МУСГЗ сэтгүүлч Г.Жамьян - Банкны “банхар”-ууд

Twitter Print
2020 оны 09-р сар 30-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

(Хөлсөө шавхаж олсон хэдэн төгрөгөө, хөнжил гудсан завсараа хадгалдаг цаг үе эргэж ирэх нь ээ?!)

Та нэг киноны үйл явдлыг эргээд саначихаарай. Жамц баян: “Хорин шарыг минь хоёр гуравхан хулгана идчихэж” гээд уулга алдахад, эхнэр нь харамсан уйлж суудгийг та лав үзсэн байх. Ийм инээдэмтэй явдал өнөөдрийн төр засгийн үед давтагдаж ядашгүй болчихлоо. Уул нь Монголчууд бэлэн мөнгөө ийнхүү авдар савныхаа ёроол, хөнжил гудсандаа хурааж хумидаг байлаа. Тэгээд л огтоно хулганад мэрүүлчихдэг, ор сураггүй хаяж үрэгдүүлчихдэг байсан юм. Сүүлийн олон арван жилд үндэсний банк-санхүүгийн систем үүсч хөгжсөнөөр энэ түүх мартагдаж, мөнгөн хөрөнгөө банканд хадгалуулдаг болсон. Хугацаатай, хугацаагүй, харилцах хадгаламж гээд янз бүрийн хүүтэй хэдэн төрлөөр хадгалуулж, банк тэр мөнгийг эргэлдүүлж олз олбор олдог, хадгалуулсан иргэн зохих хэмжээний хүү авч голоо зогоодог байсан юм.

Банкныхан бол баяжсан л даа. Төв банк л гэхэд өчнөөн олон захирал, газар хэлтсийн дарга нартай, тэд нь сард 10-20 сая төгрөгийн цалин урамшуулалтай. Хөрөнгөжье  гэсэн хүн тийшээ л үхэн хатан зүтгэх болсон. “Бааз дагавал унаажина. Банк дагавал баяжина” гэсэн хэлц үг хүртэл гарсан. Тэгсэн хэр нь удирдлагууд нь дандаа хоосон амлаж байдаг. Хүн баяжих тусмаа “хорголоо тоолдог” шиг л юм даа. Хугацаа хэтэрсэн зээл төдөн хувь, найдваргүй зээл төдөн хувь гэж гоншигононо. Тэгээд л нэг мэдэхэд банк дампуурлаа гээд хаалгаа барина. Хадгаламж эзэмшигч мянга мянган хүн хохироод өнгөрдөг гаж тогтолцоо Монголд хорь гучин жил ноёрхолоо.

Би, банк санхүүгийн мэргэжлийн хүн биш учраас нэг зүйлийг сайн ойлгохгүй байгаа. Бидний хадгалуулсан мөнгийг өдөр болгоны гүйлгээнд оруулан эргэлдүүлээд өсгөж үржүүлж байгаа атлаа өнөөх банк нь хоосроод, төлбөрийн чадваргүй болоод, дампуураад байдаг?! Миний бодлоор бол банк дампуурах, эрсдэлтэй ажиллах ямарч үндэслэл байхгүй. Биднийг л хэдэн төгрөгний зээл авъя гэхээр “барьцаа хөрөнгө” нэхчихдэг биз дээ. Банкнаас гарч байгаа мөнгө болгон барьцаа хөрөнгөн дээр суурьлаж эргэж төлөгддөг, хугацаа хэтрэх юмуу төлөгдөхгүй бол барьцаа хөрөнгийг нь дуудлага худалдаагаар оруулаад борлуулчихдаг, сохор зоосны нь ч алдагдал гарах ёсгүй газар гэж би ойлгодог. Энэ бодлоо нэг мэргэжлийн хүнд хэлсэн чинь: “Та юун сайхан юм бодож явдаг юм! Банкныхан чинь хэнд, хэдий хэмжээний зээл өгөхөө дарга захирал болсныхоо маргааш л төлөвлөчихсөн байдаг юм. Ах дүү, төрөл садан, анд найз нартаа бол юун барьцаа хөрөнгө, “май май” гээд хэдэн саяар нь, тэрбумаар нь зээл өгчихдөг. Өөрсдөө ч цалин урамшуулал нэрээр хангалттай авна. Тэгээд л хараад сууж байдаг байхгүй юу. Нэг үгээр хэлбэл томоохон ой, баяр ёслолыг хүлээнэ. “Нутаг амьтай” дарга сайд нар нь “өршөөлийн хууль”, ”зээл тэглэх” шийдвэр гаргаад бүгдийг хувь хүнд завшуулчихаж байгаа юм. Та хараа биздээ? Ноднин жил гэв гэнэтхэн л “ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэнэ” гээд баахан бужигнуулчихсан. Бараг  бүгдээрээ л дарга сайд нар, банкны удирдлагуудын ойр дотны хамаатан садан, мэдээлэлд ойр байдаг хүмүүс нь яаран их хэмжээний зээл аваад тэглүүлчихсэн. Бусад амиа аргалах төдий ядуус нь зээл авч чадалгүй хоосон хоцроо биз дээ?! Энэ төр засгийн удирдлагууд чинь “Банкны банхар”-уудтайгаа эвсээд улсын хөрөнгийг ингэж иддэг байхгүй юу” гэж ярьсансан. Ортой ч болов уу.

