Сонгодог урлаг: Балет үүссэн түүх

Twitter Print
2019 оны 12-р сар 28-нд 18:29 цагт
Мэдээний зураг,

Балет гэсэн нэр томъёо ballo, ballare–бүжиглэж байна гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь бал буюу ардын бүжиг наадмаас үүсэлтэйг харуулж байгаа юм. 

Балетын тухай эхлэхээс өмнө бүжиг гэж юуг хэлдэг тухай авч үзье. Үйлдэл, хөдөлгөөн хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлагийн хэлбэрийг бүжиг гэнэ. Харин балет нь утга санаа үйл, явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, дүрслэх урлаг зэрэг бусад төрөлтэй хамтран бүтээгддэг тайзны нийлмэл урлаг юм.
 
Сонгодог бүжиг бол дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементүүдийг шингээсэн бүжгийн урлагийн уран сайхны дүрээ илэрхийлэх гол хэлбэр юм.

"Италийн балет" нэр нь үл мэдэгдэх зураач 1795

Балетын түүх 15-р зуун Италийн ренесансын үеэс эхлэх бөгөөд тайзны хэмжээнд очсон нь 17–р зуунд Францын “Наран хаан” гэж алдаршсан 14-р Людовик хааны /1643-1715/ үе буюу чухам энэ үед л балет бие даасан урлагийн нэгэн төрөл болж тодорч иржээ.

Францын "Наран хаан" XIV Людовик 

1661 онд 14-р Людовик Францын Бүжгийн Академи /Acadйmie Royale de Danse/ байгуулсан нь хожмоо Парисын дуурь, бүжгийн театр болсон юм. Людовик хааны ордонд Италийн Франц гаралтай хөгжмийн зохиолч, бүжигчин Жан Батист Люллигийн бүтээсэн бүжгийн жүжгүүдийг толилуулдаг байв. Люлли жүжгийн зохиолч Мольертой хамтран ажиллаж Италийн театрын хэв маяг commedia dell"arte-г фрацын үзэгчдэд тааруулан шинэчилж commedie-ballet–ыг үндэслэсэн байна. Тэдний шилдэг бүтээл нь Le Bourgeois Gentilhomme /1670/ юм. Люлли эзэн хааны хөгжмийн академик театрын анхны найруулагч болсон юм. 

Францад балетын анхны сургууль бий болсон бөгөөд Жульетте Бланче багшилж байв. Балетын бараг бүх хөдөлгөөний нэр томъёог франц хэл дээр тайлбарласан байдаг. Тухайн үед бүх бүжигчид нь эрэгтэй хүмүүс байсан бөгөөд эмэгтэй хүний дүрд баг зүүсэн эр хүн бүжиглэдэг байжээ. Харин театрын мэргэжлийн түвшинд 1681 онд анхны эмэгтэй бүжигчид Мари Камарго, Мари Салле Le Triomphe de l’Amour (The Triumph of Love) бүжгэн жүжигт тогложээ. Мөн 17-р зууны үед Францын бүжиг дэглээч П.Бажан сонгодог бүжгийн үндсэн хөлний таван байрлалыг боловсруулсан ба түүний удирдаж байсан Хааны бүжгийн академи нь балетыг мэргэжлийн урлаг болгон хөгжүүлж,  тогтсон хэлбэр, дүрэм журмыг бататган бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Зураач Эдгар Дега (1834–1917)
 
