
Бид нар Ленадаа их хайртай. Оюутан ахуй цагаасаа нөхөрлөж байгаа юм. Түүнийг бид зүгээр ч нэг хайрлах бус битүүхэндээ өрөвдөж явдаг юм. Лена маань хайнгадуу, туниа муутай тул ажил дээрээ байнга л асуудалд орчихно. Дарга эмэгтэй нь түүнтэй байнга бүдүүлэг харьцаж, юм л бол “халчихна шүү” гэж сүрдүүлнэ. Гэхдээ энэ бүхэн юу ч биш...
Лена нөхөртэйгөө ханилан суугаад 18 жил болж байгаа юм. Гэтэл саяхнаас түүнд нөхөр нь “өөр хүнтэй” болчихсон юм шиг санагдах болов. Нөхөр нь гэртээ оройтож ирж, залгахад нь утсаа авахаа байж, “завгүй байна” гэсэн смс явуулж, юм асууж лавлахад нь “Яах гээд байгаа юм? Явж унт л даа!” гэж цухалдангуй хариулдаг болжээ. Түүнийг ингэх бүрд Лена угаалгын өрөөндөө орж уйлна. Хэнд ч хэрэггүй болчихсон юм шиг түүнд санагдах болжээ. Нэг удаа тэрээр баахан уйлж уйлж... нүүрнийхээ тосыг түрхэж аваад орондоо орох гэж байгаад шүдний оо түрхчихсэн байсан. Үүнийгээ тэрээр “Ингээд зөнөж эхэлдэг юм байжээ” гэж тайлбарлав.
Бид түүнийг “хүн бүр өөрийн гэсэн “гажигтай”... битгий элдвийн юм санаанаасаа зохиогоод бай... Юра чинь үнэнч, сайн нөхөр шд...” хэмээн нэгэн дуугаар тайвшруулахыг оролдсон ч Ленаг сэтгэл гутралаас аврахгүй бол болохгүй нь гэдгийг ойлгож байлаа. Тэгээд ч Юраг нэг залуухан бүсгүйтэй хамт кафед сууж байхыг манайхны нэг нь харсан юм. Мэдээж бид энэ тухай Ленад хэлээгүй. Түүнд бид сайн сэтгэл зүйч олж өгөхөөр болов. Лена өөрийгөө үнэлж, өөртөө итгэлтэй болж, элдвийн зүйлд санаа зовдгоо болих хэрэгтэй. Энэ нь дөч гарч яваа эмэгтэй хүний хувьд амаргүй ч боломжгүй юм гэж байхгүй.
Бид сэтгэл гутралаар дагнан ажилладаг сэтгэл зүйч олов. Тэрээр Ленатай хоёр удаа үнэгүй ярилцаж үзэхийг зөвшөөрөв (бид түүний машинд зарим нэг засвар үйлчилгээ хийж өгсөн юм л даа). Ингээд бид Ленаг тэр сэтгэл зүйч рүү явууллаа...
Лена сэтгэл зүйч дээр товлосон цагтаа ирээд хаалгыг нь тогшив. Өрөөн дотроос “Ор ор!” гэх дуу хадлаа. Ширээний ард нүдэндээ шилтэй халзан хүн сууж байв. Тэрээр бага зэргийн аялагтай ярьдаг аж... гүрж юм уу армян юм уу гэмээр.
- Танд ямар нэгэн юм хэрэг болоо юу? хэмээн тэрээр асуулаа.
- Тантай миний нэг найз ярьсан... машин засдаг.
- Ааа! Гайхалтай... алив наашаа суу! Та ямар асуудлаар явна
- Би сэтгэл гутралд орчихсон юм шиг байна...
- Юу? гээд мөнөөх хүн шилээ дээш нь болгоод толгойгоо гилжийлгэн "Ээ... ийм сайхан эмэгтэйд ямар юмны сэтгэл гутрал байдаг юм?" гэв.
Лена инээмсэглээд:
- Баярлалаа... Ажил дээр минь байдал хэцүү байна... Манай дарга эмэгтэй намайг байнга доош нь хийдэг...
