
АРГА БИЛГИЙН ЁСНООС АНГИД ТУСГААР ОРШИХУЙ НЬ НЭГЭЭХЭН Ч ҮГҮЙ
Энэ орчлон хэмээгч тэнгэр газар, нар сарнаас дараалан түмэн бодост хүртэл цөмөөр арга билгийн хоёр амьсгалаас үүсгэж, таван махбодийн зүй шалтгаан лугаа хосолдон барилдаж бүтээд, дэлхий дүүрэн бодос юм дэлгэрсэний тулд...
В. Инжаннаши “Хөх судар”-аас
Орчлон ертөнцөд “арга билиг” хэмээх асвар том хоёр хүчин оршин байдаг хэмээхүй нь бүхэлдээ дорно дахины сэтгэлгээний хэв маяг, гүн ухааны цогц сургаал юм. Энэ нь хүний сэрэл мэдрэхүй шууд тусган аваад улмаар хийсвэрлэн сэтгэх замаар илэрдэг ажгуу.
Хүмүүний ертөнцөд дээр тэнгэр, доор газар байх, нэг бүтэн хоногт өдөр шөнө ээлжлэх, нэг бүтэн өдөрт өглөө наран мандаж үүр цайвч, орой наран шингэж бүрэнхий болох, хүмүүн бие идэр залуу байвч, өтөл хөгшин болох, хүний ажил үйлс өөдлөн мандах нь байх ч, уруудан доройтох нь бас байх бөлгөө.
Тийнхүү гэрэл гэгээтэй, эерэг хийгээд захирах харьцаанд оршдог хүчийг “арга” хэмээн, харанхуй бүүдгэр, сөрөг хийгээд захирагдах харьцаанд оршдог хүчийг “билиг” хэмээн томъёолжээ.
“Арга билиг” хэмээх энэхүү хоёр хүчин харилцан эсрэгцэж, харилцан шүтэлцэж орших ажгуу. Аргын дотор билиг буй, билгийн дотор арга буй. Билиг үгүй бөгөөс арга үгүй, арга үгүй бөгөөс билиг үгүй. Арга билиг хоёр харилцан бие биенээ агуулж, харилцан хувьсан өөрчлөгдөж байх жамтай ажгуу. Билгийн хийн үр үгүй аваас аргын хий дангаар оршивч түмэн бодос төлжин эс чадах. Арга, билгийн хий харилцан шүтэлцэж, тэрхүү үйлчлэлийн үрээр сансар ертөнц амьтай орших. Аргын хий өгсөж, билгийн хий уруудах. Аргын хий задалж, билгийн хий хураах. Өгсөхүй-уруудахуй, задлахуй-хураахуй нь сансар ертөнцийн хөдлөнгүй төлөвийг үүтгэх. Аливаа хувьслын эх үндэс нь чухамдаа энэхүү хоёр хийн үрээс үүдэх. Энэ бүхэн бол арга билгийн ёсныг өгүүлэх дорнын гүн ухаан юм.
Монголын их билигт яруу найрагч Дулдуйтын Равжаа
...Тэнгэр газар хоёр нь
Өндөр богино хоёр
Өөр бусад хоёр нь
Дотно гадна хоёр
Өвөл зун хоёр нь
Хүйтэн халуун хоёр
Нар сар хоёр нь
Гал ус хоёр
Төрөх үхэх хоёр нь
Бүтэх эвдрэх хоёр
Бий үгүй хоёр нь
Хямд хэцүү хоёр
Эцэг эх хоёр нь
Арга билиг хоёр
Жаргал зовлон хоёр нь
Хүсэл хясал хоёр... хэмээн гүн ухааны үүднээс яруу сайхан шүлэглэжээ.
