
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ сарын 14-нд Казахстанд айлчлал хийх талаар Казахстаны Гадаад харилцааны яамнаас мэдэгджээ. Хятадын төрийн тэргүүний хувьд энэ нь 2 жил гаруйн хугацааны дараа гадаад улсад хийж буй албан ёсны анхны айлчлал болж байгаагаараа онцлогтой юм.
Ерөнхийлөгч Ши Жиньпин Казахстаны Ерөнхийлөгч Кассим-Жомарт Токаевтай уулзаж, талууд хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байгаа аж.
Казахстан нь БНХАУ-ын хувьд чухал ач холбогдолтой улс юм. Хоёр улс нягт харилцаатай бөгөөд Казахстан Хятадад ашигт малтмал, металл, эрчим хүч экспортлохоос гадна Хятадыг Европтой холбох гүүр болдог юм. Казахстанд хийх айлчлалынхаа дараа Хятадын төрийн тэргүүн энэ долоо хоногт Узбекистаны Самарканд хотод болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын уулзалтанд оролцох аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Гадаад харилцааны зөвлөх Юрий Ушаковын өнгөрсөн долоо хоногт Самарканд хотод болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын чуулга уулзалтын үеэр Оросын төрийн тэргүүн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөсөн талаар дурдсан билээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх төлөвтэй байгааг ажиглагчид онцолж байна. Хоёр улсын худалдааны эргэлт 2022 оны эхний 7 сарын байдлаар 30 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Ши Жиньпин 2013 онд БНХАУ-ын төрийн тэргүүн болсноосоо хойш В. Путинтай нийт 38 удаа уулзжээ. Сүүлд хоёр орны төрийн тэргүүнүүд Бээжингийн Өвлийн Олимпын наадмын нээлтээр уулзсан ба нээлтийн үйл ажиллагааны дараа Ши Жиньпин, В. Путин нар бүх салбарт хамтарч ажиллах тухай хамтын мэдэгдэл гаргаж, хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурцгаасан билээ.
ОХУ Украин руу довтолсон явдлыг Бээжингийн зүгээс шүүмжлэхээс түдгэлзэж байгаа бөгөөд ОХУ Украин руу цэргээ оруулсан явдлыг "цэргийн тусгай ажиллагаа" гэж тодорхойлж байгаа юм.
Барууны орнууд ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор Москвад орчин цагийн түүхэн дэх хамгийн хатуу хориг арга хэмжээнүүдийг тогтоосонтой холбоотойгоор В. Путин Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа зузаатгах бодлогыг баримталж эхэлсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт В. Путин ОХУ-аас Хятад руу байгалийн хийг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан экспортлохоор болсныг мэдэгдсэн юм.
Газпром компанийн хувьд Хятад руу хий экспортлох "Сибирийн хүч-2" хоолойг Монголд барих хувилбарыг олон жилийн турш судалжээ.
Шинээр баригдах хоолой нь жилд 50 тэрбум м. куб хий дамжуулах ба энэ нь ОХУ-ын Европт нийлүүлж байсан нийт хийн экспортын 1/3- тэй тэнцэх аж.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.