- Юу?! гээд сэтгэл зүйч суудлаасаа бага зэрэг өндийв. – Таныг уу даа? Алив, нэгд нэгэнгүй яриад өгөхгүй юу! Байзаарай, та коньяк уух уу? Судасны хана тэлнэ... сайхан тайвширна?
Лена татгалзсангүй. Тэгээд сэтгэл зүйчид дарга эмэгтэйнхээ тухай ярьж өгөв. Сэтгэл зүйч ширээгээ алгадаж аваад:
- Нэг туршигдсан арга байдаг юм. Тэр эмэгтэй тан руу дахин хашгичих юм бол та нүүр лүү нь харж байгаад “Амаа тат... надтай ийм өнгөөр бүү ярь!” гээд хэлчих.
- Тэгж болох юм уу? хэмээн Лена ихэд гайхав. – Энэ арга чинь шинжлэх ухааны үндэслэлтэй юм уу?
- Энэ аргыг би цочроох эмчилгээ гэдэг юм... гайхалтай үр дүнтэй. Дарга эмэгтэй чинь чимээгүй болохгүй байвал баллонтой крем нүүр лүү нь шүршчих. Гадуур зардаг даа... торт чимэглэдаг...
- Намайг ажлаас халчихна шд!
- Халж л байг! Гэхдээ та ялагч шиг явна. Ойлгож байна уу?
- Нээрээ тийм байна шүү дээ! гэж Лена баяртай хариулав.
Дараа нь тэрээр нөхрийнхөө тухай ярьж өгөв. Сэтгэл зүйч:
- Яах вэ... нөхөр чинь нэг годгоносон хүүхэнтэй болоо л биз... тийм юм байх шүү дээ. Та ч гэж та – гэртээ муухай царайлж суугаад л... хэн дуртай байх юм? Та аан гээ... маргааш өглөө хамгийн сайхан даашинзаа өмсөөд, нүүр амаа гоё будчих...
- Тэгж яах юм?
- Та чинь эмэгтэй хүн мөн юм уу үгүй юу? Та сүүлд хэзээ нүүрээ будсан бэ?
- Санахгүй байна... будах шалтаг гараагүй.
- Юун шалтаг? Өөртөө зориулж буд. Тэгээд гэртээ оройтож хариарай... шөнө дунд бол бүр сайн.
- Юра санаа нь зовчихно шд...
- Сайн л биз! Санаа зовж л байг! Та зовдгоо зовсон... одоо нөхрийн чинь ээлж.
- Араас залгана даа...
- Утсаа битгий ав! “Оройтно” гээд смс явуулчих. Тэгээд л болоо!
- Элдвийн юм асууж шалгаах байх даа...
- Та хариуд нь инээгээд л байхгүй юу. Та инээж чадна биз дээ? Залуудаа инээдэг байсан шигээ.
- Чадахаа больсон байх...
- Тэгвэл хоёулаа сургуулилт хийе. Тэр толины өмнө очоод зогсчихгүй юу. Та чинь ямар сайхан гуалиг юм бэ... Ай хөөрхий, эхнэргүй байсан бол ч... гээд сэтгэл зүйч гараараа лезгинка бүжгийн хөдөлгөн хийж үзүүлэв.
Ленка тэсэлгүй инээж орхив... биеэ огт барилгүй, сайхан чөлөөтэй. Сэтгэл нь сэргэж, хамаг асуудал нь юу ч биш... харин өөрөө cool, бас хүчирхэг болчихсон мэт санагдав. Инээх тренингийн дараа сэтгэл зүйч Ленаг долоо хоногийн дараа ирээрэй гээд гарыг нь эелдгээр үнсэв.
Маргааш өглөө Лена хамгийн гоё даашинзаа өмсөөд уруулаа тод улаанаар будаж, нүдээ хүрээлэв... яг л үдэшлэгт явах гэж байгаа мэт. Нөхөр нь “Заа... хаачих нь вэ? Ажил дээрээ үдэшлэгтэй юм уу? гэсэнд Лена “Тийм гэх үү дээ...” хэмээн хайнгадуу хариулаад бушуухан гарч явлаа. Тэрээр тусгай агент болчихсон мэт санагдсан бөгөөд шинэ дүр нь түүнд таалагдаж байв. Хамт ажилладаг хүүхнүүд нь Ленаг хараад бүр гайхаж орхив. Төрсөн өдөр нь болж байгаа юм байх гэж тэд боджээ. Харин Лена тэдэнд “Үгүй дээ... би яг хэрэгтэй хүнтэйгээ таарсан юм” гэв.