Тийнхүү сансар ертөнцийн түмэн үзэгдэл юмс, хүмүүний хорвоогийн бүхүй л хэрэг явдал нь арга билгийн шүтэлцээнээс ангид гадна оршихуй нь нэгээхэн ч үгүй хэмээмүй. Газар-билиг, тэнгэр-арга; сар-билиг, нар-арга; шөнө-билиг, өдөр-арга; нам-билиг, өндөр-арга; дотор-билиг, гадар-арга; тэгш-билиг, сондгой-арга; эм-билиг, эр-арга; дорно-билиг, өрнө-арга хэмээдэг.
Эндээс үзэхүл арга билиг хэмээхүй нь бүхий л юмс үзэгдэлд оршигч түгээмэл шинж ажгуу.
Тиймийн учир орчуулахуй, дуун хөрвүүлэхүй нь шинжлэх ухаан болохуйн хувьд, урлаг болохуйн хувьд арга билгийн ёсноос ангид тусгаар оршихуйн учир бас үгүй ажээ.
Шинэ үеийн монгол орчуулгын онолын үндэс суурийг аугаа их эрдэмтэд Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн нар анх түрүү тавьж, орчуулагч дуун хөрвүүлэгчдийн сахиж мөрдөн, дагаж баримтлах хоёр өөр дэг сургууль, чиг урсгалыг үндэслэсэн түүхтэй билээ.
Аугаа их эрдэмтэн, акад. Бямбын Ринчен шүлэг орчуулах тухайд агуулга хэлбэрийн аль нэгийг нь дутаалгүй адилхан эн чацуу буулгах зарчмыг онцлон дурджээ.
“Шүлэг орчуулах эрдэм” өгүүлэлдээ орчуулгын онолын нэн чухал зарчмыг дурдаж, “Шүлэглэл зохиолыг монгол болгохдоо баян элбэг үгтэй зохиолыг монгол болгохдоо, маш баян монгол хэлнийхээ үгсийн сангийн эрднээс цаад зохиолын сайхан үгтэй чадал санаа эн чацуу үг хэрэглэх”-ийн чухлыг онцолжээ.
“Шүлэг гэдэг зохиол бол бас үг найруулга нь жирийн үргэлжилсэн үгийн зохиолоос өөр тул, ...уг эх хэлнээ тэр шүлгийг ямар хэмжээ байдалтайгаар зохиосон бол тэр бүхий л байдлыг монгол хэлэндээ бас буулгаж, ...шүлгийн шад гэж шүлгийн нэгэн мөрийг нэрлэдэг юм нь хэдэн үеэр бүтсэн байвал монгол орчуулганд мөн тэр л үеийн тоотой яг ижил зохион байгуулалттай байх ёстой. ...Тэр эх шүлгийн хэмжээнээс илүү татуу байвал орчуулагч хүн эх зохиол, цаад яруу найрагчийн зориуд хичээж тааруулсан хэмжээ хэвийг эвдэж, яруу найргийн нэг аргыг нь гээн хаяж, монгол уншигчдаа тэр нэг онцлогийг нь мэдэгдсэнгүй. Уран сайхны нэг хэлбэр байдлы нь хаясан болно” хэмээн дурдсан байдаг билээ.
Үргэлжилсэн үгийн зохиолын орчуулгын тухайд “Тарас Бульба” зохиолыг хэрхэн орчуулсан тухайгаа өгүүлсэн ярилцлагадаа “Үргэлжилсэн үгийн зохиолд шүлгийн хэмжээг тааруулахтай адил зүйл нь үгийг найруулахын ёсон мөн. Адуунд хатирч, жороо, уургач хүлэг гэж бийн адил монгол хэлний найруулга ч олон янз. Гагцхүү алхах газар цогиулж, жороолох газар хатируулж болохгүй. Үүнтэй адилхан найруулахын ёсны олон янзыг хутгалгүй, эхийг харгалзан хадгалж орчуулах нь зүйтэй” хэмээн дурджээ.
Тийнхүү “Сайн орчуулагч бичиг зохиолыг хөрвүүлэхдээ нүд хэдий гадаад бичгийг үзэвч, утгыг найруулан эвлүүлэхэд нэг эгшин хэмээн монгол үгийн ёс зүйгээс ангижрахгүй. Орчуулагч хүн иймийг эрмэлзвээс зохих буй заа” хэмээн орчуулгын онолын нэгэн үндэслэлийг дэвшүүлжээ.
