Гадаадын орнуудын тусламж шаардлагатай газрууддаа хүрэхгүй байна

Twitter Print
2021 оны 05-р сар 07-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдвар хурдацтай тархаж, нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэг улс руу улс орнууд эхнээсээ тусламж илгээж эхэлсэн билээ.

Их Британи, АНУ зэрэг улс орнууд өнгөрсөн долоо хоногт Энэтхэг рүү амьсгалын аппарат, эм тариа болон хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат зэргийг илгээсэн ба өнгөрсөн ням гараг гэхэд зөвхөн Делигийн Олон Улсын нисэх буудал дээр 25 онгоцоор нийт 300 тонн тусламжийн бараа буусан байна.

Гэтэл тусламжийн бараа шаардлагатай хүмүүстээ хүрэхгүй байна гэсэн мэдээлэл Энэтхэгийн мужуудаас ирсээр байгаа аж. Энэтхэгийн засгийн газрын зүгээс тусламжийн барааны нийлүүлэлтийг саатуулж байна гэсэн мэдэгдлийг үгүйсгэж байгаа ба Эрүүл мэндийн яам улс орнуудаас хандивласан эмнэлгийн барааг хуваарилж, мужууд руу нийлүүлэхийн тулд өдөржин шөнөжин ажиллаж байна хэмээн мэдэгджээ.

Коронавирусын халдварт хамгийн ихээр өртсөн мужуудын эрх баригчид одоог хүртэл ямар ч тусламжийн бараа хүлээж аваагүй гэдгээ мэдэгдээд байна.

Энэ долоо хоногийн эхээр нэг өдөрт 37 190 халдварын тохиолдол бүртгэгдсэн Керала муж одоог хүртэл ямар ч тусламжийн бараа хүлээж аваагүй гэдгийг тус мужийн Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Ражан Хобрагадэ БиБиСи агентлагт мэдэгджээ. Керала мужийн Ахлах сайд Принараи Вижаяан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид хандан Керала муж руу тусламжаар ирсэн хүчилтөрөгчнөөс яаралтай илгээхийг шаарджээ.

Эрүүл мэндийн салбарын албаны хүмүүс Энэтхэгийн засгийн тусламжийн барааг хэрхэн, хэзээ нийлүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй гэдгийг онцолж байна.

Түүнчлэн коронавирусын цар тахалтай тэмцэх ажилд оролцож байгаа төрийн бус байгууллагууд засгийн газраас мэдээлэл өгөхгүй байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлсээр байна. Тусламжийн бараа нийлүүлэлтийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа нь донор улсуудад ч мөн илгээсэн тусламж нь шаардлагатай хүмүүстээ хүрч байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Энэтхэг рүү илгээсэн тусламжийн барааны нийлүүлэлт зохих газартаа хүрч байгаа эсэх асуудлыг хөндсөн байна. Энэтхэгийн сөрөг хүчнийхэн мөн л Энэтхэгийн засгийн газраас тусламжийн барааны нийлүүлэлтийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг шаардаад байна.

Энэтхэгийн засгийн газраас өнгөрсөн пүрэв гараг гэхэд Энэтхэгийн 31 мужийн нийт 38 эрүүл мэндийн байгууллагад тусламжийн бараа илгээсэн хэмээн мэдэгджээ. Пунжаб муж л гэхэд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 100 ширхгийг, вирусын эсрэг ремдезивир эмнээс 2500-г хүлээн авсан ба Их Британиас илгээсэн хүчилтөрөгчнөөс 450 цилиндрыг Тамил Наду мужийн Ченнай хот руу өнгөрсөн мягмар гарагт онгоцоор илгээжээ.

Түүнчлэн Хонгконгоос илгээсэн хүчилтөрөгч өтгөрүүлэгч 1088 аппаратнаас 738-ыг Дели хотод, 350-ийг нь Мумбай хотод нийлүүлжээ. Өнгөрсөн пүрэв гарагт Энэтхэгт коронавирусын халдварын 412 262 тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 3980 хүн нас баржээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Энэтхэг улсад гадаадын улс орнуудын тусламжаас илүү эмнэлгүүдийн дэргэд хүчилтөрөгч үйлдвэрлэх байгууламж яаралтай барих шаардлагатай аж.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-india

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.