Гайхамшигт Кёкүшюзан, гайхамшигт түүх

Twitter Print
2014 оны 12-р сар 16-нд 21:56 цагт
Мэдээний зураг,

1990-ээд оны дунд, зах зээлийн ороо бусгаа үед Монголчуудын амьдралд гэрэл гэгээ болохоор онцлог нэгэн үйл явдалболсон нь Монголын хөвгүүд арлын Японд очиж сумо барилдаж эхэлсэн үе байлаа. Үндэсний бөхөө хайрлан дээдэлдэг Монголчууд хот хөдөөгүй сумо сонирхдог боллоо. Уламжлалаасаа уйдсандаа бус, манайд ус агаар шиг амин чухал үгүйлэгдэж буй шудрага ёс тэнд ялж байдаг учир татагдаж байгаа аж. Шударга учраас л холын Монголын хүчирхэг хөвгүүд ялалтаа цуурайтуулж, их аварга цолыг нь хүртлээ.

Талын Монголын аваргуудыг сумогийн дэвжээнд анх хөтлөн оруулсан гавъяатууд нь Д.Батбаяр, Н.Цэвэгням, Д.Энхбат нар билээ. Аливаа зүйлийн анхдагчид хамгийн хүнд бэрхийг туулж өөрсдийн ялалтыг дархалдаг. Их наран улсад “мэхний их дэлгүүр” гэж алдаршсан Кёкүшюзан Батбаяр 1992 оны тавдугаар сараас эхлэн сумогийн банцүкэд эрэмблэгдэн барилдаж эхэлжээ.

Ингэж анхны "алтан хараацай" болсон Даваагийн Батбаяр 1973 оны гуравдугаар сарын 8-ны өдөр буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдөр төрсөн байна. Монгол улсын Гавьяат тамирчин Кёкүшюзан Батбаяр хүүхэд насаа дурсахдаа “Бага нас минь Ховд, Увс аймаг, Яармагийн дэнжтэй салшгүй холбоотой. Багадаа урагшаа гүйх гээд тонгойгоод уначихдаг том биетэй, хөл жижигтэй хүүхэд байлаа. Нэг өдөр ээж минь сумод хүүхэд бүртгэж байна гэж сонсоод намайг шалгуулсан. Тэгээд би, Н.Цэвэгням, Б.Энхбат нарын зургаан хүүхэд тэнцэж Япон улсыг зорьсон” гэж ярьж билээ.

Хүний нутгийн шороо нь хүртэл хатуу байдаг гэдэг шиг манай хөвгүүд Японд очсон эхний жилүүдэд амаргүй байжээ. Хүнд бэлтгэл, хатуу дэг жаягт дасаж чадалгүй гурав нь нутаг буцаж гурав нь үлдсэн. Хориод жилийн өмнө анх очиж байсан тухайгаа дурсахдаа “өглөө таван цагт босож бэлтгэлдээ гарна, тэгээд 11 цагт түр завсарлаж усанд орж, хоол идчихээд 13 цагт бэлтгэлээ хийгээд 16 цагт завсарлаж 19 цаг хүртэл амарч оройн хоолоо иднэ. Бэлтгэл хийхдээ нойтон эсгийг давстай хольж, ус цацаж чигжсэн дэвжээн дээр бусад сумочидтойгоо барилддаг байлаа” гэжээ.

Хүнд бэрх бүхнийг цуцалгүй давж чадсан өвөг дээдсийнхээ цусыг, нэрийг гутаалгүй их сумод барилдаж Кёкүшюзан Батбаяр анхны башёдоо 1992 оны 5-р сард барилджээ. Тухайн үед 19 настай байсан Кёкүшюзан гуравхан жилийн дараа буюу 1995 оны 3-р сард макүшита зиндаанд түрүүлж жюүрёо зиндаанд дэвшсэн аж. Сумогийн дээрээсээ хоёр дахь зиндаанд хоёр удаа түрүүлж 1996 оны 9-р сарын башёд Монгол хүн анх удаа дээд зиндаанд барилдах боллоо.

Гуравхан сарын дараа Кёкүшюзан цолтой бөхийн эгнээнд багтаж “мэхний их дэлгүүр” хэмээх нэрийг сумо сонирхогчид түүнд хайрласан байна. Японы сумогийн 250 жилийн түүхэнд Кёкүшюзанаас өмнө Хигонави гэдэг бөх макүшитагаас доош уналгүй 53 башё дараалан барилдсан бол Монголын бөх Батбаяр энэ агуу том амжилтыг 57 болгон ахиулж сумогийн ертөнцөд шуугиан тарилаа.