Монголын нэрт төвдөч, доктор, профессор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар агсаны дурдатгасан “Цаг үеийг нь олохын эрхээр” гэдэг орчуулгын онол ёсоор “дууг (үгийг) ямарчлан байсан ёсоор нь орчуулах зохистой газар дууг хатуу баримталж нэрэнд зүүх” жаяг зарчим лугаа сайтар онолдох цаад хэлний хэрэглүүртэй эн тэнцэх үг хэллэгийг олж сонгон, шүлэг хийгээд зохиолын уг хэв байдлыг яг хэвээр нь хадгалан орчуулах зарчмыг тодорхойлсон нь энэ юм.
Арга билгийн ёсны үүднээс үзвээс орчуулгын ийм жаяг зарчмыг “арга” хэмээн нэрлэж болох мэт.
Аугаа их эрдэмтэн акад. Цэндийн Дамдинсүрэн шүлэг зохиолыг монголчлон орчуулахдаа үгийг чөлөөтэй нэмж хасан, монгол уншигчид ойлгомжтой байх талыг илүүтэй чухалчлан, үндэснийнхээ соёлын хөрс сууринаа ээнэгшүүлэн идээшүүлж орчуулдаг уран сайхны чөлөөт орчуулгын зарчмыг голлон баримталсан байдаг.
Тиймээс “Миний санахад үгийг нэмж хасах нь бага хэрэг. Утгыг нэмж хасвал гэмт хэрэг” хэмээн өгүүлсэн билээ.
Гадаад хэлнээс шүлэг орчуулах тухай” хэмээх өгүүлэлдээ, “Шүлгийг орчуулах гэгч үг утгыг орчуулах төдий биш, түүний найруулгын хэв журам ба уран хэл, сэтгэлийг хөдөлгөх чадлыг нь бүрнээ орчуулах хэрэгтэй. ...Зарим орчуулагчид ба ялангуяа хянан засварлагчид орчуулах хянахдаа эх бичиг, орчуулга хоёрын утгыг харьцуулан үзэхгүй, харин оросын ийм үгийг монголын ямар үгээр орчуулав гэж юуны өмнө нэг нэг үгийг тулган үзэх заншил бий. Үүнийг буруушаавал зохино” хэмээн дурдсан байдаг.
“Ямар ба шүлэгт, ямар ба зохиолд хүний сэтгэлийг хөдөлгөх чадал бий. Энэ нь уран зохиолын гол сүнс болно. ...Энэ сэтгэлийг хөдөлгөх чадлыг нь эрхбиш орчуулах хэрэгтэй. Шүлгийн үг, өгүүлбэр ба хэв журмыг хэдийгээр нарийн нягт орчуулж чадавч, энэ сэтгэлийг хөдөлгөх чадлыг орчуулж эс чадвал амьд морийг үхсэн мориор арилжсантай адил болно. Иймийн тул энэ шүлгийн чадлыг сайнаар орчуулах нь шүлгийн үг өгүүлбэр ба хэв журмыг орчуулахаас илүү чухал зүйл юм” хэмээн онцолжээ.
“Монголын үргэлжилсэн уран зохиолд шүлэг болохын үүсэл байна. Энэ үүсэл нь аль вэ? гэвэл толгой холбох ёс болно. ...толгой холбох нь үргэлжилсэн зохиолд чимэг болоод шүлэгт тулгуур болно” гэжээ.
Тийнхүү Ц.Дамдинсүрэн шүлэг зохиол орчуулахад эх зохиолын чадлыг нь бүрнээ илтгэн, санааг нь сайтар хөрвүүлэх орчуулгын онолын үндэслэлийг дэвшүүлжээ.