18-р зуунд Францын балетмейстер Жан Жорж Новерр балетын урлагийг шинэчлэх үүргийг гүйцэтгэж, гүн утга санаа, тодорхой үйл явдлыг бүжгийн уран хөдөлгөөн, чөлөөтэй тоглолтоор илэрхийлсэн балет бүтээхийг эрмэлзэн балетыг бүтээх бүхий л зүйлүүдийн үүрэг зорилтыг нарийн тодорхойлсон онолыг боловсруулан “Бүжгийн тэмдэглэлүүд” Lettres sur la Danse et sur les Ballets (1760) гэдэг номондоо бичжээ. Новерр 1763 онд Германы Штуттгарт хотод өөрийн хамгийн алдартай “Медеа Жэйсон хоёр” балетаа найруулан тавьсан юм. Тухайн үед эмэгтэй бүжигчид хоёр дахь бүжигчний үүрэг гүйцэтгэж төвөгтэй төмөр цагираг, корсет, хиймэл үс, өндөр өсгийтэй гутал өмсдөг байжээ. Кристоф Глюк зэрэг зохиолчид балетын хөгжмийн зохиолд шинэчлэл хийж, эцэст нь балет surieux, demi-caractиre,comique гэсэн техникийн гурван хэлбэрт хуваагдав. Мөн дуурьт дивертисментийг голлон үзүүлэх болсон юм. Дивертисмент нь балетын дотоод үйл явдалд чухал үүрэг гүйцэтгэхийн хамт өөрөө бие даасан хөгжим, тохирсон хөдөлгөөн алхаатай эртнээс уламжлагдан ирсэн бүжгүүд юм. Ийм бүтээлүүдэд “Полонез”, “Австрийн вальс”, Оросын “па де катр”, “миньон”, “шакон”, Францын “менуэт”, Английн “контрданс”, “лансье” зэрэг олон арван бүжгүүд ордог юм.

Тухайн үед тайзнаа уран сэтгэмжийн уян хөнгөн дүрүүд бий болж сэтгэлийн эрхэм сайхныг бодит амьдралтай сөргүүлэн харьцуулсан утга санааг дундад зууны болон ардын домог туульсын хэлбэрээр тусгаж байснаа улмаар Гейне, Барон, Гюго зэрэг сонгодог уран зохиолуудаас сэдэвлэн харуулах болсон байна. Эдгээр зохиолчдын зохиолоор А.Аданы “Жизель”, “Корсар”, Ц.Пунийн “Эсмеральда” зэрэг романтизмын үеийн шилдэг балетууд бүтээгдсэн юм. Энэ үед эмэгтэй бүжигчид тэргүүлэх болж алдарт Мария Тальони анх пуанты дээр /хуруун дээр/ гарчээ. Сонгодог бүжгийн хөдөлгөөн ялангуяа үсрэлтүүд ихэд хөгжин боловсронгуй болж бүжигчид нисэх мэт сэтгэгдлийг төрүүлдэг байлаа. 

Чарльз Диделотын "Zephire et Flore" балетын  Флорийн дүрд, 1831

19-р зууны бүжгийн хөгжилтөд чухал гурван явдал болсон нь бүжигчдийн ур чадварын хүчний өсөлт, эмэгтэй бүжигчдийн байр суурь өссөн, мөн Оросын балетын цэцэглэлтийн үе байсан юм.

Романтизмын үе нь баруун европын балетын урлагийн хөгжилтийн оргил болж энэ үед оросын балетын хөгжилтөнд Францын балетмейстер Шарль Луи Дидло их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үндэсний онцлогийг тусгасан чөлөөт үзэл санаа бүхий балетуудыг бүтээснээс гадна чадварлаг сайн бүжигчдийг сурган гаргасан ажээ. 

Балетын хөгжмийн зохиолчдоос тодорч гарсан нь 18-р зуунд Францын Ж.П.Рамеу, 19-р зуунд Оросын П.И.Чайковский, 20-р зуунд Оросын Игорь Стравинский нар юм.

Оросын агуу хөгжмийн зохиолч П.И.Чайковский балетын урлагийн уг үндэс болсон хөгжимд симфонийг нэвтрүүлж үндсээр нь өөрчилсөн нь балетын урлагт хөгжлийн шинэ үеийг нээв. Түүний “Хунт нуур”, "Нойрссон гүнж”, “Щелкунчик” гэсэн гурван балетыг балетмейстер Мариус Петипа найруулан тавьсан юм.

П.И.Чайковский "Хунт нуур" /М.Петипагийн тавилт. ханхүү Зигфридийн дүрд Михайл Мордкин, Одеттагийн дүрд Adelaide Giuri, Большой театр, Москва. 1901/


 
20-р зууны эхэн үеийн балетын урлагт бас нэгэн шинэчлэлтийг авчирсан хүн бол балетмейстер Михаил Фокин юм. М.Фокин балетын жүжгийг уламжлагдан тогтсон нэгэн хэлбэрээр зохион дэглэхийн эсрэг байсан бөгөөд жүжгийн үйл явдал өрнөж байгаа түүхэн үе нөхцлийг харгалзан жүжиг бүрийг өөр хэлбэр, өөр өөр хөдөлгөөнөөр дэглэх ёстой гэж үзэн энэ санаагаа хэрэгжүүлж, бүтээсэн жүжгээрээ бодитой харуулж өгсөн юм.

