдаж байцаагдаж буй мэт таатай биш мэдрэмж үлдээдэг тул хүүхэд аажмаар ном уншуулахаас зайлсхийнэ.

3. Өөрийнхөө дураар шийдвэр гаргагч ээж

Хүүхдийн хүсэл сонирхол, насны онцлогийг тооцоолохгүйгээр өөрт таалагдсан өнгө үзэмж, өөрөө багадаа дуртай байсан үлгэр гэх зэрэг өгөгдлөөр баримжаалж ном худалдан авдаг. Улмаар хүүхдийн дургүй, түүнд таалагдаагүй номыг хүчээр уншиж, энэ нь удаан үргэлжлэх юм бол хүүхэд номд дургүй болдог.

Хүүхдийн наснаас хамаараад утга агуулга, зургийн хэмжээ, өнгө, сонирхол гээд олон хүчин зүйлийг судалж уншиж үзэж хүүхэдтэй ярилцаж байж номын сонголтыг хийдэг байх нь тустай.

ХҮҮХДЭЭ НОМД ДУРГҮЙ БОЛГОДОГ 5 ТӨРЛИЙН ЭЭЖ ААВ-н зурган илэрц

4. Хүлээлт өндөр тавьдаг ээж аав

Номыг зөвхөн үсэг тогтоолгох эсвэл уншиж сургах сурах бичиг гэж андуу боддог. Хүүхдийг хүсээгүй үед уншуулах оролдого хийдэг. Мөн хүүхэд үсгээ мэдээд жоохон уншдаг болоод эхлэхэд л байнга уншуулах гэж шахдаг, олон төрлийн ном нэг дор авч өгч уншиж дуусгахыг шахдаг ээж аав.

Мөн EQ хөгжүүлэх, IQ хөгжүүлэх ном, уур уцаартай хүүхдэд зориулсан ном гэх мэт “...-д зориулсан ном”-д хэтэрхий их итгэл хүлээлгэдэг. Тэр номыг уншчих л юм бол бүх асуудал нь шийдэгдэх юм шиг. Хүүхдийн сэтгэл хөдлөл нь бүхэлдээ маш төвөгтэй ба түүнийг шийдэх арга зам ч гэсэн маш олон төрөл байдаг учир үүнийг дагаад хүүхдэд таарсан өөр өөр арга хэмжээ авах хэрэгтэй. Ямар нэгэн чадвар хөгжүүлэх бол тийм ном, ямар нэгэн асуудал шийдэх бол ийм ном уншиж өгвөл асуудал шийдэгдэнэ гэдэгт хэт итгэл хүлээлгэх бодлоо хаях хэрэгтэй.

Хүүхэд аав ээжийнхээ уншиж байгааг сонсоод түүнийг зургаар яаж илэрхийлж байгааг харж төсөөлөлдөө амилуулдаг. Ээжийнхээ уншиж байгааг сонсож байх зуур хүүхэд нь сонсох мэдрэмж ба харах чадвараа нэгтгэн, тэдгээрийг ашиглах чадвараа хөгжүүлэх боломжтой байдаг.

5. Үл тоодог ээж аав

Ном унших явцад хүүхдийн оролцоог орхигдуулдаг. Өөрөөр хэлбэл ном уншиж өгч байхад хүүхэд байн байн асуулт асуух, номын утга санаа болон зургийн талаар ярих юм бол төвөгшөөх. Эгзэгтэй сонирхолтой хэсэгт гарсан зүйлийн талаар ярихыг хүсэх, зарим хэсгийг удаан харахыг хүсэх үед "дуустал нь дуугүй сонс" гэх зэргээр хүүхдийн оролцоог хориглодог аав ээж.

Хүүхдэд зурагт ном унших нь “номтойгоо ярилцах” гэдэг ойлголт давхар байдан учраас хүүхдийнхээ номтой ярилцахыг хүсэж байгаа үед нь харилцан ярилцаж, дэмжин сонсох хэрэгтэй. Зурагт ном үзэнгээ ээжтэйгээ хамт өөрт юу гэж бодогдсон талаар ярилцаж, сэтгэл хөдлөл, урлагийн мэдрэмж, төсөөлөн бодох чадвар зэргийг хөгжүүлэх боломж олгодог зүйл юм.

Г.Төмөрзаяа

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.