Бенжамин Франклин: "Тусгаар тогтнолын тунхаглал"-ын эх хувилбарыг зохиосон таван хүний нэг

Twitter Print
2020 оны 11-р сар 23-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Бенжамин Франклин 1706 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Бостон хотод саван үйлдвэрлэгч Жосиах Франклины хүү болон мэндэлжээ. Түүний эцэг эх олон хүүхэдтэй, тарчиг амьдралтай байсан тул Бэнжамин хүү сургуулиа орхин аавынхаа ажилд туслахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Номонд дуртай хүүхэд байсан учир аав нь түүнийг арван настай байхад ах Жэймсийн хэвлэх үйлдвэрт ажиллуулахаар явуулсан байна. Хэвлэх үйлдвэрт өглөөнөөс орой хүртэл ажилладаг байв. Бэнжамин шөнийн цагаар ном уншиж, бичгийн чадвараа дээшлүүлэхийн тулд уйгагүй хичээллэдэг байжээ. Олдсон жаахан мөнгөө ном худалдаж авахад зориулдаг байсан. Түүнд цорын ганц амралт нь уншлагын цаг болдог байв. Гэвч түүнд дургүй ах нь сав л хийвэл зоддог байсан тул 17 настайдаа Филадельфи рүү оргохоор шийдсэн байна. Халаасандаа хэдхэн зоостой гарсан Бэнжамин Филадельфид очоод хэвлэгчийн ажилд оржээ. Тэрээр Дэбора Рийд хэмээх бүсгүйтэй гэрлэсэн байна.

Мөнгө зээлэн хувийн хэвлэх үйлдвэртэй болж сонин гаргаж эхлэв. Түүний сониндоо бичсэн цэцэн үгс бүхий нийтлэл, хурц агуулгатай нийтлэлүүд нь уншигчдыг байлдан дагуулах болжээ. Франклин 27 наснаас эхлэн гадаад хэл үзэж богино хугацаанд Франц, Итали, Латин хэлийг эзэмшсэн байна.

Тэрээр АНУ-ыг үндэслэгч эцгүүдийн нэг юм. Зохиолч, улс төрч, эрдэмтэн, иргэний идэвхитэн, дипломатч буюу улс төр, бизнес шинжлэх ухаан, уран зохиол гэсэн хүний үйл ажиллагааны дөрвөн өөр салбарт хосгүй амжилтанд хүрсэн суут хүн юм. Б.Франклин цахилгаан гэрлийн салбарт хийж байсан суурь судалгаагаараа нэрд гарчээ. Мөн бифокапийн томруулдаг шил зэрэг хэд хэдэн ашигтай шинэ бүтээл гаргасан байна. Уран бүтээлийн үйл ажиллагаагаа сэтгүүл зүйгээс эхэлж удалгүй "Хөөрхий Ричардын цоморлог" нэртэй цуврал гаргаж түүндээ уран цэцэн үгнүүд байнга хэвлүүлж уншигчдын анхаарлыг гойд татаж байв. Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд намтраа бичиж хэвлүүлжээ.

Улс төрийн салбарт захиргааны санаачилгатай ажилтан: Эзэмшил нутагт ерөнхий шууданч байхдаа, шуудангийн үйлчилгээний давуу талыг үйлчлүүлэгчиддээ үнэмшилтэй харуулж чадсан, өргөн мэдлэгтэй нэгэн байжээ.

Хуульч: Пеньсилвани муж улсын хууль тогтоох байгууллагад хэд хэдэн удаа сонгогджээ.

Авьяаслаг дипломатч: АНУ-ын түүхэнд Франц улсад байсан хамгийн цуутай, азтай элчин сайд байв. Америкийн Эрх чөлөөний тунхаглалд хамгийн түрүүнд гарын үсэг зурсан хүмүүсийн нэг. Мөн Үндсэн хуулийн хурлын гишүүн байжээ.

Б.Франклин цогтой ухуулагч, гарамгай зохион байгуулагч хүн байсан. Тухайлбал Филадельфиа хотод анхны эмнэлэгийг санаачлагчдын нэг төдийгүй эзэмшил нутгуудад галын аюулаас хамгаалах анхны багуудыг эмхлэн байгуулахад тусалж муж улсдаа цагдаагийн газар байгуулахад гар бие оролцож байв. Түүнчлэн эзэмшил нутгуудад нийтийн номын сангууд байгуулж, шинжлэх ухааны нийгэмлэг санаачлан сэдэж байжээ. Гэхдээ түүний амьдралын зам шулуун дардан байгаагүй аж. Бизнесдээ алдаа дутагдал гаргаж, сүйрэл, азгүй явдалтай тулгарч байсан ч  амьдралаа бахархам үр дүнтэй өнгөрөөсөн хүний түүхэн дэх сонгодог жишээ ажээ. 84 нас насалсан ч эрүүл саруул бие бялдартай байж аз жаргалтай, атаархам амьдрал, тэмцлийг туулжээ.

1749 оноос бизнесээ орхин шинжлэх ухааны шинэ нээлт, туршилтуудад хүчээ сорих болов.

1753 онд Иел болон Харвардын Их Сургуулиас хүндэт гишүүний цол авсан.

1757 оноос колони улсуудын төлөөлөгчөөр томилогдож Англид ажиллах болсон.

1775 онд Пенсильвани мужаас колони улсуудын хоёрдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдон, 1776 онд "Тусгаар тогтнолын тунхаглалын" эх хувилбарыг зохиох таван хүний бүрэлдэхүүнтэй багт орж, Томас Жэфферсонтой хамт ажиллав.

1778 онд Франц улстай "Холбоотны гэрээ" байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Мөн Англи улстай найрамдлын гэрээ байгуулах ажлыг эхлүүлсэн ба 1783 онд хүчин төгөлдөр болсон байна.

1785 онд Пенсильвани муж улсын гүйцэтгэх зөвлөлийн тэргүүнээр сонгогдож "Үндсэн хууль" батлах ажиллагаанд оролцсон.

1789 онд "Боолчлолыг устгах гэрээнд" оролцов. Бэнжамин Франклин 1790 онд таалал төгссөн бөгөөд түүнийг үдэх ёслолд 20,000 гаруй ард иргэд оролцон салах ёс гүйцэтгэжээ.

Франклины 13 зарчим

 1. Тохирсон хэрэглээ: Хэтрүүлэн идэхгүй байх, согтотлоо уухгүй байх.

 2. Чимээгүй байдал: Өөрт болон бусдад хэрэггүй зүйлийн тухай ярихгүй байх.

 3. Эмх цэгц: Эд зүйлс, юмаа эмх цэгцтэй байлгах, эхэлсэн ажлаа хугацаанд нь дуусгах.

 4. Шийдэмгий зан: Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх.

 5. Арвич хямгач: Өөрт болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх.

6. Үр бүтээлч: Цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх.

7. Үнэнч, найдвартай: Худал хэлж бусдад төвөг учруулахгүй байх.

8. Ёс суртахуун: Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, бусдын эрх ашгийг хохироохгүй байх.

9. Уян хатан байдал: Асуудлын нэг талыг баримтлахаас сэргийлэх. Мөн уур уцаараа тэвчих.

10. Цэвэрч байдал: Орон гэр, хувцас хунарыг цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих.

11. Тогтуун дөлгөөн зан: Аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд асуудалд ч тайван хандах.

12. Ариун нандин байдал: Шунал тачаалд автахгүй байх.

13. Даруу төлөв зан:  Есүс болон Сократаас суралцах.

Д.Цэнд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.