Олимпийн одод: Яниц Костелич

Twitter Print
2015 оны 10-р сар 07-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

Хорватын уулын цаначин Олимп, дэлхийн аварга Яниц Костелич 1982 оны нэгдүгээр сарын 5-нд хуучнаар Югослав, одоогийн Хорват улсын Загреб хотод төрсөн. Түүний анхны томоохон амжилт нь 1998 оны өсвөрийн дэлхийн аваргын тэмцээн байлаа. 16 настайгаасаа дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж эхэлсэн Я.Костелич 1998 онд Францын Мегиа хотод болсон өсвөрийн дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. АНУ-ын Солт-Лейк хотод болсон өвлийн спортын XIX наадамд Хорватын баг тамирчид 3 алт, 1 мөнгөн медаль хүртэж 77 орноос 11-р байр эзэлсэн.

Тэрхүү дөрвөн медалийг уулын цанын төрлөөр Яниц Костелич ганцаараа эх орондоо авч ирж 20 настайдаа улсынхаа үндэсний баатар болсон түүхтэй. Солт-Лейкын цасан замд Костелич туг сүлжилтээр 1:46 сек, жайнт слаломын төрөлд 2:30 сек, холимог төрөлд 2:43 сек-ын хугацаатай уралдаж алтан медаль хүртсэн бол супер “G” ангилалд 1:36 секунд уралдаж мөнгөн медаль хүртжээ. Түүний уралдсан супер “G” ангилалд Италийн Даниэла Секкарелли Олимпийн аварга болсон. Харин Костеличын алтан медаль авсан төрлүүдэд дэлхийд тэргүүлэгч Франц, Швед, Швейцарь, Австри, Германы тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртэснийг харахад тэрээр уулын цанаар манай гаригийн хамгийн шилдэг тамирчин болсон гэдгээ тухайн үед харуулж чаджээ.

Солт-Лейкын наадмаас хойш болсон 2003, 2005 оны дэлхийн аваргаас Костелич таван алтан медаль хүртэж өөрийн зайд шилдэг нь гэдгээ дахин харуулсан юм. Ялангуяа 2003 онд Швейцарын Сант-Мориц хотноо болсон дэлхийн аваргын тэмцээнд жайнт слаломын төрөлд зохион байгуулагч орны Славиан Зурберг, Италийн Жоржиа Росса нарыг ардаа орхиж алтан медаль хүртсэн бол холимог төрөлд Австрийн Никола Хосп, Мариа Остер нарыг гүйцэж дэлхийн аваргын хоёр дахь алтан медалиа хүртэж байлаа. Харин 2006 онд Италийн Турин хотноо болсон өвлийн XX наадмаас холимог уралдаанд алтан медаль хүртсэн бол супер “G” ангилалд мөнгөн медаль хүртэж хоёр Олимп дарааллан алтан медаль хүртсэн хорватын анхны эмэгтэй тамирчин болсон түүхтэй.

1999-2006 онд болсон олон улсын чанартай тэмцээнүүдэд Яниц Костелич 30 ялалт байгуулж тухайн төрлөөр дэлхийн дээд амжилтыг мөн эзэмшсэн байна. Энэ хугацаанд Австрийн Сент-Антонио, АНУ-ын Парк Сити, Германы Гармиш, Швейцарын Сант-Мориц, Финладын Лев, Шведын Оре хотуудад болсон дэлхийн цомын тэмцээнд рекорд амжилт тогтоосон аж. 1990-ээд оны эхээр дэлхийн улс төрийн байдал хурцадмал болж Югослав улс зургаан хэсэг хуваагдсан билээ.

Энэхүү үйл явдал тамирчдад ч гэсэн хүндээр тусч Югославын олон шилдэг тамирчид Серб, Молдав, Хорват, Босни Герцеговина гэсэн улсуудын иргэн болсон. Мөн зарим нь АНУ, Австралид дүрвэн гарч тухайн улсын нэр дээрээс тэмцээн уралдаанд орж байсан. Харин уулын цанын шилдэг тамирчин Яниц Костелич төрөлх Загреб хотноо үлдэж Хорватын иргэн болсон нь улсынхаа ард түмний хайр талархлыг ихэд хүлээж Хорват улсын хүндэт иргэн болсон байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.