Мөн 1000 гаруй барилдаан хийхдээ 50-иас дээш хувьд нь ялалт байгуулжээ. Ингэж барилдах хугацаандаа 42 өөр мэх хийж өрсөлдөгчөө давсан мөн нь дээд амжилт болсон. Түүний өмнө мэхний их дэлгүүр гэгдэж байсан Майноми их сумод 41 өөр мэх хийж байжээ. Майноми Кёкүшюзаны тухай хэлэхдээ “би жижиг биетэй байсан учир хурдан хөдөлж олон мэх хийж байлаа. Харин Кёкүшюзан Батбаяр бусад бөхчүүдтэй адил том биетэй байж 42 төрлийн мэх хийсэн нь үнэхээр гайхамшигтай санагддаг” гэж дурсан өгүүлсэн байна.

Кёкүшюзан Батбаяр 14 жил сумод барилдахдаа уран барилдааны шагналыг 2 удаа, гарамгай болон дайчин барилдааны шагналыг тус бүр 1 удаа хүртэж кинбоши буюу аварга цолтой бөхийг өвдөг шороодулсан бөхөд олгодог шагналыг 5 удаа хүртсэн сумод дээгүүрт орох амжилт билээ. Кёкүшюзан Батбаярын бөхийн дэвжээн дээр үлдээсэн амжилт нь бичиж дуусашгүй арвин билээ.

Түүний бас нэгэн том гавьяа нь Монгол-Япон хоёр улсын найрамдалт харилцаа, тэр дундаа хоёр орны ард түмэн бие, биенээ ойлгон нягтрахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Өнөөгийн их аваргууд болох Д.Дагвадорж, М.Даваажаргал, Д.Бямбадорж, озэки М.Ананд, мэргэжлийн сумод олон жил амжилттай барилдаж буй Б.Дашням, А.Хүчитбаатар нар Кёкүшюзан Батбаярын дэмжлэгтэйгээр сумод хөл тавьжээ.

“Уулын мод урттай богинотой, улс амьтан сайнтай муутай байдаг” гэж Монголчууд ярьдаг. 1992 оноос хойш Монгол хүүхдүүд сумод шалгуулж барилдан хүч чадал, авхаалж самбаатай нэг нь өндөр цолонд хүрчээ. Харин сумогийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргалын сумод анх орсон түүх нь Кёкүшюзан Батбаяр болон түүний аав Даваатай салшгүй холбоотой аж.

2001 онд сумод хүүхэд шалгаруулж авах болж 14 хүүхэд Япон улсыг зорьжээ. Энэ хүүхдүүд дунд их аварга Харүмафүжи, озэки Какүрюү, мөн их аварга Хакухо нар явсан байна. Монголын их аварга Ж.Мөнхбатын отгон хүү Даваажаргал тухайн үед 170 см өндөр, 60 кг хүрэхгүй жинтэй байлаа. Японд очоод сонгон шалгаруулалт хийхэд бусад хүүхдүүдийг нь ояаката нар дэвжээндээ сонгож аваад Хакухог хэн ч сонгож авсангүй. Туранхай, өндөр шар хүүхэд байсан болохоор сумогийн багш нар түүнд итгэл хүлээлгэж чадаагүй байна.

Ингээд 10 гаруй хоног дэвжээнүүдээр ороод сонгогдож чадалгүй нутаг буцах болжээ. Энэ үед Мөнхбат аварга хүүгээ сумод үлдээж өгөхийг Батбаярын аав Даваагаас гуйсан гэдэг. М. Даваажаргал аавдаа хамгаас их эрхэлж, өвөр түрүүнд нь унтаж, "хал үзэж, халуун чулуу долоож" өсөөгүй ч ясны бөхийн хүү гэсэндээ сумогийн хатуу бэрхийг хараад шантралгүй харин ч сумод орж барилдахыг чинхүү сэтгэлээсээ хүсч байсан гэдэг.

Даваа гуай хүү Батбаяраасаа Хакухог их сумод элсүүлж өгөх үүрэг өгсөнөөр Кёкүшюзан Батбаяр Миягино ояаката дээр очиж сөгдөөд, мөргөж гуйсан байна. Тэгэхдээ “Даваажаргал бол Монголын их аваргын хүүхэд, түүнд итгэл хүлээлгэж сумод ороход нь туслаач, таны итгэлийг алдахгүй” хэмээн хэлсэн гэдэг.

Кёкүшюзаны гуйлтыг Миягино багш их л дурамжхан хүлээн авч, Хакухо “Миягино” дэвжээнд анх оржээ. Голж авсан хүүхэд нь хожмоо их аварга болно гэдгийг хэн ч таамаглаагүй биз.

