Миний худалдаж авсан нөхөр-2

Twitter Print
2019 оны 10-р сар 08-нд 11:31 цагт
Мэдээний зураг,

....Би түүний мөрийг чанга гэгч нь базаж (урт хумс маань цусыг нь гартал хүчтэй базсан байлаа.) түүнийгээ үнссэн. Дараа нь хүзүүг нь... цамцных нь онгорхой заханд нь хүртэл үнссэн... 

Тэр үед бидний бие биендээ хэлсэн ганц л үг нь түүнээс гарсан байлаа... Зөөлхөн шивнээ... "Yүрд ийм байна гэж хэлээч... Иринэ... Yүрд".   

Дараагийнх өдөр тэр ирсэнгүй. Yдэш хүртэл сэтгэлээ чилээн хvлээлээ. Байхгүй. Дараагийн өдөр нь ч бас тэр үзэгдсэнгvй. Харин миний зүгээс жаахан ч болов анхаарал татахыг хүсэн явдаг, өөртөө итгэлтэй нэгэн залуу дараах өдөр нь намайг дуудаж янз бүрийн юмны тухай эцэс төгсгөлгүй мэт ярьж байснаа сүүлд нь “Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюлд учирсан гэнэ лээ. Их л чухал хэцүү юм болсон гэж хүмүүс ярилцацгаах юм билээ” гэж хэллээ.

Маргааш нь би тэр муухай мэдээг бүтнээр нь сонсож билээ. Гэнри бүүр сүйрч дууссан байлаа. Тэр өөрөө юу ч үгүй хоосроод зогсоогvй, маш олон хүнд хувь заяа, асар их мөнгө төлөх учиртай үлдсэн байлаа. Гэхдээ энэ нь түүний буруу биш байжээ… Зүгээр л болчихсон юм байж. Хүн бүр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бүгд л түүнийг буруутгаж байв. Тэр дампууралтай хамт түүний нэр төр, ажил хэрэг, ирээдүй нь ч шалбаагт унасан юм. 

Түүний компани сүйрсэн нь манай хотынхныг хэсэгтээ л баясгаж байв. Зарим нэг нь Гэнриг өрөвдөх боловч, ихэнх нь баяртай байлаа. Хүмүүс Гэнриг хүндэлдэгийнхээ зэрэгцээгээр атаархдаг байж…

Эсвэл тэд түүнийг хүндэлдэг болохоороо ч атаархдаг байсан биз. Би нэг хүн “ Одоо тэрнийг ямар нүүр гаргахыг нь харах юмсан” гэж байхыг сонсож байлаа. Бас өөр нэг нь “Ха ха шившигтэй юм” гэнэ... 

Маш олон хүмүүс намайг ч бас зүгээр байлгасангvй. “Гэнри тэр Иринэ Вилмэрын юунд нь болдог байнаа” гэж Паци Тиллинс гэгч алдартай сээтэн хүүхэн олон хүний санал бодлыг нэг өгүүлбэрээр хэлчихэж байсан юм. Харин одоо Хатагтай Хью манай нийгмийн тэргvvн хүмүүсийн нэг (гэм нь хүнтэй гэрлvvлэх гурван охинтой) надад “Чи цагаа олж зугаацсан нь болсон юм. Угаасаа би тэр залууг нэг л бүтэхгүй амьтан гэж мэдээд байсан юмаа” гэж хэлж байна. Паци нүүрээ будангаа хажуугаас нь “Тэгэхээр хонгор минь дараагийнх нь хэн бэ?” гэх нь дуулдана… 

Эдгээрийн аль нь ч надад ямар ч нөлөө үзүүлэлгүй байж чадсан юм. Би ямар ч гэсэн нөхцөл байдлыг ойлгож, энэ сүйрэл үнэхээр Гэнриг дахиж босч ирэхгүй болгож уу, үгүй юу гэдгийг мэдэхийг л хүсч байсан. Миний хүндэлдэг нэгэн бизнесмен санамсаргүйгээр миний бүх асуултад хариулчихав. “Гэнри уг нь үнэнч шударга сайхан залуу байгаа юм” гэж тэр нэг найздаа ярьж байсныг нь би санамсаргvй сонсчихсон юм.

“Гэхдээ одоо аль болох хурдан өөрийгөө буудах л түүний нэр төрийг аварч чадах биз… ”. Тэгээд л би бүхнийг ойлгов.

Би удаан ч бодсонгvй, мөрөн дээрээ нэг юм авч хаячихаад л тэднийх рүү хамаг хурдаараа гүйж билээ. Түүнийгээ харсан даруйдаа би өөрийн эрхгvй айн чичирсэн. Би түүнийгээ бараг л таньсангүй. Ширээн дээр сууж байгаа чулуун нүүр, хөдөлгөөнгүй нүд түүнийх минь гэхэд итгэмээргүй байлаа. Сандалных нь хажуугаар түүний нэг гар нь амьгүй юм шиг унжиж хурууных нь өндөг нь үл мэдэг чичирнэ. 

Намайг орж ирэхийг ч тэр мэдсэнгvй. Би түүн рүү очоод толгойгоо өвдөгнийх нь завсар хийн сөхрөн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг минь хүчтэй татаж намайг босгоод “Гэртээ харь Иринэ” гэж хүйтэн утгагүй өнгөөр хэллээ. “Тэгээд дахиад хэзээ ч битгий эргэж ирээрэй!” 

“Чи надад хайргүй юм гэж үү? Гэнри” гэж би өөрөө ч мэдэлгvй шивнэв. 

