
Дахиад л НҮҮРСНИЙ ХУЛГАЙ!
Хорио цээрийн БӨМБӨЛӨГ ТЭЭВЭР дундуур ч хил, гаалийнханы НҮҮРСНИЙ ХУЛГАЙ зогссонгүй!
Хил, гаалийн удирдлагууд хуйвалдаж ”нүүрсний хулгай” хийдэг нь хэдэн жилийн өмнө ил болсон ч манайхан хэсэг шуугиж байгаад л өнгөрсөн. Хэн ч ямар ч хариуцлага хүлээгээгүй. Энэ хулгай өнөөдөр ч үргэлжилж байна. Саяхан Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор хил гаалийн хариуцлагатай албан тушаалтнууд хуйвалдаж, нүүрсний хулгай хийсэн хэрэг дахиад илэрчээ. Үүнийг манай хууль хяналтынхан илрүүлээгүй. Харин Гашуунсухайт боомтод шинээр томилогдож очсон удирдлагууд нь илрүүлэн холбогдох байгууллагуудад шилжүүлээд байна. Урьдчилсан байдлаар 2000 тн буюу 15 машин хулгайн нүүрс БНХАУ-руу гарсан болох нь тогтоогдоод байна. Хатуу чанга хөл хорионы үеэр нүүрсний жолооч нар бөмбөлөг үүсгэн тээвэрлэлт хийж буй.
Гэтэл 7 машинтай нэг компаний машин хуваарьт захирагдалгүй, 4 хэн хоногийн зайтай өдөрт тав, таваараа өөр өөр жолоочтой гарч нүүрс хулгайлжээ. Хулгайн нүүрсэнд ямар ч гаалийн бүрдүүлэлт хийхгүй,Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тэргүүтэй татвар хураамж огт төлдөггүй учраас улсад маш хохиролтой. Дээрээс нь татвараа төлөөд, ээлжээ хүлээгээд, дүрмийн дагуу явж байгаа хэсэгт нь үнэхээр шударга бус. Уг нь бүртгэл, тооцоо , бүрдүүлэлт, хяналт шалгалт бүгд нийлж байж хилээр гаргах учраас энэ хэргийн цаана гааль, хил, мэргэжлийн хяналт, магадгүй Хятадын тал бүгд хуйвалдсан нь тодорхой.
Өнгөрсөн хугацаанд Гашуунсухайтын боомтод дарга томилоогүй нилээд удсан. Энэ хооронд орлогч дарга нь хариуцан ажиллаж байсан бөгөөд орлогчоор нь өмнө нь гаалийн лац ломбоны асуудалд холбогдон дуулиан тарьж байсан Б.Мөнх-Амар гэгч ажиллаж байжээ.
Энэ хугацаанд уг нүүрсний хулгай гарсан байна .Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан Гашуусухайт боомтын орлогч дарга Б.Мөнх-Амар,Зөрчил хариуцсан ахлах байцаагч Эрдэнэбаяр, Ханбогд инженеринг ХХК-ийн захирал, Хилийн цэргийнхэн, гаалийн байцаагч тэргүүтэй 10-аад хүнээс тайлбар авч, хэргийг шалгуулахаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газар, проукурор, Сангийн яам зэрэг холбогдох газруудад өгөөд байна. Уг нь гааль, хил, энд ажиллаж байгаа төрийн хариуцлагатай албан тушаалтнууд бүгд төрдөө тангараг өргөсөн хүмүүс.
Энэ дотор шударга хүмүүс зөндөө бий. Гэтэл хамгийн үл бүтэх, авлигачид, хулгайч нар нь албан тушаал дэвшиж, шударга хүмүүсийнхаа толгой дээр нь гарна. Тэднийг томилж байгаа хүмүүс нь авлигачид учраас аль их мөнгө өгсөн нь дарга болдог ажээ.
Улс орноо боддог шударга хүмүүст албан тушаал худалдаж авах мөнгө байхгүй учраас адгийн хулгайч нар нь төрийн эрхийг гартаа авч хулгайлсаар байна. Тэр том машинтай нүүрсийг түмний нүдэн дээр хулгайлж байгаа хүмүүс юу ч хийхээс буцахгүй ээ.
Сэтгүүлч Б.Отгон
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.