1990 оноос хойш мөн ч олон банк дампуурсан даа. Хамгийн сүүлчийнх нь “Капитал” банк. Хадгаламж эзэмшигч хичнээн хүнийг хохироов доо. Гэмгүй  иргэдээ мөн ч сүнсгүй “алж” байгаа юм шүү. Ийм шуналын донтонууд хэзээ ч сайн явдаггүй юм л даа. Одоо дампуурлаа хүлээж байгаа хэдэн банкны сураг гараад л байгаа. Хүмүүс, хадгалуулсан мөнгөө авч чадахгүй эрсдэлтэй байна гэхэд Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын хэдэн хүн “банкуудад ямарч эрсдэл үүсээгүй, хэвийн ажиллаж байгаа” гэж

Энд, нэгэнт Б.Лхагвасүрэн гэж хүний нэр дурдасных жаахан тодруулга хиймээр байна. Монгол банк гэдэг чинь, удирдлага нь УИХ–аас батлагддаг хараат бус байгууллага байх ёстой юм. Аль ч улс оронд ийм ном журамтай, Харин Монголд бол ялсан намын эрх баригчдын уяанд байдаг “Банхар” болсон. Та лав харсан даа. 2016 оны сонгуулиар Ардын нам ялангуутаа М.Энхболд өөрийн баруун гарын хүмүүс Н.Баяртсайханыг Монгол банкны ерөнхийлөгчөөр, С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилуулсан. Энэ хоёр хүн банк-санхүүгийн байгууллагыг муу удирдаж ФАТФ-ын саарал жагсаалтад орууллаа гээд У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр доор нь ажлаас нь халж, мөн л өөрсдийнхөө “халуун хам” Б.Лхагвасүрэнг Монгол банкны ерөнхийлөгчөөр , Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилуулж байгаа юм. Хамгийн инээдтэй юм энд л болж байгааг та лав ажигласан байх. “Үзэшгүй муу ажилласан” гээд хоёр даргыг нь халчихсан хэрнээ “үлгэр жишээ сайн ажилласан” гээд хоёр орлогчийг нь дэвшүүлэн дарга, ерөнхийлөгч болгочихсон. Өнөөх хоёр нь юун саарал жагсаалт байтугай Европын холбооны хар жагсаалтад давхар оруулчихаад гэдсээ илээд л  сууж байгаа. Монголын “алт эрдэнэсийн авдрыг”  хэн хэний захиалгаар хэн хэн хоосолж гуч гаруй тэрбум /30000000000/ ам. долларын өрөнд оруулчихаад байгааг та нар тогтоож авааарай л даа.

Энэ нөхдүүд Чингэсийн “баян” Монгол гэж байсныг гуйлгачин монгол болгоод одоо бүр дэлхийн гуйлгачин болголоо. Монгол банкны удирдлагууд гэж гарынх нь аясаар хөдөлж байдаг “Утсан хүүхэлдэй”-нүүд байдаг болохоор эрх баригчид, ёстой л хоттой хонинд орсон чоно шиг загнах болсон. Ард түмэндээ болохоор “Мөнгө байхгүй. Цар тахалаас болоод эдийн засаг сүйрч байна” гэдэг. Гэтэл дээгүүрээ яаж бялуурч байна?!  Захын жишээ авъя.

Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан УИХ-д нэр дэвшиж сонгогдохоос өмнө өөрийн баг-хотын удирдлагуудад 21 сая /21000000/ төгрөг тараагаад өгчихсөн байгаа. Тэр их мөнгө нь өнөөх л цар тахалын үеэр, найман настнаасаа наян настнаа хүртэл хурааж хумиж хандивласан мөнгө. Бөх зүрх шүү!! Дөрвөн жилд “Аз жаргалтай Улаанбаатар болгоно” гэж амлаад хамгийн “аз жаргалгүй Улаанбаатар” болгосон дарга нарыг ямар гавъяа байгуулсан гэж шагнаж байгаа юм?! Арван таван хүний алтан амиар хотын утааг бага зэрэг буурууллаа гэж шагнаж байгаа юм уу?! Тогтмол усаа хараа хяналтгүй байлгаж дөрвөн хүүхдийн алтан амийг авлаа гэж шагнаж байгаа юмуу?! Олон зуун ядуус амьдралаа залгуулж байсан “Урт цагааныг” нураагаад хотын төвд “хогийн цэг” байгууллаа гэж шагнаж байгаа юмуу? Улаанбаатар хотыг 93000 архинд донтогчидтой болголоо гэж шагнаж байгаа юмуу?! Унаа машиныг хөдлөх замгүй болтол нь түгжрэлд орууллаа гэж шагнаж байгаа юмуу?!  Үүнээс харвал ард түмнээсээ харамласан мөнгө монголын төрд байна аа! Сэтгэл даанч алга.

Би  бодохдоо Улаанбаатарт хамгийн муу ажилтай газар нь мэргэжлийн хяналтын газар гэж боддог. Олон баримт дурдаж чадна. Тэгтэл тэр газрын дарга хүүхнийг  нэг сая төгрөгөөр шагнасан байна билээ. Бас хотын даргад ч нэр нь дуулдаж байгаа. Тэр “хэний хүн” юм? Шагнуулсан 21 хүнийг хэвлэлд зурагтай нь гаргахдаа ганцхан тэр даргын нэр, зургийг хасаад гаргасан байна билээ. Ар талд нь том хүн, том хүч байнаа даа?! Саяхан ардчилсан намын удирдлага, Иргэний нийгмийнхэн хэвлэлийн бага хурал хийж, Хотын дарга асан С.Амарсайхан, одоо орлож байгаа Ж.Батбаясгалан нарыг ард түмнээсээ уучлал гуй гэж шаардаж байх юм. Тэгтэл олон түмэн бол: “Энэ дарга нарын хувааж авсан хорь гаруй сая төгрөг бол ЖДҮ-гээс том “хулгай”. Тиймээс С.Амарсайхан, Ж.Батбаясгалан хоёрыг ажлаас халж эрүүгийн хариуцлага хүлээлгэх, бусад 20 даргыг нь ажлаас халж ёс зүйн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж шаардаад байгаа шүүдээ. Монголын мөнгийг ийм л “бузар гаруудаас” салгаж авмаар байгаа юм. Хэний ч худ ураг бай хамаагүй, ямарч том даргын хамаатан садан бай хамаагүй олон түмэн бол “цээрлүүл” гээд байгаа. Энэ бол Монголын мөнгийг эрх мэдэлтнүүд өөрсдөө хувааж авдагийн ил гарсан өчүүхэн ганц баримт. Ямар аймаар хуйвалдаж иддэг гээ!  Тэгсэн хэрнээ энэ аймшигт цар тахалын үеэр амь хайргүй ажиллаж байгаа жирийн хүмүүсийг ингэж сая саяар нь шагнасан уу? Үгүй. Хэдэн хүний орон сууцны дарааллыг урагшлуулж оруулснаа л сүр бадруулан рекламдаад байгаа. Битгий хуур л даа.

