
Меккагийн Мухамед ба Исламын урсгалууд
Өнөөгийн Саудын Араб улсын баруун хэсэгт орших Мекка хотын ойролцоо Мухамед хүү төржээ. Багадаа өнчирч хоцорсон тул авга ах дээрээ өссөн гэдэг. Авга ах нь элсэн цөлийг туулж тэмээн жин хийдэг, хотдоо нөлөө бүхий худалдаачин хүн байжээ.
Залуу Мухамед ч мөн адил жин тээж, арилжаа, худалдаа хийх зорилгоор олон газар, хотуудыг үзсэн байна. Тэрээр нэгэн ууланд очиж бодож, бясалгах дуртай байж. Нэгэн удаа тэр ууландаа бясалгаж суухад нь түүн дээр Бүтээгч эзэн (бурхан)-ий элч, сахиусан тэнгэр Габриель өөрийн биеэр ирж бурхны үгийг дамжуулсан гэдэг.
Тэрбээр “Хүний нүдэнд үл үзэгдэх Аллах хэмээх цор ганц бурхан бий. Хүмүүс түүнд захирагдаж, түүний өмнө хүлцэнгүй байх ёстой” гэж хэлсэн гэдэг.
Анх тэрээр энэ нууцыг зөвхөн ойр дотнын хүмүүстээ хэлжээ. Түүхэнд өгүүлснээр 613 оноос эхлэн тэр олон нийтэд хандан бурхны үгийг дамжуулах болсон байна. Гэвч нүүдэлчин Арабууд олон бурханд итгэдэг байсан тул цорын ганц бүтээгч эзэн буюу Год бий гэх сургаальд нь итгэж дагах хүн цөөхөн байлаа.
Залуу Мухамед төрөлх хотоо орхин одож Медина хотод очиж номлолоо айлдаж эхлэв. Медина хотод тэр үед Еврэйн баян гэр бүлүүд их нөлөөтэй байжээ. Харин Арабууд ядуу байсан бололтой.
Мухамед шударга ёсыг тогтоох, баячууд нь ядууст туслах ёстой гэх зэргээр нутгийн Араб иргэдийн сэтгэлийг татаж чаджээ. Ийнхүү анхны үнэнч дагагч нартай болсноор нэгэн шинэ дэлхийн шашин үүсэх эхлэл тавигдав.
Мухамед Медина хотод ихэд амжилт олов. Хүмүүс маргаанаа шүүлгэхээр түүнд ирдэг байлаа. Мөн Исламын шашинд элсэгчдийн тоо ч хурдтай өсөв. Учир нь түүний шинэ шашин араб хэлээр сургаал номлолоо айлдаж байсан тул харь хэлээр номлодог жүүдайзмыг шүтэгчид болон христийн шашинт арабууд ч тэр шашнаа сольцгоов.
Мухамед удалгүй арми байгуулж төрөлх Мекка хотоо эзлэн авахаар дайтаж эхлэв. 630 оны эхээр Мухамед Мекка хотыг эзлэн авчээ. Ингэснээр Арабын олон овог аймгууд чөлөөлөгч Мухамедэд хүчээ өргөхөөр ирж нэгдэцгээх болсон байна.
Мухамед ийнхүү зөвхөн шинэ шашныг үндэслэгч төдийгүй, шинэ төр үүсгэн байгуулсан хаан болов. Арабууд ийнхүү Мухамедын шашны дор нэгдсэнээр улам хүчирхэгжиж, худалдаа наймаа цэцэглэн хөгжив.
Худалдаа наймаагаар дамжин Исламын шашин нь араб биш үндэстнүүдийн дунд тархах болжээ. Мухамедийг тэнгэрт хальсны дараа түүний залгамжлагч нар нь зэр зэвсгийн хүчээр шашнаа түгээх, улсаа томруулах ажлыг үргэлжлүүлсэн байна. Эзэлж авсан улсууддаа татварын ялгавартай систем тогтоож байлаа. Исламын шашинтнууд арай бага татвар төлж байсан нь сүсэгтнүүдийнхээ тоог өсгөх эдийн засгийн хөшүүрэг болж байсан байж болох юм.