Өөрөөр хэлбэл дээр өгүүлсэн “Цаг үеийг нь олохын эрхээр” гэдэг орчуулгын онолын дагуу “дууг (үгийг) заримдаа утгачлах зохистой газар утгыг хатуу барьж нэрэнд зүүх” буюу цаад зохиолын хэв журамд төдийлөн баригдалгүй, уран сайхнаар найруулан орчуулах зарчмыг тодорхойлсон хэрэг юм.
Арга билгийн хос ёсны үүднээс үзвээс орчуулгын ийм жаяг зарчмыг “билиг” хэмээн нэрлэж болох мэт.
Монголын нэрт хэл шинжээч, доктор профессор Б.Пүрэв-Очир агсан судалгаа-нийтлэлийн бүтээлдээ дурдатган өгүүлснийг энд өгүүлэн буйтай холбогдуулан эш татан дурдваас зохилтой.
Бямбажавын Пүрэв-очир багш “Монгол улсын анхны ардын уранзохиолч Ц.Дамдинсүрэн гуайн зохиол бүтээлийн хэл найруулга нь бүхэлдээ илүү дутуугүй, нэг л зохистой энгүүн, ойлгомжтой, даамай сайхан, ардын амьд ярианы хэлээр, үлэмж баялаг үгийн сантай, өгүүлбэр нь уран найруулгатай бичигдсэн байдаг, зүйрлэвээс усан болорын өнгөтэй урт сайхан Хэрлэн гол алсыг зорин намуухан мяралзан байгаа шиг, бас үе үехэн уран сайхан угалз хээ мэтгээд л, олон салаа салбар нь мөнгөн сарны туяанд дөрвөн зүг найман зовхист сацран байх шиг... тансаг найруулгыг илтгэнэ.
Тэгвэл Бямбын Ринчен гуайн зохиолуудын үг өгүүлбэр, эхийн найруулгыг “Өргөн Сэлэнгэ”-ийн урсгалтай зүйрлэж болмоор. Хилийг дамнан холыг зорьсон даацтай гэмээр, гэхдээ ч бас энд тэндээ ээдрээ мушгиатай, урт урт өгүүлбэрүүд хөврөөд л, бас хааяа тасалдан хэлбэр ба утга нь далдарч, шургаад л, тэгснээ ил гарч дэлгэрэн, уянгын халил бүхий жавхлант сайхан найруулгыг илтгэдэг гэмээр” хэмээн яруу сайхан өгүүлсэн байдаг.
Тийнхүү тодорхойлсон нь чухамдаа аугаа хоёр их эрдэмтний яруу найруулгын хэв маяг, хэлбэр агуулгыг арга билгийн ёсны үүднээс шинжин тодолсон хэрэг хэмээлтэй.
Арга билиг хоёр ёсон шүтэлцэн байж, амьд байгаль ертөнц оршиж тогтдог гэнэм.
Түүн лүгээ нэгэн адил хоёр аугаа их эрдэмтэн монгол орчуулгын “сайтар тохиолдуулах” ба “урнаар найруулах” хэмээх эртний жаяг зарчмыг уламжлал шинэчлэлийн хэлхээ холбоонд бүтээлчээр баяжуулан дэлгэрүүлж, орчуулгын онол зарчмын хоёр өөр жаяг, дэг сургуулийг боловсруулан дэвшүүлэхийн хамт өөрийн биесээр үлгэр үзүүлэн, өдий төдүй сод бүтээлийг дурдсан жаяг зарчмынхаа ёсоор гайхамшигтай яруу сайхнаар дуун хөрвүүлэн монголчлон орчуулсан нь чухамдаа монгол орчуулгын ухаанд арга билгийн ёсныг шүтэлцүүлэн барилдуулж, нэгэн цул болгон, Монголын шинэ үеийн орчуулгын онол эш, дэг сургуулийг үндэслэн, жаяг зарчмыг нь тодорхойлжээ хэмээн дүгнэж болох мэт санагдана.