Тэгж байтал Ленагийн дарга эмэгтэй орж ирээд “Энэ чинь юу гээч багт наадам бэ? Явж наад нүүрээ угаагаад санхүүгийн тайлан баланс одоохон явуулаад аль. Яагаад зогсоод байгаа юм? Хурдал гээд байгаа юм биш үү!” гэв. Лена даргынхаа өөдөөс эгцлэн харж байгаад “Амаа тат... надтай ийм өнгөөр бүү ярь!” гэв. Өрөөнд нам гүм болов. Дарга эмэгтэй Лена дээр дөхөж ирээд “Юу гэнэ? Чи чинь солиороо юу? Чамайг халаад өгье л дөө!” гэхэд нь Лена цүнх рүүгээ гараа шургуулав. Хүмүүс түүнийг гар буу гаргаж ирэх нь л гэж боджээ. Гэтэл Лена цүнхнээсээ баллон гаргаж ирээд “гохон” дээр нь дарав. Цочирдсондоо гацаж орхисон дарга эмэгтэйн нүүр бялуу болон “хувирах” нь тэр…
Тэр өдөр дарга эмэгтэй өрөөнөөсөө бүтэн өдөр гараагүй бөгөөд орой нь Ленаг дуудаж ирүүлээд: “Та ямар cool юм бэ, Елена Ивановна… чөтгөр л гэсэн үг. Би таныг халахгүй. Та стандарт бус шийдэл олжээ, би ч бас олсон. Би танд урамшуулал бичиж өгье” гэв.
Лена манайд сууж байгаад шөнийн нэг цагт гэртээ харив. Бид хоёр цай ууж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэв. Би Ленка их сургууль төгссөнөөс хойш ийм хөгжилтэй байхыг хараагүй. Нөхөр нь араас нь залгаад л байсан. Ленка утсаа авахгүй л байлаа. “Сэтгэл зүйч утсаа битгий аваарай гэсэн” гэж тэрээр учирлав. Хэд хоногийн дараа нөхөр нь Ленагийн ажил дээр ирж, түүнийг хоолонд урив. Зоогийг газар тэрээр Ленагаас уучлал гуйж “Би чамайгаа дутуу үнэлж байж... чи бол миний амьдрал...” гэв. Хоолноос гараад тэр хоёр таксигаар харих замдаа аарынх нь суудал дээр яг л залуу байсан шигээ үнсэлцэн явлаа...
Долоо хоногийн дараа Лена товлосон өдрөө мөнөөх сэтгэл зүйч дээр иртэл хаалган дээр нь “Аж ахуйн дарга” гэсэн пайз байна гэнэ. Өнгөрсөн удаа тэр сэтгэлээр унаад юун пайз манатай явсан ажээ. Лена хаалгаар шагайвал мөнөөх нүдэндээ шилтэй халзан хүн сууж байна гэнэ. Мань эр Ленаг хараад инээмсэглэн:
- Таныг дахин харж байгаадаа баяртай байна... ор ор! гэв.
- Та чинь сэтгэл зүйч биш юм уу?
- Биш ээ… сэтгэл зүйчийн өрөө дээд давхарт л даа. Та эртээд их өрөвдмөөр байсан тул би танд жаахан туслах гэсэн юм...
Энэ үгийг сонсоод Лена тас тас хөхрөөд:
- Хайнга байх чинь заримдаа зүгээр юм! гэв.
- Алексей Беляков
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
БАТ
(66.181.168.81) 2019-10-29 10:21Шүүх,прокурорын нөхдийг энэ чиглэлд нэгтгэвэл амжилтанд хүрэх зам саадгүй байх нигууртай.
Хариулах
Zochin
(103.57.93.97) 2019-10-27 12:12Төсвийн хулгайчдаа барьж шийтгээгүй тохиолдолд саарал жагсааалтаас гарахгүйдээ. Хууль хяналтын байгууллагууд нь ажилаа хийх хэрэгтэй бна
Хариулах