Ж.Гончигдорж: Хэрэх өвчний үед халуурах мэт удаан хугацаагаар бие жихүүцэн бадайрна

Twitter Print
2022 оны 10-р сар 11-нд 10:55 цагт
Мэдээний зураг,

Манба Дацан Нэгдсэн Эмнэлгийн тасгийн эрхлэгч, УАУ-ы Их эмч Ж.Гончигдоржтой хэрэх өвчний шалтгаан, эмчилгээний талаар ярилцлаа.

-Ревматойд артритыг  өрнийн болон дорнын анагаах ухаанд хэрхэн авч үздэг вэ?

-Өрнийн болон дорнын анагаах ухаанд өөр өөрийн өвчний ангилал зүйгээс хамаарч нэр нэршил, эмчилгээний хувьд ялгаатай байна.

Ревматойд артрит нь аутоиммуны гаралтай, үе өвдөх, хавдах мөн хөшүүн болж хөдөлгөөн нь хязгаарлагдах зэрэг шинж тэмдгээр  илэрдэг архаг явцтай, хамгийн түгээмэл тохиолддог үений үрэвсэлт эмгэг юм. УАУ-д хэрэх өвчнийг шалтгаан нөхцөл, ангилал, шинж эмчилгээ гэсэн дөрвөн зүйлээр номлосон байдаг.

Үе мөчний ихэнх өвчин монгол орны эрс тэс уур амьсгалтай холбоотой. Хэрэх өвчин нь шар ус, гурван гэм буюу хий, шар бадганы тэнцвэрт байдал алдагдаад удсан, мөн тунгалаг цөвийн боловсролт алдагдсанаас, чийгтэй нойтон газар удаан хугацаанд ажиллаж, амьдарсан, тослог шимтэй идээ буюу шингэхэд хүнд хэлбэрийн хоол хүнсийг урт хугацаагаар хэрэглэснээс тунгалаг эс боловсрон шар ус дэлгэрч мах, арьс, яс, судас, бүлх шөрмөсний үйл ажиллагааг үе шаттайгаар алдагдуулж, улмаар  барилдуулагч бадганы үйлдлийг доройтуулснаас хэрэх өвчин үүснэ.

-Энэ өвчнөөр өвдсөн бол ямар шинж тэмдэг илрэх вэ. Ямар хүндрэлүүд гарах уу?

-Хэрэх өвчний үед халуурч байгаа мэт удаан хугацаагаар бие жихүүцэн, даарч, бие бадайрна. Өглөө унтаад сэрэхэд биед хөшинги илэрнэ, толгой, сүүж, бэлхүүс, хоёр гарын сарвуу гэх мэт жижиг үеүд өвдөж хавдана. Мөн дөрвөн мөчний том үеүд өвдөнө. Биеийн тамир доройтож, залхуу хүрч, хоолны дуршил муудан, их хөлрөмтгий болдог. Яс үес шархирч өвдөнө. Хэрэх өвчнийг ерөнхийд нь цагаан хэрэх, хар хэрэх гэж хоёр хуваан, түүнийгээ задлан нийтдээ зургаа ангилдаг. Цагаан хэрэх нь том үеүдийг хамардаг харьцангуй өвдөлт багатай. Харин хар хэрэх нь өвдөлт ихтэй, жижиг үенүүдийг хамардаг.

-Хэдэн насныхан илүү өвчилдөг вэ?

-Уламжлалт анагаах ухааны онолын хувьд нас заасан зүйлгүй. Практик дээр ажиглахад 40-өөс дээш насны хүмүүст илүү тохиолдож байна. Сүүлийн үед энэ өвчин улам бүр залуужиж байгаа нь манай орны цаг уур, хүн амын эрүүл мэндийн боловсрол болоод эрүүл аж төрөх ёс алдагдсантай холбоотой болов уу.

-Идээ ундаа, явдал мөрийн талаас ямар гам, дэглэм барих вэ?

-Явдал мөрийн талаас  дулаан, чийггүй орчинд амьдрах, ажиллах, спортоор хичээллэх, цэвэр агаарт гарах, сунаж мөргөх, дасгал хөдөлгөөнийг дадал болгох хэрэгтэй. Идээ ундааны талаас амин дэм эрдсээр баялаг, шингэхэд хялбар хөнгөн чанарын хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Үүнд:

– Загасны мах

– Ногоо (бууцай, байцаа, цэцэгт байцаа)

– Шинэ ногоо, исгэлэн биш төрлийн жимс жимсгэнэ болон бор гурил, хөх арвай, цэцэгт байцаа гэх мэт хөнгөн чанарын хоол хүнсийг хэрэглэх, ходоодны галын илч сайжирсан үед хонины мах хэрэглэж болно.

Транс тосонд шарж хуурсан хоол хүнс, халуун ногоо, давс,  даршилсан бүтээгдэхүүн, хиам, өндөг, цагаан гурил, сахар, исгэлэн шүүслэг жимс, айраг, ааруул, архи, пиво, хорхог гэх мэт идээнүүд нь өвчний үе шатыг хүндрүүлж архагшуулдаг тул зайлшгүй хориглох хоол хүнс юм. Хоолыг эм мэт хэрэглэхгүй бол, эмийг хоол мэт хэрэглэнэ гэсэн үг бий шүү дээ. Аливаа өвчнийг анагаахад эмчлүүлэгчийн идээ ундаа, явдал мөрийн зөв дадал нь маш чухал ач холбогдолтой.

-Хэрэх өвчний үед ямар эмчилгээг хийх вэ. Энэ эдгэрдэг өвчин үү?

-УАУ-ы нарийн онолын дагуу эмчилгээг үе шаттайгаар хийснээр үений өвчнүүдэд өндөр үр дүн үзүүлдэг. Манай эмнэлгээр үйлчлүүлэхээр ирж байгаа эмчлүүлэгч нарын нийтлэг нэг алдаа нь хаана хандахаа мэддэггүй. Интернэт, фейсбүүкийн группүүдээс тэр сайн энэ сайн гэсэн эм болон тосон түрхлэгүүдийг дур мэдэн хэрэглэдэг. Олон давтамжтай антибиотик эмчилгээнүүдийг хийлгэж тухайн үеийн шинж тэмдэг зовууриудыг намдааж явсаар, үений эргэшгүй өөрчлөлтөд орчихсон ирдэг нь туйлын харамсалтай санагддаг.

Зөвхөн үе ч гэлтгүй олон эртхэн тогтолцоог хамруулж өвчний явцыг хүндрүүлчихсэн байх нь бий. Уламжлалт анагаах ухаанд өвчнийг боловсруулах, хураах, нядлах, сүүлийг таслах гэсэн үе шат зарчмын дагуу эмчилдэг ч өвчний эхлэл явц, үе шат, идэвхижил, ямар эрхтэн системийг хамарсан зэргээс шалтгаалан хүн бүрд тусгайлсан эмчилгээг оновчтой хийх нь зүйтэй.  Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээг үе шаттай хийлгэх хэрэгтэйг зөвлөж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.