“Чойжин ламын сүм” музейг сэргээн засварлана

Twitter Print
2019 оны 11-р сар 22-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Монголын Урлагийн Зөвлөл, М Си Эс группийн хамтран хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүмийн хадгалалт хамгаалалтын төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн багаас World Monument Watch хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг нэр дэвшүүлснийг World Momument Fund буюу Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүд дэмжиж, World Monument Watch хөтөлбөрөөр дамжуулан Чойжин ламын сүм музейг олон улсын анхаарлын төвд авчран, сэргээн засварлалтын талаарх техникийн туслалцаа үзүүлж, олон улсын хамтын ажиллагааг хоёр жилийн турш явуулахаар болжээ.

Өв эрдэнэ хөтөлбөрийн санхүүжилтээр АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Келли энэ оны 6 сард Улаанбаатарт ирж, музейн 8 барилгын нөхцөл байдлын судалгааг хийж хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг боловсруулж байгаа нь олон улсын сангийн тусламжтайгаар дэлхийн стандартын дагуу сэргээн засварлалт хийж ажлын суурь судалгаа болсон билээ.

World Monuments Watch 2020 хөтөлбөрт шалгарсан 22 улсын 25 дурсгалт газрууд нь хотжилт, хэт барилгажилт, гэнэтийн осол, байгалийн гамшиг, буруу менежмент, улс төрийн үймээн самуун, мөргөлдөөний улмаас эрсдэлд ороод буй юм. Энэ жилийн хөтөлбөрт Парисын дарь эхийн сүм, Чили улсын Rapa Nui үндэсний парк, Перу улсын Инкачуудын ариун хөндий, АНУ-ын Bears Ears дурсгалт газар, Энэтхэгийн Декан өндөрлөгийн уламжлалт усны систем, Бирмийн уламжлалт фермын барилгууд, Иракийн Mam Rashan сүм, Узбекистаны Бухарын еврейчүүдийн эртний сууц, Пакистаны Anarkali зах, Катманду хөндийн Chivas Chaityas, Египтийн Alexan ордон, Японы Inari-yu барилга, Испаний Axerquнa ордон зэрэг дурсгалт газрууд сонгогдсон байна.

Эдгээрийн адил Чойжин ламын сүм музей нь хотжилт, хэт төвлөрөл, бодлогогүй төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн гачигдлаас болж эрсдэлд орсон түүх соёлын дурсгалт газрын нэгээр сонгогдож дэлхий нийтийн анхаарлын төвд орж, олон улсын тусламж хандив, соёлын өвийн сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдлээ.

Дэлхийн хөшөө дурсгалын сан нь World Monument Watch хөтөлбөрт шалгарсан 22 улсын хамтрагч байгууллагуудтай 2020-2021 онд хамтран ажиллаж,  сэргээн засварлалт, бодлогын нөлөөллийн ажил, сэргээн засварлалтын чадавхыг бэхжүүлэх сургалт судалгаа, дурсгалт газрыг таниулан сурталчлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. World Monuments Watch хөтөлбөр 1996 оноос хэрэгжиж эхэлснээсээ хойш Дэлхийн хөшөө дурсгалын сангаас 110 сая ам доллар бусад ивээн тэтгэгчдээс 300 сая ам долларыг нийт 135 орны 836 түүх соёлын дурсгалт газруудын төсөлд зарцуулсан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.