Хонконгт коронавирусын халдварын тархалт огцом нэмэгджээ

Twitter Print
2020 оны 07-р сар 29-нд 17:49 цагт
Мэдээний зураг,

Хонгконгийн захирагч Кэрри Лам Хонгконгт коронавирусын халдвар ихээр тархах эрсдэлтэй байгааг анхааруулж, халдварын тархалтыг зогсоохын тулд иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг хүсчээ. Коронавирусын цар тахлын эхэн үед Хонгконгийн тусгай захиргааны бүс коронавирусын дэгдэлтийг хяналтандаа авч чадсан ч өнгөрсөн гурван долоо хоногт тус бүс нутагт коронавирусын халдварын тохиолдлууд нэмэгдэж, өдөрт 100-гаад тохиолдол бүртгэгдэж эхэлжээ.

Мэргэжилтнүүд коронавирус нь өнгөрсөн хугацаанд хүний биед дасан зохицож, хүнээс хүнд амархан халдварлах чадамжтай болсон хэмээн үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Хонгконгийн засгийн газраас цар тахлын эсрэг хэд хэдэн заавар зөвлөмжүүдийг гаргаад байна. Үүнд хоёроос дээш тооны хүн нэг дор цугларахыг хориглох, кафе зоогийн газрууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх, олон нийтийн газар болон гадаа зайлшгүй амны хаалт зүүх зэрэг багтжээ. Эдгээр нь коронавирусын цар тахал эхэлснээс хойш Хонгконгийн эрх баригчдын хэрэгжүүлж буй хамгийн хатуу дүрэм журам болоод байна. Түүнчлэн энэ лхагва гарагаас эхлэн Хонгконгийн эрх баригчид агаарын нислэгийн баг, усан онгоцны багийнхныг тусгаарлаж, коронавирусын шинжилгээнд хамруулах журмаа чангатгахаар болжээ.

Мөн Хятадын засгийн газраас Хонгконгийн олон улсын нисэх буудлын ойролцоо 2000 орны багтаамжтай түр эмнэлэг барьж өгөхөөр болсон байна. Хонгконгийн захирагч Кэрри Лам коронавирусын халдвар ихээр тархах нь Хонгконгийн эрүүл мэндийн тогтолцоог нурааж, олон хүний аминд хүрэх эрсдэлтэй болохыг анхааруулж, гэр бүл, ойр дотныхон, эрүүл мэндийн ажилчдаа хамгаалахын тулд иргэдийг засгийн газраас гаргасан заавар зөвлөмжийг чанд мөрдөхийг хүсчээ. Өнгөрсөн мягмар гарагт Хонгконгт коронавирусын халдварын 106 тохиолдол бүртгэгдсэний 98 нь дотооддоо халдвар авсан тохиолдлууд байгаа аж. Өнгөрсөн 1-р сараас хойш Хонгконгт КОВИД-19 өвчний халдварыг нийт 2880 хүн авсан ба уг вирусын халдварын улмаас 23 хүн нас баржээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.