С.Эрдэнэ: АН руу нулимж, хэрэггүй гэж гарчихаад бие даагчаар орж ирсэн, өөр намаас гуйж ирсэн нөхдүүдийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн нь увайгүй үйлдэл

Twitter Print
2021 оны 05-р сар 06-нд 15:04 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж буй С.Эрдэнэ оролцлоо.

Тэрбээр мэдээллийн эхэнд Ардчилсан намд үүссэн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ "Өнгөрсөн намраас эхлээд АН-ын удирдлагын түвшинд маргаан үүссэн. Үүнийг хууль, дүрмийн хүрээнд шийдэхээр нэлээд ажиллан, асуудал үүсгэж буй хүмүүстэй аль болохоор зөвшилцөх, эвлэлдэх байр сууринаас хандсан.

2020 оны УИХ-ын сонгуульд манай нам олонх болж чадаагүй тул дүрмийн хүрээнд хариуцлагаа хүлээн, намын дараагийн даргад шилжүүлэх үүрэг хүлээлгэн, тамгаа дэд дарга Ц.Туваанд түр шилжүүлсэн. Энэ үеэс эхлэн үл ойлголцол үүссэн гэж харж байгаа. Би нөхцөл байдлыг ажиглан арванхоёрдугаар сар хүртэл ажигласан ч Ц.Туваан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан. Удаа дараа шаардлага тавьсан ч хүлээж аваагүй тул би намын даргын үүрэгт ажилдаа эргэн орсон.

Улсын Дээд шүүхийн тогтоол, Улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нь миний нэр дээр байсан буюу эрх зүйн чадамж хэвээрээ байсан. Энэ дагуу хууль эрх зүйн хүрээнд шилжүүлээгүй тул бүрэн эрх надад хадгалагдаж байгааг хэлсээр байтал олуулаа байвал хуульгүй аашилж болно гэх эндүү ойлголтынхоо хүрээнд хэсэг нөхөд дүрмийн бус үйл ажиллагааг явуулсан" хэмээв. 

"Хэдхэн хоногийн өмнө миний бие Ерөнхийлөгчид нэр дэвших бодол байгаагүй"

Үргэлжлүүлэн тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад нэрээ дэвшүүлсэн талаараа тайлбарлахдаа "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх асуудал өчигдөр дууслаа. Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 8-нд албан ёсны шийдвэрээ гаргана.

Миний бие хэдхэн хоногийн өмнөх хүртэл Ерөнхийлөгчид нэр дэвших бодол байгаагүй. Намын удирдлагуудаас надад санал тавьж байсан ч шийдвэр гаргаагүй байлаа.

АН-ын хувь заяа, Монголд ардчиллыг хамгаалж байгаа суурь зарчим руу заналхийлж байгаа үйлдлүүд гаарч байгаа учир би нэрээ дэвшүүлэхээр шийдсэн.

Хэн дуртай нь гаднаас АН-д өнөөдөр орж ирээд, маргааш нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байгаа нь ёс зүй, дүрэм журам, улстөрчийн ёс зүй алга болсныг харуулж байгаа.

АН руу нулимчихаад, АН хэрэггүй гэж гарчихаад бие даагчаар орж ирсэн нөхөр, өөр намд явж байгаад гүйж ороод ирсэн нөхөр АН-ын нэр дээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж байгаа нь үнэхээр увайгүй харагдсан. Иймд би АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдэн, нөхдийн хамт, дүрмийн хүрээнд шударгаар өрсөлдөж, гишүүдийн олонхын саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан" хэмээв. 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Та ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Хүн унана гэж барилддаг юм уу. Би Монголын ард түмэнд итгэж байгаа. Дарангуйллын эсрэг тэмцэж байна. Ардчилсан намын олон мянган гишүүний итгэл хүсэл, нийт монголчууд, иргэн сонгогчийн дэмжлэг, сонголтыг авч чадна гэж үзэн нэрээ дэвшүүлсэн.

-Рейтингээ харсан уу?

-Улс төрийн рейтингийг хэн дуртай нь гаргадаг. Хэн нэгний рейтингийг гаргах хуулийн хугацаа дууссан.

-УИХ дахь Ардчилсан намын гишүүд таныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд та гишүүддээ хариуцлага тооцох уу. Хэрэв энэ 11 гишүүн намаасаа гарвал та нэр дэвших эрхгүй болно. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Би өөрөө гарын үсэг зурж, 11 хүнийг нэр дэвшүүлсэн. Миний бүрэн эрх дуусаагүй байгаа. Өөрсдийгөө нам гэж нэрлээд байгаа хүмүүс нам биш. УИХ-д байгаа бүлгийн гишүүд бол Ардчилсан намыг төлөөлж, намын бодлого шийдвэрийг УИХ-д гүйцэлдүүлэх үүрэгтэй болохоос биш нам биш юм.

Талбай дээр өлсгөлөн зарлаж буй гишүүддээ сэтгэл зовниж байгаа. Эрүүл мэнд, аюулгүй байдалд намын удирдлагууд бид санаа зовниж байна. Мөн хариуцлага тооцох эсэхийг намын удирдлага шийддэггүй. Үндсэн дүрмийн хороо асуудлыг шийддэг дүрэмтэй.

АН-ын гишүүд үзэл бодол, байр сууриа илэрхийлэх нь нээлттэй. Өөр байр суурь, өөр үзэл бодол илэрхийллээ гэж миний хувьд хариуцлага тооцохгүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.