“Одоо бидний хооронд юу ч болохоосоо өнгөрсөн гэдгийг чи ойлгохгүй байна гэж үү? ”гэж хэлэхэд түүний дуунаас нь, зовлон шаналал, уур уцаар ханхалж байсан.

Би ойлгож байлаа. Гэхдээ би ойлгонгуутаа инээмсэглэсэн юм. Энэ бүгд түүний хэлсэн үнэн байх ямар ч учир байхгүй. Мөнгө одоо бидний хайрыг сатааруулах гэж оролдож байна. “Мөнгө надаас Гэнриг булаах гэнээ? Шог юм.” Би чанга гэгчээр инээж эхэллээ… Гэхдээ айдас дүүрэн инээдээр… Хэрвээ чиний бүхэл амьдрал, утга учир, чамд байгаа ганцхан бурханыг чинь зөвхөн мөнгөгvй болсных нь төлөө орхи гэвэл инээд чинь хvрэхгүй гэж үү?

Тэр маань намайг сонсохыг хүсээгүй ч би сонсгож чадсан юм. Хэр зэрэг удаан хэдэн цаг гуйснаа ч би мэдэхгvй байна. Тэр үгүйсгэсээр л байлаа. Тэр заримдаа зөөлхнөөр намайг орхихыг гуйж, заримдаа хvйтэн өнгөөр яв гэж хашгирч байв… Гэсэн ч би түүний нүдэнд нь байсан асар хүчтэй хайр хэвээрээ байсныг олж харсан. Тийм учраас явах тухай бодсон ч үгүй. Би түүний хөлд нь сууж “Гэнри Гэнри… Би чамгүйгээр амьдарч чадахгvй шүү дээ…чадахгүй” гээд уйлж байлаа. Гэхдээ л түүнийг намайг сонстол нь бас л зөндөө удсан… Гэхдээ цөхрөл ямагт залаа олдог юм билээ… Эцсийн эцэст тэр бууж өгсөн юм. Тэр гэнэт намайг тэвэрч нүүрийг минь нулимс үнсэлт 2-оороо будаад “Тэгнээ… Иринэ.. тэгнэ” гэж хэлээд чичирч билээ. Түүний их хайр нь бүгдийг нь дуусашгvй их сэтгэл хөдлөлөөр дүүргэсэн байлаа. 

Манай бяцхан хотынхны гайхшрал Гэнригийн дампууралаар дууссангүй. Тэд бид хоёрын тухай дуулахдаа ёстой нэг дэлбэрэх шиг болж байлаа. Эхлээд түүнд хэн ч итгэсэнгүй. Итгэх ч аргагүй байсан юм чинь… Тэд бүгд намайг галзуу солиотой мэтээр бодож байв… Гэхдээ үнээн. Би хайрандаа галзуурчихсан байсан юм… Хатагтай Хью хүртэл над дээр гүйж ирээд “Чи чинь галзуураа юу? Чи түүнтэй гэрлэж болохгүй, Иринэ… Энэ чинь тэнэг хэрэг… тэнэг…” гэж үнэн сэтгэлээсээ хэлж байсан. Тэр бүүр хэлэх үгээ ч олохгүй байв. Түүний найз, өөрийгөө нэг их илэрхийлээд байдаггүй Ноён Броган хүртэл “Наадах чинь солиорчихож” гэж хэлж байсан юм даг. 

Ноён Дэвис манай эцэг эх 2-ын хуучин анд надтай ярихаар ирлээ. Тэр намайг энэ шийдвэрээ дахин бодож үзэхийг хүсэв. Би өөрийнхөө ирээдүйг нөхрийнхөө өрийг төлөхдөө зарцуулах юм бол юу ч үгүй үлдэж хамраараа газар хатгана гэнэ ха ха ха. Би үүнийг сонсоод инээхээс өөр юу ч хэлсэнгvй. Би дэндүү их жаргалтай байлаа. 

Хамгийн холын хараатай үгийг Ноён Барнэс хэлсэн юм. Тэр над руу бодлогоширсон нүдээр удаан ширтэж амьдралыг таньж мэдсэнийх нь ул мөр болж үлдсэн уйтгартай зөөлөн инээмсэглэлэээр мишээж "Чамайг дандаа ийм их баяртай байхгүй л болов уу гэж би айж байна, Иринэ... Ийм их хүсэл мөрөөдөл, дэврүүн тэмүүлэл сайн юм авчирдаггүй юм шүү!" гэж хэлсэн юм. Дараагаар нь тэр Гэнри руу эргэж "Стаффорд! чи өөрийнхөө алхах гишгэхийг мэдэж л яваарай даа..." гэж хүйтэн өнгөөр хэллээ. "Надад тэгж хэлэх тань илүүц биз дээ!" гэж Стаффорд түүнээс дутахгүй хүйтэн өнгөөр хариулсан юм. 

Ингээд бид гэрлэлээ. Зарим хүмүүс төгс аз жаргал хэзээ ч байдаггүй гэж хэлэх нь бий. Гэхдээ би тэр төгс аз жаргалыг амссан юм. Миний мэдэрч байсан тэр мэдрэмжийг аз жаргал гэхэд ч багадна... Би Гэнригийн эхнэр нь боллоо... Би одоо Иринэ Вилмэр биш Иринэ Стаффорд. Би гэрлэчихээд яг яаж байснаа санадаггүй юм. Ер нь юу ч санадаггүй юм. Хэрвээ хэн нэг нь ирээд надаас гэрлэчихээд яаж байсан, ямар байсныг маань асуувал би ганцхан л үг хэлж чадна.

