"Хээгүй, хийгүй" Ерөнхийлөгч нар

Twitter Print
2014 оны 03-р сар 15-нд 10:47 цагт
Мэдээний зураг,
 

Өнөөдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол төрд ухаан суулгах ажлаа эхлээд явж байгаа. Тэгвэл  П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр гэсэн өмнөх гурван Ерөнхийлөгчийн үед Монгол төр ямар ч ухаангүй, урсгалаараа яваад байсан хэрэг үү гэсэн асуулт гарч ирэх нь ойлгомжтой. Энэ ч утгаар “хээгүй, хийгүй”  Ерөнхийлөгчдийн тухай бяцхан дурсамж сэргээгээд үзье. Монголчуудаас “хээгүй” алдар хүртсэн П.Очирбат 1990 оны 3-9 саруудад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байгаад 1992 оны хоёрдугаар сар хүртэл БНМАУ-ын цор ганц бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгчөөр ажилласан онцгой хувь заяатай нэгэн.

1992 онд МАХН-аас сонгогдон Ерөнхийлөгч болж нэг жил ажиллаад 1993 онд ардчилсан хүчнээс нэр дэвшиж, МАХН-аас нэр дэвшигч Л.Түдэвтэй өрсөлдөн ялалт байгуулж, ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр тодорч байв.

Анхны Ерөнхийлөгч өөрөө ихээхэн азтай эр хэдий ч  БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргатайгаа нийлээд төр барьсан долоон жил нь монголын ард түмний хувьд ёстой л “хамраараа газар хатгасан” он жилүүд байсан юм. Дэлгүүрийн лангуун дээр цай, давс, цуу, пүнтүүз дөрвөөс өөр хүнсний бүтээгдэхүүн байхгүй болтлоо хоосорч, бараг л хагас өлсгөлөнгийн он жилүүдийг чухамдаа П.Очирбатын үед монголчууд туулж, шүд зуун даваад гарсан түүхтэй.

П.Очирбат Ерөнхийлөгчийг ажлаа авах үед монголчууд хоёр сая нэг зуун жараад мянгуулаа болоод байж. Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Ерөнхий сайд П.Жасрайгаар толгойлуулсан МАХН-ын Засгийн газар улс орны эдийн засаг, санхүүг барьж байв. П.Очирбатын бүрэн эрхийн сүүлийн нэг жил буюу 1996 оны  долоодугаар сарын 19-нөөс, 1998 оны дөрөвдүгээр сарын 23-ны хооронд ардчиллын он жилүүд дэх Монгол Улсын хамгийн амжилттай Засгийн газар болох Ерөнхий сайд М.Энхсайханы толгойлсон танхим ажиллаж байв. Чухамдаа П.Очирбатыг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхад буюу 1991 оны нэгдүгээр сарын 15-нд Улсын бага хурал хаалттай хуралдаж алдарт 20 дугаар тогтоолыг батлан гаргасанаар мөнгөний ханш навсайтлаа унаж, монголын нийгэм, ард түмэн тэр доргилт, цохилтоос ангижрах гэж нэлээн хэдэн жил шар махтайгаа хатсан юмдаг.

“Хээгүй” Ерөнхийлөгчийн нэртэй яах аргагүй салшгүй холбоотой хамгийн том ажил бол 1991 оноос хэрэгжиж эхэлсэн “Алт” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Монгол Улс жилд дунджаар 720-800 кг алт олборлож байжээ. 1991  онд  улсын хэмжээгээр зургаахан аж ахуйн нэгж алт олборлож Монгол банкинд 806 кг алт тушааж байсан бол 2005 онд 131 аж ахуйн нэгж 15232.9 кг алт тушааж байсан нь  1991 онтой харьцуулахад 20 дахин өссөн үзүүлэлт юм. Ингэж Монгол банкны алтны нөөц эрс нэмэгдсэн нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд дорвитой нөлөө үзүүлсэн нь маргаангүй. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр “Алт” хөтөлбөрийн шууд нөлөөгөөр 551 гол, 483 нуур, 1587 булаг, шанд хатаж, ширгэж алга болсон хэзээ ч арилшгүй хар толбо бий.

Санаачлан хэрэгжүүлсэн  “Алт” хөтөлбөрөөсөө  хамгийн их ашиг  хүртсэн хүн нь яах аргагүй “хээгүй” Ерөнхийлөгч гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Учир нь энэ хөтөлбөрийн нэгдүгээр лицензийг өөртөө олгож социализмын үед хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон Хэнтий аймгийн Батширээт суман дахь алтны ордыг эзэмшиж, алтыг нь сорчлон ухаж аваад уг ордоо Хятадын нэгэн компанид 800 мянган ам. доллараар зарчихсан түүх бий. Өнөөдөр “хээгүй” Ерөнхийлөгч маань “Энержи Ресурс” ХК-ийн зөвлөх хийгээд дутагдах гачигдах зүйлгүй подхийтэл амьдарч яваа билээ. Сонирхолтой нь өнгөрсөн сонгуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн Дархан аварга, Б.Бат-Эрдэнэ  П.Очирбатын төр барьсан долоон жилд,  долоон удаа улсын наадам, Цагаан сарын барилдаанд түрүүлж 14 удаа П.Очирбатад үнсүүлсэн байдаг.