Би бас нэг зүйлийг ойлгохгүй байгаа. Ардын нам засгийн эрхийг авсны дараахан Монгол банкандаа 4-5 тэрбум ам.долларын нөөцтэй боллоо гэж бичээд байсан. Тэгсэн чинь саяхан Монгол банкны валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болж өслөө гэнэ. Энэ нь буурчихсан юм биш үү. Валютын ханшийг хардаа. Монгол төгрөг зүгээр л “цаас” боллоо. Монголын хөрөнгийн, тэр дундаа мөнгөний тал хувь нь гадаадад гарчихжээ гэж би ойлгодог. Оффшор бүсэд бол чихчихсэн байгаа. Тэр их мөнгийг оруулж ирэх талаар ганцхан Авилгатай тэмцэх газар л зүтгээд байгаа нь ажиглагдсан юм. Бусад хууль хяналтын байгууллага, банк-санхүүгийн байгууллага хүчин хавсраад тэмцэж болдоггүй юмуу. Монголын мөнгө хөрөнгөөр тоглосон хүмүүс олонх нь оргоод гарцгаачихлаа. Гадагшаа гаргасан хөрөнгө мөнгөн дээрээ очоод дэлхийн баячууд шиг тарвалзаж сууна.

Тэгтэл энд санхүүгийн байгууллага банк нь ард түмнээсээ татдаг болгоноо нэмэж, танадаг болгоноо танаад сууж байж болмооргүй л юм. Хамгийн сүүлд ард түмнийхээ хадгалуулсан хэдэн харилцах хадгаламж, хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэх гэж байгаа гэнэ. Энд жирийн иргэд, ядуус л хохирно. Эрхэм дээдэс, баячууд бол мөнгөө, валютаа хугацаатай хадгалуулаад бөөн мөнгө унагааж байдаг. Жирийн хүмүүсийн, банкинд хадгалуулаад өдөр хоногтоо хэрэглэж байдаг харилцах хадгаламж, хугацаагүй хадгаламж бол  тэр хүмүүсийн цүнх халаас хоёрт л яваа мөнгө гэсэн үг. Банкинд хугацаагүйгээр эргэлдэж байдаг 3,6 их наяд төгрөг бол жирийн иргэдийн амь зогоодог хөрөнгө. Түүнийг нь хүртэл хүүгүй болгох гэнэ. Хүүгүй хэдэн төгрөг банкинд хэвтэж байх ямар хэрэгтэй юм?!  Бүгд л татаад гудсан завсраа хадгалах болно доо. Банкинд байвал нэг засгийн газар гарч ирээд л  дампууруулж, өнөө хэдийг нь “үнс” болгоно. Иргэд минь, ийм хувь тавилан нүүрлэж ирлээ дээ.

Энэ эрхэм дээдэс, ард түмнээ туйлдуулах ямар мэргэн аргыг олдог гээ. Уул нь олон түмэн бол банкны зээлийн хүүг бууруулъя гэж л  олон жил санал тавьж байгаа юм. Монгол банк нь сөргүүлээд тэгвэл харилцах хадгаламж, “хугацаагүй хадгаламжийг чинь хүүгүй болгоно” гээд хүч түрэмгийлж байгаа нь энэ. Монголын ард түмэн тэнэг биш ч гэсэн аргагүйн эрхээр хадгаламжаа татна. Өнөөх 3,6 их наяд төгрөгөө! Боломжтой нэг нь хугацаатай болгох, эсвэл валют болгож хадгалуулах арга бодох л байх. Гэхдээ тэр хэдэн төгрөгөө байнга хэрэглэж байх, түүгээрээ амь зуудаг айл өрх дийлэнх нь байгаа шүү дээ. 3-5 хувийн хүү гэдэг чинь жирийн иргэдийн амьдралд бол их нэмэр  байхгүй юу.

Би энэ бяцхан өгүүллээ “Банкны банхарууд” гэж нэрлэсэн. Монгол банхар гэж лут ноход байдаг даа. Тэр нохойны онцлог нь юуч идээд ханаж цадна гэж байхгүй, дэл сул юм л байвал хүртчихдэг амьтан. Одоо “банкны банхарууд” бол, ард түмнийхээ халааснаас юухныг нь ч болов танах л  бодолтой. Түүний нэг илрэл нь харилцах хадгаламжийн 3 хувийн хүү, хугацаагүй хадгаламжийн 5 хувийн  хүүг устгаж байгаа гэж хэлж болно. Манай хотны банхарууд бол нэг л өглөө гэдэс нь цэрийгээд “унтчихсан” байдаг юм даа. Ум мани бадми хум!               

ГАЛСАНГИЙН ЖАМЬЯН

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.