"Гэнри".

Тэр үргэлж тэнд байсан, надад өөр юу хэрэгтэй байх билээ дээ. Би өөртөө байсан бүхнийгээ зарж түүний өрийг дарж нэг ёсондоо түүнийг аварлаа. Бид одоо зөвхөн хоёр биенийхээ төлөө амьдрах л үлдлээ. Өөр хэн ч биднийг ядраахгvй, зөвхөн бид хоёр... хоёр хүн хамтдаа туулж болох хамгийн агуу амьдрал. Гэхдээ нэг их удалгүй ирээдүйнхээ тухай бодохоос өөр аргагүй болсон юм. Бид нэгэнт надад байсан хамаг мөнгийг үрж, миний байшин сав, үнэт эдлэлийг бүгдийг нь зарчихсан байсан учраас, өөр орлогын эх үүсвэр олох шаардлагатай болов. Гэнри их сургуулиа инженер мэргэжлээр төгссөн учраас энэ чиглэлээрээ ажиллах болов. Хэдий нэг их сүртэй ажил биш байсан ч урьд нь мэргэжлээрээ ажиллаж байгаагүй түүнд дажгүй л эхлэл байлаа. 

Манайх гэдэг айл нэгэн бяцхан сууцанд амь зогоох болов. Тэгээд л амьдрал эхэлсэн дээ. Түүнийг зохих ёсоор амьдруулах гэж би өөртөө байдаг хамаг хүчээ шавхаж байв. Гэнри маань заримдаа эрч хүчээ хуваарилж чаддагүй учир, би түүний ажилд нь ч хүртэл туслаж байв. Маш чухал ажлынхаа тэг дунд нь явж байсан мөртлөө буйдан дээр хэвтэж сонирхолтой ном уншин тамхи баагиулж хэвтэх нь түүний хувьд байнга тохиолддог байв. Гэсэн ч би түүний ажлыг нь хийлгэх аргуудыг үргэлж олж чаддаг байсан бөгөөд тэр маань улам л илүү амжилттай ажилласаар байлаа.

Би түүний энгийн нэгэн найз нь юм уу зарц нь болж хувирахгүйг хичээж байв. Би түүний эхнэр нь бас амраг нь байж чадсан гэж итгэдэг. Би өөртөө тодорхой бус жихүүн байдлыг бий болгоcoн нь намайг түүнээс үл мэдэг холдуулж, түүний сонирхолыг нь улам хөдөлгөж чаддаг байсан. Гэрийн бүх ажлыг чухам хэзээдээ хийгээд байгааг минь тэр хэзээ ч анзаарч байгаагүй. Би түүний хувьд баталгаат бараа биш гэрийнхээ хатан хаан, нэгэн нууцлаг оршин тогтногч болж чадаж байлаа. Бид 2 гэрийн амьдралыг хэзээ ч анзаарч байгаагүй гэж би итгэл дүүрэн хэлнэ. Бид асар хүчтэй сэтгэлээр жигүүрлэсэн амрагууд байлаа... Тэгээд л болоо... 

Би түүний амьдралыг нь романс болгож чадсан. Би амьдралын өдөр хором бүрийг өөр өөр, сэтгэл хөдлөм болгож чадсан. Гэр маань амарч, идэж унтдаг газар бус, тэр маань тэмцэж, хожиж, эзлэн авах тоглоомыг тоглодог сэтгэл хөдөлгөсөн ордон байлаа. 

"Чам шиг бүсгүйг бүтээх гэж хэн бодож олдог байна аа, Иринэ" гэж тэр маань заримдаа хэлдэг байв. "Миний амьдарч байгаа нь зөвхөн чиний хүчээр юм шүү дээ" гэж хэлээд миний мөр хүзүүг маань гал халуун үнсэлтээр төөнөдөг байлаа. Би юу ч хэлсэнгүй. Би ер нь түүнд хэзээ ч сэтгэлээ бүхлээр нь үзүүлж байгаагүй юм. Эр хүн өөрийгөө бүсгүй хүний бүх амьдрал гэдгийг мэдээд хэрэггүй байдаг юм. Гэхдээ л Гэнри үүнийг мэдэрдэг байсныг нь би мэднэ. 

Хэсэг хугацаа өнгөрсний дараа биднийг үл ойшоосон өнгөөр угтсан хотынхон маань арай эелдэгээр хандаж эхлэв. Гэхдээ тэмцэл, хөдөлмөр, ганцаардалаас өөр зүйлгvй байсан эхний хэдэн жилүүдэд би ганцаараа л Гэнриг хөтөлж явсан юм. Тэр жилүүдэд түүнд надаас өөр хэн ч, юу ч  хэрээгvй байсан гэдгийг би ам бардам хэлнэ.

Манай гэрээр байнга ирдэг зочдын нэг нь миний сайн анд ноён Барнс бөгөөд тэр бидний амьдралыг анхааралтай ажиглаж, бидний үл бүтэх аз жаргалыг гайхдаг байв. Нэг удаа тэр "Иринэ, хэрвээ тэр чамд хайртай байхаа больчихвол яах вэ?" гэж асуусан юм. Би хамаг хүчээ гарган байж "Дахиж наад тухайгаа битгий дурс, зарим юмнуудыг ярих ч хэрэггүй дэндүү муухай байдаг юм" гэж хэлж билээ. Цаг хугацаа урссаар... гэвч бидний хайр хол хөндий болохын оронд улам бүр агуу болсоор байлаа. Бид одоо 2 биенийхээ харц, хөдөлгөөн, үйл хөдлөл бүхнийг уншиж чаддаг болсон байв. Түүний ажлын өрөөний камин зуухны өмнө бид 2 үдшийг өнгөрөөх дуртайсан. Би дэрэн дээр сууж, хивсэн дээр хэвтэж байгаа түүний толгойг өвдөг дээрээ тавиад дүрэлзэх галын илчинд удаан гэгч нь үнсэлцдэгсэн. "2 хүн яаж ингэж нэг нэгтээ тохирдог байнаа гэж би хааяа боддог юмаа, Иринэ" гэж тэр заримдаа хэлнэ. 

