Самсунг компанийн өв залгамжлагчийг баривчлах хүсэлтэнд татгалзсан хариу өгчээ

Twitter Print
2020 оны 06-р сар 09-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

Сөүлийн шүүхээс Самсунг компанийн өв залгамжлагчийг баривчлах хүсэлтэнд татгалзсан хариу өгчээ. Сөүлийн прокурорын албанаас Самсунг Группын захирал И Жэ Ёнийг санхүүгийн луйвар хийж, хууль бусаар хувьцаа шилжүүлсэн, худалдан авсан хэрэгт буруутгаж байгаа билээ.

Шүүхээс баривчлах зөвшөөрөл өгөөгүй ч прокурорын алба шалгалтаа үргэлжлүүлж, шинэ баримт нотолгоон дээр суурилан И Жэ Ёнийг баривчлах хүсэлт дахин тавина гэдгээ мэдэгдээд байна. Прокурорын албанаас мэдээлж байгаагаар 2015 онд И Жэ Ён Самсунг Групп дэх эрх мэдлээ нэмэхийн тулд компанийнхаа хоёр охин компанийг нэгтгэжээ. Ингэхийн тулд тэрээр тэр үед БНСУ-ын Ерөнхийлөгч байсан Пак Гын Хэгийн найзын ашгийн бус хоёр байгууллагад 43 тэрбум вон төлж, улс төрийн дэмжлэг авсан аж.

Тодруулбал, И Жэ Ён төрийн өмчит тэтгэврийн сангаас компаниудаа нэгтгэхэд шаардлагатай дэмжлэгийг авч чаджээ. 2017 оны 2-р сард И Жэ Ёнийг Ерөнхийлөгч асан Пак Гын Хэтэй холбоотой хэргээр баривчилсан ба түүнийг авлига хээл хахууль өгсөн, хилийн чанадад хөрөнгө мөнгө нуусан, худал мэдүүлэг өгсөн зэрэг хэрэгт буруутгасан билээ. Самсунг Группд өндөр албан тушаал хашиж байсан 3 хүнийг баривчилж, шүүхээс тэдэнд хэрэгт холбоотой эд баримтыг устгасан хэргээр хэдийн хорих ял оноогоод байгаа юм. 51 настай И Жэ Ён нь БНСУ-ын хамгийн том компанийн нэг болох Самсунг Группийн захирал бөгөөд Самсунг компанийг үүсгэн байгуулагч И Бён Чүлийн ач хүү юм.

Тэрээр БНСУ болон Японы томоохон их сургуулиудыг төгссөн ба гэр бүлийнхээ Самсунг Группыг өв залгамжлахаар бэлтгэгдэж байжээ. И Жэ Ён 2009 онд Самсунг компанийн Ерөнхийлөгч, 2013 онд Самсунг Электрониксийн дэд захирлаар томилогдож байсан аж. 2014 онд түүний аав зүрхний шигдээс болсоноор И Жэ Ён албан бусаар Самсунг Группыг бүхлээр нь удирдаж эхэлсэн гэж хэлж болох аж. Форбс сэтгүүлд бичсэнээр И Жэ Ёнийг хөрөнгө 6.6 тэрбум ам. доллар аар хэмжигдэх гэнэ. 2017 оны 8-р сард шүүхээс И Жэ Ёнд 5 жил хорих ноогдуулсан ч 6 сарын дараа Сөүлийн Дээд Шүүх түүний хорих ялыг түдгэлзүүлж, И Жэ Ён суллагдсан юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.