Гэтэл Даваажаргал сумогийн эрдэмд төгс суралцаж, бэлтгэл сургуулиа эрчимтэй хийж, өнөөдөр их сумогийн 69 дэх ёкозүна болжээ. Талын Монголын хөвгүүдийн ид хавыг гайхуулж сумогийн ертөнцөд 32 удаа түрүүлж хамгийн дээд амжилтыг үзүүлсэн Хакухо Даваажаргал өөрийн төрсөн ахаас өөрцгүй, өнөөдрийн их амжилтанд хөтөлж гаргасан Д.Батбаяр ахдаа чин сэтгэлээсээ талархаж явдаг. Энэхүү чин сэтгэлийнхээ талархал болгож Кёкүшюзан Д. Батбаярт шүрэн хөөрөг бэлэглэсэн нь Монгол хүний жудаг, эрхэмлэх ёсыг их аварга маань хэрхэн хүндэлдэгийг харуулсан сэтгэл хөдлөм үйл явдал болжээ. Кёкүшюзан Д.Батбаяр ч энэхүү хайр хүндэтгэлийг даах гавъяатай нэгэн гэдгийг дээр өгүүлсэн түүх гэрчлэх билээ.

Сумогийн ертөнцөд барилдахдаа олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосон их аваргын бэлэг нь хүртэл дээд амжилт болсон аж. Ахдаа бэлэглэсэн хөөрөг нь Индонези орчмын шүрэн арлаас авч ирсэн дэлхийд тун ховор 950 грамм орчим цул шүрэн дээр Эрийн гурван наадмын дүрсийг товойлгон сийлж, нэг бөөрөнд нь Монгол улсын Дархан аварга бөх аавынхаа дэвж буй дүрсийг оруулан урласан нь тун өвөрмөц болжээ. Кёкүшюзан Батбаярт бэлэглэсэн дэлхийд ховор уран, урлагийн энэ гайхамшигт бүтээлийг Японы шилдэг уран дархад ур ухаанаа шингээж бүтээсэн аж. Энэ хөөргийг анх Хакухо Даваажаргал Сумогийн их аварга болоод Монгол бөхийн Дархан аварга аавдаа бэлэглэж байжээ.

Харин Ж.Мөнхбат аварга 1 сая орчим долларын үнэтэй энэхүү шүрэн хөөргийг өөртөө хүнддэнэ гэж үзэж, барьж чадахгүй гэдгээ хэлжээ. Харин Хакухогийн ээж Тамир нь “Миний хүү хамгийн их хүндэлдэг хүндээ бэлэг болгон өг” гэж хэлсэнээр өөрийг нь Сумогийн их замд хөтлөн оруулж, энэ их алдарт хүрэхэд түүчээ нь болж, зааж сургаж, харамгүй хайраа өгсөн эрхэм хүндэт ах Кёкүшюзан Батбаярт чин сэтгэлийн талархал болгон барьсан түүхтэй. Эдүгээ энэ хөөрөг, хөөрөгний түүх Монголын ард түмний дунд амнаас ам дамжин үлгэр, түүх мэт яригдаж, шагшигдан гайхагдаж байна.

Кёкушюзан Д.Батбаяр энэхүү хөөргийг Ялгуусан хэмээх Модон морин жилийн Цагаан сараар анхлан ил гарган барьж, хөөрөг зөрүүлж, олон хүнд эрхэм нандин бэлгээ задлан үзүүлж, үүх түүхийг нь дурсан ярьсанд олон хүн бэлэгшээж, талархаж, бас бахархаж байсан билээ.

 

 

 

   

Сэтгүүлч М. Золбаатар

Гэрэл зургийг Ц. Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • xxx

      (124.158.78.121) 2014-02-12 17:22
      • 0
      • 2

      Энэ улсд хамгийн баян Батбаяр азтай Батбаяр тэнэг Батбаяр

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.20) 2014-02-04 21:53
      • 0
      • 2

      Mongold baitugai delhiid gants baihaa, iim hoorog. Uneheer bahdam amjilt, baharhmaar tuuh baina. Ooriin huch hodolmoroor odii zeregt hursen hoyulaa aguu hodolmorch, tesver tevcheertei mundag bohchuud. Yamar ard tumnii bayalgiig uhaj idej bayajsan bish, tosviin mongo hulgailsan bish, holsoonursgaj, huchee zarj baigaa, zaluuchuudad ulger duurial bolj yavaa humuus. Baharhaj baina.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.47) 2014-02-04 15:59
      • 0
      • 4

      Монголчууд маань юмыг мартахдаа амархан. Энэ хүн үнэхээр түүхэн гавъяа байгуулсан хүн шүү. Кёкүшюзаны тухай сайхан зүйл унших үнэхээр сайхан байлаа. Баярлалаа. Энэ хөөрөг ганц хүний биш, Монголын минь л баялаг шүү дээ. Хакухо ухаантай юмаа.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.47) 2014-02-04 15:51
      • 0
      • 3

      Сайхан монгол эр хүн дээ

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.47) 2014-02-04 15:40
      • 0
      • 2

      Jinkhene mongoliin baylag chine ene hun shuuudee

      Хариулах

    • bjjb

      (202.21.106.105) 2014-02-04 15:35
      • 0
      • 4

      unheer saihna niitlel boljee BATBAYRAAR bahrahgui baihiin argagui hun yumaa

      Хариулах