Бид ингэж 4 жил амьдарсан юм. Бүтэн 4 жил төгс аз жаргал, ухаангүй дурлал. Тийм их аз жаргал хvн болгоны амьдралд тохиолддог ч юм уу мэдэхгүй. Тэгээд бодоход одоо би өөрийгөө зовж байна гэж хэлэх эрхтэй эсэхээ бас сайн мэддэггүй юмаа. Би амьдралд асар өндөр үнэ төлсөн нь үнэн ч, амьдрал надад бас агуу их аз жаргалыг бэлэглэж байсныг би мартдаггүй ээ! Миний туулж өнгөрсөн зовлон жаргал 2 ер нь л яг тэнцэх байх.... 

Бид 2 нийгмийн амьдралд дахин орж эхэллээ. Хүмүүс бид 2-ын жигтэй дурлалыг үзээд магадгүй урьдынхаасаа илүүтэйгээр хүндэлж харьцдаг байсан байх. Гэнриг хүн болгон л хүндэлж байдаг, хаа сайгvй урьж залдаг болов. Түүний ажлын амжилт ч ахиж, ямартай ч хамгийн сайн инженерүүдийн тоонд зүй ёсоор багтдаг болсон байлаа. Түүн шиг хөгжилтэй сонирхолтой хүнийг зөвхөн мөнгө төгрөггүйгээс нь болоод нийгэм түлхдэггvй юм билээ.

Ийнхүү өдөр хоног аз жаргалтай өнгөрч байтал тэр явдал болсон юм... Энэ бүхнийг би амьдарч туулсан юм чинь бичиж чадах зориг надаас гарнаа... 

Манай хотод нэгэн шинэ бүсгүй үзэгдэх болов. Түүний нэр нь Клэйр Ван Дален. Тэр нөхрөөсөө салсан Нью-Йоркод амьдардаг нэгэн байсан бөгөөд Европоос буцаж явахдаа манай хотод байдаг холын хамаатныдаа зочлохоор ирсэн байлаа. Би хамгийн анх удаа түүнийг бүжгийн үдэшлэг дээр харж билээ. Тэр яг эртний уран баримал шиг уран гоо биетэй, алтан шаргал арьс гал улаан уруултай бүсгүй байв. Хав хар үсээ голоор нь хувааж шулуухнаар самнасан бас урт ээмгийг эвтэйхэн нь аргагүй зүүсэн байлаа. Түүний уян намуухан хөдөлгөөн нь биеийг нь ясгүй мэт харагдуулж, гар нь яг л урт тууз шиг намбалзан харагдаж байв. Тэр маш энгийн хувцасласан боловч тэр л энгийн байдал нь мянган ногооноор ч үнэлэмгүй өвөрмөц байлаа...

Тэр үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй байсан юм. Манай хотынхон нөгөө бүсгүйн хөлд гайхал бахархалаа харамгүй шидэлцгээж байв. Аргагүй дээ, бид үнэхээр түүн шиг бүсгүйг урьд хожид харж байсангүй. Тэр бүх хүмүүстэй эелдэг даруухнаар харьцаж байсан ч нүүрэн дээрх хуурамч инээмсэглэл нь бусдын хайр хүндлэлд хэдийнээ дасч бүүр залхах болсныг нь бэлхэнээ харуулна. 

Гэнри түүн рүү харав... удаан гэгч нь тогтууханаар... Урьд нь түүнээс гарч байгаагүй тийм их бишрэл Клэйрийн хөдөлгөөн бүрийг ажиглах түүний харцнаас нь тодхон байсан юм... Тэр 2 хэдэн удаа бүжиглэв. 

Yдэшлэг төгсөхөд нилээд олон залуус түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр яаран сандралдан түүн рүү очив. "За байз би сонгоно оо" гэж Клэйр сэтгэл булаам инээмсэглэн хэлэхэд түүний шинэ фенүүдийн нэг нь "Байгаа бүх хүнээс сонго" гэж хашхирав. 

"Байгаа бүх хүнээс ээ?" гэж тэр давтан хэлээд жаахан бодолхийлснээ: 

"Тэгвэл би Ноён Стаффордыг сонголоо" гэв. Хэдийгээр Гэнри түүнийг хүргэж өгье гэж хэлээгүй боловч тэр бяцхан гайхав. Гэхдээ ямар үгүй гэлтэй биш... Ноён Барнс намайг гэрт хүргэж ирэв. 

Би Гэнриг буцаж ирэхэд нь Клэйрийн тухай юу бодож байгааг нь асуулаа. Тэр товч бөгөөд тодорхойгоор "Харин тийм. Сонирхолтой л юм" гэж хариулав. Би түүнийг энэ хариултнаас хамаагүй илүүгээр сэтгэл нь хөдөлсөн байсныг харсан боловч нэг их юм бодсонгүй. 

Дараагийн удаа бид үдэшлэгт уригдахад, Гэнри явах ямарч хүсэлгvй байлаа. Тэр ядарчихсан бас нилээд ажилтай байсан юм. 

