
Айл гэр гал голомтын чухал хэсэг бол гал тогооны хэсэг. Тиймээс айл өрх бүр “Гал тогооны соёл”-ыг ихэд эрхэмлэж байх хэрэгтэй юм.
Тухайлбал:
-Галтай зөв зохистой харьцаж, түлэгдэж гэмтэхээс болгоомжилно. Галд бузар бохир зүйл хийж түлэх, чанаж буй хоол, цайгаа галд дэврүүлж асгах зэргээр бузар муу хиншүү, хярвас гаргаж болохгүй. Учир нь галын бурхан хилэгнэнэ хэмээн цээрлэдэг.
-Хоол чанаж бэлтгэсэн сав суулга, идэж уусан аяга хэрэгслээ бохир чигээр нь байлгалгүй, тэр даруй даруйд нь угааж, цэвэрлэж, замбараатай байрлуулна. Бохир сав суулга, аяга тавганд элдэв өвчин үүсгэгч нян, бактерууд үржиж, янз бүрийн өвчлөлийг үүсгэнэ.
-Хоолыг идэхэд зохистой хэмжээнд тохируулж хийж бэлтгэнэ. Илүү бэлтгэсэн хоолоо асгаж хаяад байвал идээ, эдлэл хэрэглэх амны хишиг доройтох тул цээрлэнэ. Эсвэл хаяхгүй гээд хоносон, муудсан хоол идвэл ходоод зэрэг хоол боловсруулах эрхтэнээ өвчлүүлнэ.
-Хооллож байхдаа хов жив ярих, нэгнийгээ муушаах зэргээр сэтгэлд таагүй яриа, үйлдэл гаргахгүй, сэтгэлд зохистой үг яриа ярьж, бусдад хэрэгтэй, зөв мэдээллээ товчхоон солилцдог байхыг эрхэмлэнэ.
Хоол, цайгаа бэлтгэх, хэрэглэх зэрэг “Гал тогооны соёл”-ын зөв төлөвшил нь гэр бүлийн гишүүдийн сахилга бат, хувь хүний төлөвшилд төдийгүй, гэр бүл нийгмийн эерэг харилцаа, бие сэтгэлийн эрүүл оршихуйд чухал нөлөө үзүүлдэг.
Ганбаатарын Одонцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.