Өнгөрсөн он жилүүдэд монголын түмэн зүтгэлт олон дуун хөрвүүлэгч дэлхийн олон хэлний өдий төдүй сод бүтээлийг яруу сайхнаар дуун хөрвүүлэн монголчилж, монгол орчуулга машид хөгжин бадарч ирсэн нь чухамдаа арга билгийн ёсон хослон шүтэлцсэний үр шим гэж хэлж болох буй заа.
Орчлон ертөнц дээр арга билгээс ангид тусгаар оршихуй нь нэгээхэн ч үгүй хэмээмүй.
Хятадын гүн ухааны сэтгэлгээний түүх нь Күнзийн сургаал буюу Күнзийн гүн ухааны сэтгэлгээ, Лаозын сургаал буюу Даогийн эш ёсны сургаал хэмээсэн гүн ухааны хоёр том дэг сургууль, сургаал номлолыг эш үндэс болгон үеэс үед уламжлан өдгөө хүртэл дэлгэрч ирсэн түүхтэй юм.
Күнзийн сургаал нь хүний өдөр тутмын амьдралын философи буюу хүний сайн сайхан, эрхэм дээд ёс суртахууныг голлон номлосон “Хүн болохуйн ухаан”-ы сургаал бол Лаозын сургаал нь хүний дотоод сэтгэл, чанадын оюун ухааныг голлон номлосон, хүний орчлонгоос хэтийдэж давсан “хоосон”-ы тухай сургаал болой. Күнзийн сургаал нь дотогшоо хандсан, төвд тэмүүлсэн “янагуух” шинжтэй, Лаозын сургаал нь гадагшаа хандсан, төвөөс зугатаасан “чанагуух” шинжтэй хэмээдэг. Энэ нь өрнөдахины сэтгэлгээний классицизм ба романтизм хэмээх ухагдахуунтай дүйдэг ажгуу. Тиймийн учир арга билгийн ёсны үүднээс Күнзийн сургаалыг арга, Лаозын сургаалыг билиг хэмээн үздэг.
Их сэтгэгч Күнз “Эгэл жирийн нь эрхэм тансагаас давбаас болхи толхи болъюу. Эрхэм тансаг нь эгэл жирийнээс давбаас хоосон хуудам болъюу. Эрхэм тансаг хийгээд эгэл жирийн нь эн тэгширвээс сая эрдэмт сайд болъюу” хэмээн номложээ.
Өнөөгийн сууринаас үзэхүл энэ нь агуулга, хэлбэрийн зохирлын тухай номлосон арга билгийн ёсны сургаал юм. Агуулга үгүй аваас, хэлбэр гэж үгүй, хэлбэр үгүй аваас, агуулга гэж үгүй.
Их сэтгэгч Лаоз “Дао нэгийг төрүүлмүй, нэг нь хоёрыг, хоёр нь гурвыг төрүүлмүй, гурваас түмэн бодос төрмүй” хэмээн номлосон байх агаад “нэг” хэмээхүй нь “хий тамир”, “хоёр” хэмээхүй нь “арга билиг”, гурав” хэмээхүй нь “арга билиг хослон зохирч, амин хий хуран чуулж, тэнгэр газар хүмүүн гурав бүрдэн тогтож, түмэн бодос хувьсан бүрэлдэхүйн жам ёсныг” өгүүлсэн хэмээн тайлдаг бөлгөө.
Орчлон ертөнц дээр арга билгээс ангид тусгаар оршихуй нь нэгээхэн ч үгүй ажгуу.
Нэгэн цаг үед аж төрж, аугаа их хүмүүсийн гайхамшигт үерхэлээр нөхөрлөж, хамтдаа туурвин бүтээж явсан эртний Хятадын Тан улсын үеийн (618-906) хоёр их найрагч Ли Бай, Дү Фү нарын шүлэг найрагт дээр өгүүлсэн Күнзийн хийгээд Лаозын хоёр өөр дэг сургууль, хоёр өөр эш сургаал бүрнээ туссан байдаг нь нэн сонирхолтой.