Манай эриний 950 орчим онд одоогийн Киргизстаны нутаг орчим амьдарч байсан Түрэг угсаатнууд уламжлалт шашнаа орхиж Исламын шашинд орцгоов. Тэд ч мөн Исламын шашныг зэр зэвсгийн хүчээр түгээх аян дайн хийх болсон гэдэг.
Мөн өнөөгийн Афганистан орчимд амьдарч байсан Түрэг угсааныхан Исламд орсон ба удахгүй бослого гарган өөрсдийн улсыг байгуулж байжээ. Тэд Энэтхэгийг довтолж шинэ шашнаа хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдож байв.
Селжукууд (түрэг угсаатан) мөн 1071 он орчим баруун зүг довтолж Византын эзэнт гүрний армийг ялснаар Ислам Европ руу нэвтрэх үүд хаалгыг нээв.
Их Монголын эзэнт гүрний үед Монголчууд түрэг, араб, перс үндэстнүүдийг байлдан дагуулсан ба Исламын шашныг анхандаа төдийлөн тоосонгүй. Гэвч хожим Ил Хаант улсын Монгол хаад Исламын шашинд орсон байдаг.
Алтан Орд хант улсын (зарим түүхчид Зүчийн улс гэдэг) Монгол хаад (Өзбег хаан) мөн бөө мөргөлийг хорьж улмаар Исламын шашныг авчээ.
Цагаадайн хаант улсын хойчис мөн л исламжив. Энэтхэгийг эзэлж Их Могул улсыг байгуулсан хаад мөн л Исламын шашинтан байжээ.
Юань гүрний үед Монгол төрд хүчээ өргөж байсан түрэг угсааны генерал, жанжин олон байв. Тэд бүгд Исламын шашинтан байсан тул Юань гүрэн тэднийг “Монголчуудын дараа орох хоёрдугаар зиндааныхан” хэмээн дархалж байв.
Монголчууд эзэлж авсан улсынхаа хүн амтай харьцуулахад хэтэрхий цөөн байсан тул тэнд зонхилох шашныг хүлээн зөвшөөрөх замаар өөрсдийн хаанчлалыг “зөвтгөдөг” байсан биз ээ.
Өнөөдөр Ислам нь дэлхийд хоёрт орох том шашин болж чаджээ. Дотроо олон урсгалтай. Гэхдээ ерөнхийдөө Сүннит ба Шиа гэсэн хоёр бүлэгт хувааж болно гэж үздэг. Гол ялгаа нь Мухамедыг хэн залгамжлах вэ гэдэг дээр ялгаатай байр суурь баримталдаг.
Сүннитүүд Мухамед хэнийг ч залгамжлагчаар нэрлээгүй гэж үздэг гэнэ. Түүний үнэнч шавь нар ба овгийн ахлагч нар сонгууль явуулж нэгнээ тодруулсан байна. Тэгж тодорсон хүнийг Халиф гэнэ.
Шиа нар харин Мухамедын үеэл нь албан ёсны залгамжлагч мөн гэж үздэг байна. Ийнхүү залгамжлагчийг ямар аргаар сонгох вэ гэдэг асуудлаар хуваагдсан Сүннитүүд ба Шиа урсгалынхан хоорондоо өрсөлдөн тэмцсээр ирсэн байдаг.
Суннитууд Коран судрыг бурхны үг гэж үздэг. Харин зарим урсгалынхан нь Кораныг хүн бичсэн гэж үздэг байна. Коран судар бол Исламын шашинтнуудын хувьд ариун бичиг мөн бөгөөд итгэл бишрэлийн үндэс болдгоороо хуучин ба шинэ Библитэй адилтгаж болно.
Ийнхүү олон зууны тэртээ Мухамед тэгш эрх, гэгээрэл, ухаарал, шударга ёс, бурханыг хүлцэхүйг сурган шинэ шашныг үндэслэсэн ба сүсэгтэн олон нь түүнийг Бурханы элч (пропет) хэмээн дээдэлдэг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.