Өнгөрөгч зуунд балетын урлаг концертын бүжгийн нөлөөн дор үргэлжлэн хөгжсөөр ирсэн ба тухайлбал АНУ-д бүжиг дэглээч Ж.Баланчин неоклассик балетыг хөгжүүлсэн юм. Үүнээс гадна балет Ballet d’action, сонгодог балет /classical ballet/, орчин үеийн балет /contemporary ballet/, неоклассик балет /Neoclassical ballet/, романтик балет /Romantic ballet/ гэсэн хэд хэдэн хэлбэр хөгжиж иржээ. 
 
Сонгодог балетын сургалтын 6 хэлбэр байдаг ба хамгийн сонгомол хэлбэр нь
А.Я.Вагановагийн арга /Орос/,
Чеккеттийн арга /Итали/,
Эзэн хааны балетын сургууль болон Эзэн хааны бүжгийн академийн арга /Англи/,
Ж.Баланчиний арга /АНУ/,
Боурнонвиллийн арга /Дани/
Алиса Алонсын /Куба/ арга юм.
Эх сурвалж:
Цахим хуудсууд
"Урлагийн товч зүйл"
 http://libromusic.blogspot.com/

БАЛЕТЫН НЭР ТОМЪЁО

АДАЖИО
Адажио бол хослол бүжгийн нэг хэлбэр. Па де де, Гран па дахь удаан хэсэг. Сонгодог бүжгийн дасгалд түшлэгт мод ба голд хийгдэх удаан, зөөлөн хөдөлгөөн орсон бөгөөд эргэлтүүдээс бүрдэх бүжгийн зохиомж юм.
 
АЛЛЕГРО

Аллегро нь сонгодог бүжгийн дасгалд голд хийгдэх дасгалуудын хэсэг бөгөөд жижиг үсрэлтүүдээс бүрдэнэ.
 
ВАРИАЦИ
Вариаци нь богинохон, төгсгөсөн, бүжигчний ур чадварыг үзүүлсэн нэг ба хэсэг бүжигчид оролцсон бүжиг юм. Вариаци нь па де де, па де труа, гран па дотор нэг хэсэг нь болдог.
 
ГРАН ПА
Гран па нь сонгодог бүжгийн уламжлалд буй болсон хөгжим бүжгийн хүнд хэлбэр. Эхнийх нь балетын жүжигчдийн гаралтын хэсэг, гоцлооч ба кордебалетаас бүрдсэн том адажио, вариацууд, кода-аас бүрдэнэ.
 
КОРДЕБАЛЕТ
Кордебалет гэдэг бол балетын үндэс гэсэн утгатай, олуулаа бүжиглэж жүжиглэдэг бүлэг балетын жүжигчдийг хэлнэ.
Па нь хөдөлгөөн, алхаа гэсэн утгатай.
 
ПА ДЕ ДЕ
Па де де нь хоёр хүний хөдөлгөөн ба бүжиг гэсэн утгатай. XIX зуунд үүсч бий болсон гаралт, адажио, вариацууд, кода-аас бүрдсэн хөгжим-бүжгийн хэлбэр юм.
 
ПА ДЕ ТРУА
Па де труа нь 3 хүнд зориулсан хөгжим-бүжгийн хэлбэр. Па де де-гийн загвараар бүжиглэдэг 3 хүнд зориулсан бүжиг.
 
ФАУНТЫ

Фаунты бол хатуу, тэгш хоншоортой балетын гутал.
Энэ гуталгүй бол ямар ч балетын романтизм буй болохгүй байсан.
Ийм гуталтай болсноор хурууны үзүүр дээр бүжиглэдэг бүжиг бий болсон.

Сэтгүүлч Ж.Нарангарав www.mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.251) 2013-10-18 13:30
      • 0
      • 0

      Ёстой гоё мэдээ байна. Балет үздэг мөртлөө анзаарч мэддэггүй байсан энэ үг хэллэгүүдээс эхлээз зөндөө шинэ зүйл мэдэж авлаа. Баярлалаа.

      Хариулах