Эрдэмтэн зохиолч, Ардын багш, профессор С.Дулам багштаны тэмдэглэсэнчлэн “Сэргэн мандлын яруу найрагт бадрангуйн хүслэнгийн (романтизм) дууллыг Ли Бай анх авчирсан бол, аж амьдралын дүр зургийг (реализм) Дү Фү анх бүтээсэн” түүхтэй юм.
Тийнхүү:
Ли Бай---романтизм---Даогийн эш сургаал---билиг,
Дү Фү-----реализм----- Күнзийн эш сургаал---арга
хэмээсэн бүдүүвч зураглал харагддаг болой. Тиймийн учир Хятадын ном зохиолд Ли Байг “Шүлгийн арш хувилгаан”, Дү Фүг “Шүлгийн богд мэргэн” хэмээн нэрлэсэн байдаг.
Ли Байн шүлгийн яруу сайхан нь чөлөөт сэтгэлгээ, энгүүн дүрслэлд орших агаад энэ нь Лаозын “оюун санааны хязгааргүй чанад”-ын тухай эш сургаалтай дүйдэг ажгуу.
Салхи хөлөглөн, давалгааныг зүсэн явах цаг байхул
Үүлэн далбааг эгц босгон, хөхөмдөг далайг гэтэлсүгэй
хэмээн Ли Бай шүлэглэсэн нь чухамдаа аливаа хүлээс хязгаараас ангижран, хүмүүний ертөнцөөс тасран, хүсэл мөрөөдлийн хязгааргүй чанагуух орчлонд дүүлсэн сэтгэлийн дуулал хэмээлтэй.
Дү Фүгийн шүлгийн яруу тансаг нь хөнгөн гуниг, сэтгэлийн уярал, утга уянгаар халгин цалгин байдагт оршдог хэмээх агаад энэ нь Күнзийн “өршөөл”, “энэрэл”, “хүн байгалийн хүйн холбоо”-ны эш ёсны сургаалтай дүйдэг хэмээмүй.
Баяслын хур цаг юугаан олж орохуйн дор
Бодос болгон хавартаа шимийг хүртмүй.
Салхин аясаар шөнө дүл рүү уусан живэх
Сав шим ертөнц огтхон ч анир чимээгүй
(Ц.Базаррагчаагийн орчуулга)
хэмээн шүлэглэсэн нь хахир хүйтэн өвөл өнгөрч, хавар цаг айлсан ирэхүйд шөнийн зөөлөн шиврээ бороо түмэн бодосыг ундаалж, хүмүүний сэтгэл хөвсөлзөн, хүж дэлхий баясан буй утга уянгыг зураглан шүлэглэсэн нь энэ болой.
Тийнхүү Күнз, Лаоз хоёр арга билгийн ёсыг шүтэлцүүлэн байж эртний хятадын гүн ухааны сэтгэлгээний үндэс суурийг тавьсан бол, Ли Бай, Дү Фү хоёр мөнхүү арга билгийн ёсыг шүтэлцүүлэн байж Европын сэргэн мандлын үетэй утга чанар эн чацуу хэмээн адилтган үздэг Тан улсын үеийн гайхамшигт яруу найргийг бүтээсэн ажгуу.
Хятадын эрт хийгээд эдүгээгийн яруу найргийн дотроос монгол хэлнээ хамгийн олноор орчуулагдсан нь чухамдаа Ли Бай, Дү Фү нарын шүлэг найраг байдаг нь ч огт санамсаргүй хэрэг биш буюу.
Арга үгүй аваас билиг үгүй, билиг үгүй аваас арга үгүй хэмээмүй.
М.ЧИМЭДЦЭЕЭ (МУСГЗ, Хэлбичгийн ухааны доктор (Ph.D) профессор)
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
УНШИГЧ
(192.82.87.21) 2023-01-30 11:46Энэ маш сайхан, шинэ сэргэг, урьд өмнө нарийн сонсож байгаагүй зүйлийг тодруулж өгүүлсэн,судалгаатай, сонин, уншууртай, үр өгөөжтэй нийтлэл байна. Баяр хүргэе.
Хариулах