"Ээ, Гэнри явъя л даа. Биднийг хүлээж байгаа шүү дээ. Тэгээд ч тэнд олон хүмүүс байна Харвингсийнхан, Хатагтай Хью, хатагтай Брүүкс, Клэйр, Ноён Барнс гээд л" гэж намайг хэлэхэд тэр гэнэт бодлоо өөрчилж  "Ерөөсөө явъя" гэв. 

Тэр орой Клэйр Гэнри 2 хэнээс ч илүүтэйгээр бүжиглэв. Клэйр нуруу нь ил гарсан даашинз өмссөн байсан бөгөөд би Гэнригийн гар түүний торгон зөөлөн арьсанд үе үе хүрээд байгааг ажиглаж байв. Гэнригийн нүд рүү ямар ч саадгүй ширтэх тэр хар сормууст нүд намайг гайхшруулж билээ. Ширээн дээр хүртэл тэр 2-ыг нэг нэгэнд нь ойрхон суулгажээ. Yдэшлэгийг зохион байгуулагчид Клэйрийг баярлуулахийг хүссэн нь тэр байлаа. 

Үүний дараагаар Гэнри Клэйрийн очсон нэг ч үдэшлэгийг алгассангүй. Тэр түүнийг машинаар дагуулан явж, түүний амьдардаг хамаатных руу нь хүртэл утасддаг байв. Хичнээн ажилтай байсан ч хамаагүй тэр Клэйрийн театрт очих орой бүр тэнд очиж амждаг байлаа. Түүний нүдэнд нь догдлолоор дүүрсэн сонин харц байхыг би анзаарсан юм. Харин тэр гэртээ байхдаа ухаан зулаггүй ажиллаж, хаашаа ч юм яараад байдаг байв. 

Би бүгдийг алган дээрээ тавьсан юм шиг харж байв. Тэгээд үхтлээ гайхсанаас биш янз бүрийн сэжиг төрж байсангүй. Yнэндээ тэр бодол миний толгойд яагаад ч орж ирэхгүй байлаа. Тэгээд л болоо. Тэгснээ Гэнри гэнэт л Клэйрээс хамаг холбоогоо таслав. Тэр гадагш гарахыг ч хүсэхээ байж, бүх урилгануудыг үгүйсгэдэг байв. Тэр гэртээ бүрзийн суух болов...

Харин тэр бүрзгэр харанхуйн цаана юу байснийг би харж байлаа. Айдас.

Тэгэхэд л би бүгдийг ойлгосон юм. Түүний өөрийгөө татаж авах гэж оролдож байгаа нь надад үнэндээ ямар ч хамаагүй байлаа. Харин түүний барьц алдаж байгаа байдал нь... Тэр байдал л надад бүгдийг ойлгуулсан юм. Гэхдээ мэдээж тэр дор нь биш л дээ. Иймэрхүү юмс хэзээ ч нэг дор болдоггүй... Хамгийн анх удаа надад сэжиг төрөхөд цус минь царцах шиг болж дотор муухай оргиж байлаа.

Дараа нь эргэлзэл... Энэ эргэлзэлийг үгүй болгох гэж хичээсэн нь намайг улам л ихээр зовоосноос нэмэр болсонгүй. Yүний дараагаар түүнийг анхааралтай ажиглаж эхэлсэн. Тэгээд л... Тэгээд л... Явдал учрыг яруу тодоор ойлгосон доо. Гэнри Клэйрт хайртай болсон байлаа... 

Тиймээ, би өөрийнхөө хувь заяагүй 2 гараараа энэ өгүүлбэрийг бичиж байна. Хүний амьдралд ярихад ч хэцүү тийм зүйлс тийм үе гардаг юм билээ. Yүнийг би тэр үед л ойлгосон юм. Тэгэхэд би толгойдоо хамгийн анх удаа буурал үс олж харсан... Дараа нь галзуурал. Би үнэндээ үүнд итгэж чадахгүй байлаа. Би энэ явдалыг болоод байсныг харж байсан ч гэсэн энэ бүгд миний толгой тархинд шингэж орж чадахгүй байлаа. Намайг эргэн тойрсон, над дотор байгаа тэр бүхэн эцэс төгсгөлгүйгээр, хэзээ дуусах нь мэдэгдэхгүйгээр унаж эхлэхийг мэдрэх ямар аймшигтай хэцүү байсан гээч... Би эхэндээ асар тайван байлаа... Аймшигтай тайван. Гэхдээ тэссэнгүй би уйлж эхэллээ. Зарим шөнө аргаа барахдаа би гарнаасаа цус гартал нь хазчихаж байж билээ... Энэ бүх тамын эцэст би тэмцэхээр шийдсээн...

Миний толгой дахь амьдралын дүр зураг тэр чигээрээ солигдож, хүйтэн харанхуй айдас намайг бүрхэн авав. Гэхдээ би хамаг болоод эцсийн хүчээ шавхан бослоо... би "Хүн авааль нөхрөө ингэж амархан явуулчихаж болохгүй" гэж өөртөө хэлсэн. Тэр нэгэн цагт минийх байсан юм чинь дахиад минийх болохыг хэн байг гэхэв. Би түүний сэтгэл зүрхэнд нь яг юу болоод байгааг тодорхой харж байлаа. Эхлээд тэр Клэйртэй жаахан сээтэгнэсэн. Мэдээж тэр үед түүний хувьд ямар нэг ноцтой юм бодогдоогүй. Шинэ хүн түүнд сонирхолтой санагдалгүй яахав. Тэр хайр дурлалын тухай зүүдлээ ч үгүй байтал тэр нь аргагүй хүрээд ирсэн. Yүнийг мэдсэн даруйдаа тэр энэ бүгдийг эцэслэхээр шийджээ. 