Долоон жил төрийн эрх барьсан П.Очирбат 1997 оны зургаадугаар сарын 20-нд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Багабандид тамга тэмдгээ хүлээлгэж өгснөөр “хийгүй” Ерөнхийлөгчийн эрэн үе эхэлсэн түүхтэй. Монгол төрийн тэргүүнээр 2005 оны зургаадугаар сарын 18-ныг хүртэл хоёр  удаа сонгогдон ажилласан Н.Багабандийн үед  монголын түүхэнд хамгийн олон Засгийн газар солигдсон түүхтэй. Найман жил Ерөнхийлөгчийн сэнтийд залрахдаа долоон Засгийн газрын нүүр үзсэн “хийгүй” нь дэндсэн эр бол Н.Багабанди. Түүнийг Төрийн тэргүүн байхад одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр ч удаа Ерөнхий сайдаар ажиллаад үзсэн сонирхолтой түүх бий. Гайгүй ажиллаж байсан М.Энхсайханы Засгийн газрыг унагаангуутаа  МҮАН-ын дарга байсан Ц.Элбэгдорж 1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ерөнхий сайд болсон ч ердөө гуравхан сар болоод жинхэнэ ордны хуйвалдаанаар онхолдож байсан түүхтэй. Монгол Улс бараг л зургаан сар албан ёсны Ерөнхий сайдгүй явсан тэр л үед ардчилсан хүчнийхэн Да. Ганболдыг Ерөнхий сайд болгохоор долоон удаа оруулж ирсэн ч “хийгүй” Ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь няцаасаар 1998 оны 12 дугаар сар хүртэл гүрийсэн билээ. Да. Ганболдын долоон удаагийн бүтэлгүйтлийн дараа Ж.Наранцацралт 1998 оны 12 дугаар сарын 9-нд арайхийн Ерөнхий сайд болсон ч долоохон сар болоод ОХУ-ын Ерөнхий сайд С.Степашинд явуулсан дуулиант захидлаасаа болоод бас л огцорсон базаахгүй түүх байдаг.

Түүний араас Н.Туяа, Р.Амаржаргал, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар “хийгүй” Н.Багабандийн үед Ерөнхий сайдаар ажилласан түүхтэй.

Н.Багабандийн хоёр дахь бүрэн эрхийн хугацааны сүүлийн нэг жилээс эдийн засгийн бага зэргийн сэргэлт ажиглагдаж эхэлснийг эдийн засагчид тэмдэглэсэн байдаг.

2000 онд ДНБ 632.5 тэрбум төгрөг байсан бол Н.Багабанди Ерөнхийлөгчийн ажлаа Н.Энхбаярт хүлээлгэж өгсөн 2005 онд 1.329.1 тэрбум төгрөг болж өссөн байжээ. Нэг хүнд ноогдох ДНБ 2000 онд 264.6 мянган төгрөг байсан бол 2005 онд 527.3 мянган төгрөг болж нэмэгдсэн байв. Н.Багабанди Монгол Төрийн тэргүүнээр ажилласан найман жилийнхээ хугацаанд элдэв хэл аманд өртөлгүй ёстой л “хийгүй” туулаад гарсан санагдана. Тиймдээ ч ихээхэн нэр хүндтэйгээр Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан. 2005 оны зургаадугаар сарын 24-нд Н.Энхбаярт тамга тэмдгээ хүлээлгэж өгснөөс хойш “Титэм үг” тэрлэсэн шиг ээ суусан Н.Багабанди харин Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусныхаа дараа Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон 2013 оны 9 дүгээр сар хүртэл  ажилласан нь жаахан базаахгүй гуншин түүнд авч ирсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүн гадаадын компанид ажиллаж, тэднээс өндөр цалин, хангамж эдэлж байгаа нь ёс зүйд нийцэхгүй гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас эхлээд шүүмжлэх хүн захаас аваад л байсан. “Бузар аргаар булга нөмөрч явснаас ариун хөлсөөрөө олсон адсага нөмөрсөн нь дээр” хэмээн титэм үг тэрлэж суудаг Н.Багабанди Ерөнхийлөгчийн талаар цухас дурьдвал иймэрхүү. Ямартай ч Монгол Улсын эхний хоёр Ерөнхийлөгч иймэрхүү зам мөртэй явжээ. Харин Монгол Улсын түүхэнд сайнаар ч, саараар ч дуудагдах тавилантай гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухайд дараа тусад нь үргэлжлүүлэх болно.

Д.Монгол

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.