Токио хот сурагчдын үсний өнгө, засалттай холбоотой журмаа цуцалжээ

Twitter Print
2022 оны 03-р сар 15-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Токио хотын удирдлагууд тус хотод үйл ажиллагаа явуулдаг ахлах сургуулиудад сурагчдын үсний засалт, үсний өнгө, дүрэмт хувцасны дотуур өмсөх хувцасны өнгө зэрэгтэй холбоотой мөрдөгдөж байсан журмыг цуцлахаар болжээ.

Улсын 200 орчим сургууль, боловсролын байгууллагуудад мөрдөгддөг зарим нэг журам ирэх 4-р сараас цуцлагдах ба тэдгээрийн дотор сурагчид хар үстэй байх, эрэгтэй сурагчдын үс богино байх ёстой гэсэн журам багтаж байгаа аж.

Өнгөрсөн жил Токиогийн 240 сургуульд хийсэн судалгаагаар 216 нь сурагчид төдийгүй боловсролын салбарынхны хуучинсаг гэж үзэж буй журмуудыг хэрэгжүүлдэг нь тогтоогдсон аж.

Токио хотын Боловсролын зөвлөлийн гишүүн Юто Китамүра дээрх журмуудыг цуцалж байгаа нь боловсролын салбарт гарч буй том ахиц дэвшил хэмээн тодорхойлсон бол Каори Ямагүчи болж буй үйл явдалд баяртай байгаа ч боловсролын салбарынхан сурагчдад тулгарч буй асуудлуудыг шийдэх гэж хэтэрхий удсан хэмээн үзжээ.

Японы ахлах сургуулиудад сурагчдад тавьдаг шаардлагуудтай холбоотой асуудал олны анхаарлыг татаж, сүүлийн хэдэн жилүүдэд шүүмжлэлд ихээр өртөх болсон юм.

Өнгөрсөн жил Миэ мужид үйл ажиллагаа явуулдаг бүх ахлах сургуулиуд сурагчдын үсний засалт, үсний өнгө, дотуур хувцасны өнгө зэрэгтэй холбоотой бүх журмыг цуцалсан ба мужийн эрх баригчид тэдгээр журмуудыг хэт хуучинсаг гэж үзжээ. Жишээ нь Японы зарим сургуулиудад сурагчдыг дүрэмт хувцасны дотуур зөвхөн биеийн өнгөтэй майка эсвэл футболка өмсөх, дотуур хувцас нь зөвхөн цагаан, саарал, хөх эсвэл хар өнгөтэй байх гэх мэт журам мөрддөг байна.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.