Ингээд бид 2-уулаа тэмцэж эхлэв. Би түүний төлөө, тэр өөрийнхөө эсрэг. Бид 2-уулаа удаан гэгч нь тэмцсэн ч бид чадсангүй ээ! Тэмцэж байсан тэр үедээ тэр хэзээ ч надтай хүйтэн хөндий харьцаж намайг гомдоож байгаагүй. Тэр надтай үргэлж зөөлөн намуухан харьцаж байв. Би ч баяр баясгалантай байсан бөгөөд урьд урьдийнхаасаа улам илүү сайхан сэтгэл татам байх гэж оролдож байсан. Гэхдээ би түүнийг нэг ч хором буцааж, сэтгэлийг нь татаж чадаагүй юм даа. Бүх юм дууссан байлаа. 

"Гэнри, 2-уулаа энэ үдэшлэг рүү явна аа!" гэж би нэг удаа их л шийдэмгий түүнд хэллээ. Бид 2 сүүлийн үед болсон бүх үдэшлэгний урилгануудыг буцааж байсан юм. Ингээд бид 2 тэр үдэшлэг рүү явлаа. Тэр Клэйрийг тэнд харав. Би ч түүнийг болгоомжтойгоор ажиглав... Yдэшлэгний төгсгөлд бид 2 2-уулаа мэдэхийг хүсч байсан юмаа мэдэж авав. Одоо хичнээн ч тэмцээд нэмэргүй болжээ. 

Би тэр шөнө унтсангүй. Би хичнээн хичээсэн ч хоолойг минь ямар нэг юм боочихоод болохгүй байлаа. "Бид 2-ын хэн нэг нь энэ тамыг насан туршдаа эдлэх хэрэгтэй болжээ... Харин би юу? Гэнри юү?"... "Тэр зовох ёстой хүн нь би байх болно оо... Гэнри л лав биш... Нэг л өдөр тэр надад хамаг юмаа хэлнэ. Тэгээд л би салчихъя. Хэрвээ тэр намайг явуулахгүй гэвэл би тэрэнд урьдынх шигээ их хайртай биш болсон гээд хэлнэ. Харин надад энэ бүгдийг хийх чадал хүч байгаа болов уу?"... Ямар ч гэсэн тэр надтай аз жаргалтай байхаасаа өнгөрчээ... 

Ингээд нэг орой түүнтэй цуг галын хажууд сууж байгаад би өөрийгөө хүчлэн байж "Гэнри, хэрвээ би чамайг хайрлахаа больсон гэвэл чи яах вэ?" гэж асуув. Тэр миний нүд рүү намуухнаар харснаа "Би итгэхгүй ээ!" гэсэн... 

Цаг хугацаа явсаар байсан ч тэр надад үнэний тухай нэг ч үг цухуйлгахгүй байв. Би түүнийг ойлгохгүй байв. Тэр магадгүй намайг өрөвдөж байсан биз, гэхдээ л эрт орой хэзээ нэгэн цагт надад хэлэх л ёстой доо. Тэр маань намуухан чимээгүй хэвээрээ байсан ч би түүний арчаагаа алдаж цөхөрсөн нүд, цонхийж цайсан царайг харахдаа дотор минь муухай болдог байлаа. Ийм их сэтгэл хөдлөл эр хүнд ирэхээрээ хамаг ухаан санааг нь аваад явчихдаг юм. Би түүнийг буруутгахгүй ээ! Тэр дотроо хичнээн их зовж байсан ч ганц ч үг дуугарсангүй. Зүрх зүссэн тэр өдрүүд намайг бас шууд зүгээр орхисонгүй. Тэр юу вэ гэхээр Гералд Греи Англи язгууртан залуу байлаа. 30 эргэм насны, дэгжин, сайхан хувцасладаг, ихэмсэг, эелдэг, сээтэгнэхээс өөр мэргэжил байхгүй тэр залуу манай хотод зочилж ирсэн байлаа. Манай хотын олон бүсгүйчүүд түүнд дурласан байсан юмдаг. Харин тэр яагаад надад тэгж их татагдаад байсныг нь би мэдэхгүй ч тэр дургүйцлийг минь үл ойшоон над руу залгаж ярилцах гэж оролдсоор байлаа. Өглөө сэрэх бүртээ одоо л Гэнригийн үгийг дуулах болов уу гэж горьдсоор босч ирдэг байсан тэр өдрүүдэд надад тэр залуу бас л нэг ачаа болж байлаа.

Би Гэнриг тэр тухайгаа ярих болов уу гэж удаан хүлээсэн. Гэвч тэр юу ч хэлсэнгүй. Клэйр Гэнритэй уулзах бүх нүх сүвийг хайж эрэлхийлж байсан боловч тэр Клэйртэй уулзаж болох бүх л боломжуудаас зайлсхийж байлаа. Манайх гэдэг айл үдэшлэгний урилганд дарагддаг байсан. Эцэст нь Клэйр өөрийн гараар тусгай урилга Гэнри руу явуулсан байсан боловч Гэнри зөвшөөрөөгүй. Ингэж байтал нэгэн өдөр би бүхнийг ойлгосон юм. Тэр л өдөр би өөрийнхөө хувь заяаг шийдсэн... 

