Хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн тэтгэмж 100 мянгаар нэмэгдэнэ

Twitter Print
2020 оны 05-р сар 10-нд 15:29 цагт
Мэдээний зураг,

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх II багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн билээ.

Энэ хүрээнд дараах хөтөлбөр, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

• 0-18 насны хүүхэд бүрт олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд сар бүр 100.0 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх

• Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхөд олгож байгаа хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг хоёр дахин өсгөж 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд нэг хүүхдэд 16.000 төгрөг, насанд хүрсэн нэг гишүүнд 32.000 төгрөгт хүргэж тус тус нэмэгдүүлэх

• Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэврийн хэмжээг 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд сар бүр 288.000 төгрөгт хүргэж нэмэгдүүлэх

Нийгмийн халамжийн одоогийн тэтгэврийн хэмжээ 188.000 төгрөг байгаа бөгөөд Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг хамрагдана. Энэ арга хэмжээнд нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээгээр тэтгэмж авдаг байнгын асаргаа шаардлагатай, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй 11 мянга гаруй хүүхдүүд мөн хамрагдана.

Энэхүү арга хэмжээ нь короновируст халдварт цар тахлын үед төрийн анхаарал халамж зайлшгүй шаардлагатай өрх, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулж, өдөр тутмын хүнсний наад захын бүтээгдэхүүн болон дархлаа дэмжих хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад бодит дэмжлэг болох юм.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.