Би нэг үдэшлэг руу ганцаараа явлаа. Мэдээжийн хэрэг Гэнри ажиллах ёстой гэж шалтаглан, муухай царайлаад гэртээ үлдсэн. Харин би үдэшлэгийг зохион байгуулж байсан дотно хүмүүсээ гомдоохгүйн тулд явахаар шийдсэн юм. Гэхдээ тэр үдэшлэг надад ёстой там шиг санагдаж байлаа. Явахад тохиромжтой цагийг хүлээн суух гэдэг тэвчээрийг минь шалгасан хэрэг байв. Гэхдээ тэр үдэшлэг рүү явсандаа би хэзээ ч харамсдаггүй... 

Би өрөөг голуур нь хуваасан гоёмсог хөшигний хажуугаар өнгөрөхдөө Хатагтай Хью, Хатагтай Броган 2-ыг ярьж байхыг санамсаргүй сонсчихов. Тэд Гэнри, Клэйр, бас миний тухай ярьж байлаа. 

Иринэ түүний төлөө тийм ихийг төлсөн юм чинь яахав дээ. Гэнри одоо түүнийг орхиж явж болохгүй шүү дээ гэж хатагтай Хью хэлж байна. 

Би ч гэсэн тэгж бодож байна. Иринэ чинь үндсэндээ авааль нөхрөө худалдаж авсан юм шүү дээ. Гэнри одоо үхэх гэж байсан ч түүнийгээ үзүүлэх эрх түүнд байхгvй шдээ гэж хатагтай Броган хатагтай Хью-г дэмжих нь тэр... Би барьж байсан алчуураараа амаа таглав... Би одоо л учрыг ойлголоо... Би ганцаараа гэр лүүгээ алхав... Би нөхрөө худалдаж авсан... Авааль нөхрөө эд бараа шигээр худалдаж авчээ, би. Yүнд л хамаг учир нь байж. Тэр одоо намайг орхиж явж ч чадахгүй.. надад энэ тухай хэзээ ч ам нээхгүй... Тэр зовлонгоо өөртөө л хадгалах болно... Тэр надтай жаргалтай байхаасаа нэгэнт өнгөрсөн ч гэсэн насан туршдаа юу ч болоогүй юм шиг явах болно... Миний мөнгөнөөс болж... Хэрвээ тэр ярихгvй юм бол би ярих учиртай... 
 

Хэрвээ тэр мөнгө миний амьдралд байхгүй байсан бол би үүнийг хийхгүй байсан биз. Магадгvй би үргэлжлүүлэн тэмцэж Гэнригээ буцааж авах байсан байх. Гэхдээ одоо бүгдийг мэдсэн хойно би чадахгүй ээ! Надад тэгэх зүрх байсангүй. Тэр хэзээ нэгэн цаг наддаа сэтгэлээрээ буцаж ирсэн ч гэсэн би түүнийг надад хайртайдаа буцсан уу эсвэл миний өөрийнх нь төлөө золиосолсон бүхэнд талархан буцсан уу гэдгийг яаж мэдэх билээ дээ... Тэр миний мөнгөний золиос нь болж байгаа эсэхийг би хэзээ ч мэдэхгүй болжээ... 

Би түүнийг сайн дураараа чөлөөлөх ёстой... яагаад гэвэл тэр надад дэндүү их өртэй учраас... Би түүний төлөө хэтэрхий ихийг золиослох чадалтай байсан учраас би нөхрийгөө хадгалж явах эрхгүй болсон байлаа. 

Би ямар ч гэсэн хөдлөх хэрэгтэй. Яах вэ? Салъя гэх үү? Тэр мэдээж хvлээж авахгүй... Түүнд хайргүй гэж хэлэх үү? Бүүр үнэмшихгүй... 

Малгайгаа толгой дээрээ байлгаж тэсэхээ болиод авахад бяцхан бороон дуслууд духан дээр минь үнсэж, зөөлөн салхи үсийг минь илбэж байлаа... Би шийдэв... Ямар ч гэсэн зүрхэн дээрээс нэг юмыг аваад хаячих шиг болов. 

Байшиндаа дөхөж очоод харвал Гэнригийн ажлын өрөөний гэрэл асаалттай харагдав. Би түүнд садаа болохгүйн тулд чимээгүйхэн гэртээ орж, түүний өрөөний  хажуугаар өнгөрөхдөө зүрхийг минь зүссэн тэр нэгэн дууг сонсов... Чихэндээ итгээгүй би гэдэг хүн өрөөнийх нь хаалгаар харлаа... Гэнри ширээн дээрээ сууж толгойгоо базлан уйлж байлаа. Над руу харсан байсан нуруу нь гүн харууслаар дүүрэн нулимсыг нь гүйцээж чичрэн байв. Би хаалганаас ухасхийн холдохдоо ухаан санаагаа алдчихсан мэт болсон байлаа. .. Гэнри уйлжээ... 

"... Гэнри одоо үхэх гэж байсан ч түүнийгээ үзүүлэх эрх одоо түүнд байхгүй шдээ..." 
 

Би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэдэж байлаа. Тэр намайг өөрт нь хайргүй болсонд үнэмшихгүй тэхээр би түүнд ямар нэгэн аргаар үнэмшүүлэх л хэрэгтэй. 

Би өрөө рүүгээ айдас хүйдэс, цөхрөл гунигаа дааж ядан орлоо. Өглөө нь харин сэрэхэд сэтгэл нэг л тайван... Тэр шөнө юуны тухай бодож хоносноо би энэ хорвоо дээр нэг ч амьд хүнд ярихгүй. 

"Иринэ, Юу болоо вэ?" гэж Гэнри өглөө нүд рүү минь харангаа асуув. 

"Юу ч болоогүй ээ!" гэж би хариуллаа. "Онцгvй зүүд зүүдлээд... гэхдээ одоо дуусчихсан учраас санаа зоволтгүй" гэж би хэллээ.

Миний тэр үед бодож чадах ганцхан зүйл гэвэл би Гэнрид өөрийнхөө худал хуурмаг гэдгийг үзүүлэх боломж олох тухай л байв. Түүнийг ямар ч эргэлзээгүй болгох хэрэгтэй... Тэр боломж яг тэр өдөр хүрч ирсэн юм... 

Гадуур явж байгаад гэртээ буцаж ирэхдээ, Гэнригийн ажлын өрөөнөөс Клэйрийн дууг сонсов. Би гайхсангүй. Би хаалганд дөхөж очин түлхүүрний нүхээр нь тэднийг харж юу ярихыг нь тайвнаар сонсов. Сайхан шаргал хослол дээр тод ногоон алчуур тавьсан Клэйрийг би харсан. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. 

Гэнри "Дахиад нэг удаа хэлье. Хатагтай Клэйр та манай гэрээс гарна уу! Би таныг харах ямар ч хүсэл алга. Та ойлгохгүй байна гэж үү?" гэх нь дуулдана. 

"Yгүй би ойлгохгүй байна" гэж Клэйр чангаар хэлэв. Тэгснээ Гэнри рүү хөөрхөн нүдээ жижигхэн болгон хараад "Чи муу хулчгар новш" гэж удаанаар хэллээ.

Гэнри Клэйрийг ширтэн хэсэг зогссоноо түүн рүү нэг алхам ойртов. Түүний цайж цонхийсон нүүрнээс нь ялгаран харагдах уруул нь хаалганы нүхээр харж буй надад хүртэл харагдахаар чичирч байлаа. 

"Яв даа!" гэж тэр хачин хахирган дуугаар шивнэв. Тэгэхэд нь Клэйр нүдээ том болгон бүрэн нээхэд, түүний өөрөөсөө хүртэл нуух гэж ядсан хүслэн, омог бас асар эмзэг сэтгэл нь харагдаж байлаа. 

"Гэнри..." гэж хэлэхэд түүний хоолой нь яагаад ч юм бие шигээ үзэсгэлэнтэй сонсогдоно. 

"Хатагтай Клэйр..." гэж Гэнри арай ядан хэлээд хойш ухрав. 

Клэйр түүн рүү дөхөнгөө "Гэнри... Чи ингэж 2 биенээ зовоох ямар хэрэг байгаа юм бэ?... Би чамд хайртай... Чамтай л байхыг хүсч байна" гэж хэлж байна. Гэнри үг ч дуугарах сөхөөгүй байхыг харсан Клэйр дуугаа өндөрсгөн муухан инээмсэглэж "Чи надад хайртай гэдгийг бид 2 2-уулаа сайнаас сайн мэдэж байгаа шүү дээ. Чи арай үгүй гэхгүй биз дээ?" гэж хэлэв. 

Гэнригийн нүдэнд зовлон тарчлал илээс ил харагдаж байхыг нь би удаан харж тэсэмгvй байлаа. Тэр ч үүнийгээ мэдээд нүдээ гараараа таглав. 

"Чи энд яах гэж ирсэн юм бэ???" 

"Яагаад гэвэл би чамд хайртай... чамтай хамт байхыг юунаас ч илүү хүсч байна." гэж Клэйр хэлээд Гэнригийн мөрөн дээр нь гараа тавьж "Надад чи хайртай биз дээ" гэж шивнэн асуув. "Тиймээ... тийм... тиймээ!" гэж Гэнри чангаар хэлээд Клэйрийг галзуурсан мэт татан ойртуулж уруул дээр нь озон озон үнслээ. Би гайхсангүй. Надад бүх юм урьд нь болж байсан юм шиг л санагдав. Харин Гэнрийг өөр бүсгүй үнсэхийг харах... хэцvv байсан учраас би нүдээ аньсан... Тэгээд л болоо... 

"Ингэж хэлэхийг чинь ямар их хүлээв ээ, би!" гэж Клэйр эцэст нь хэлээд Гэнрийг чангаар тэврэв. Магадгүй хүсч байснаасаа ч чангаар тэвэрсэн байх. Гэтэл Гэнри гэнэт Клэйрийг шийдэмгийгээр түлхээд... 

"Чи бид хоёр дахиж уулзаж болохгүй..." гэж хатуухан өнгөөр хэлэв. 

"Yгүй дээ... хонгор минь чи бид 2 өнөө орой уулзана...Орой 9 цагт би чамайг Холтост хүлээж байя." 

"Би ирэхгүй ээ!" 

Үргэлжлэл бий...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (102.89.2.45) 2022-03-23 02:08
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Lisa

      (105.112.106.6) 2020-08-05 18:42
      • 0
      • 0

      I want to thank the white doctor for helping me pass a spell that return my husband under 48 hour's contact his email he will help you out of any kind of problem wightmagicmaster@gmail.com

      Хариулах

    • brenda greg

      (129.56.89.239) 2019-10-24 22:07
      • 0
      • 0

      Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ... (1) Бүх төрлийн хайрыг илбэ. (2) салахаа болих. (3) үржил шимгүй болох.

      Хариулах

    • Зочин

      (202.179.26.168) 2019-10-09 19:50
      • 0
      • 0

      Hair gaihamshigtai!!! Ayultai

      Хариулах