Ч.Энхээ: “Ардчиллаа хамгаалъя” гэсэн өмчирхүү уриаг дэвшүүлж, сүр бадруулан хашгирах бүрт зорьж, зүтгэж байснаасаа ямар их алсалснаа улам илүү ойлгох юм

Twitter Print
2021 оны 05-р сар 14-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

Ардчиллаа хамгаалъя” гэсэн уриа ихдэж байгаад санаа тайвангүй болж байна. Үнэнээсээ ингээд байна уу, үймүүлэхээр ингээд байна уу гэдгийн алин болохыг ойлгосонгүй. Угаасаа өнөөдөр ардчиллыг өмчилж, хэн нэгнээс хамгаалахаар сэлэм, жад хангинуулан сүржигнэдэг цаг хэдийнэ элин одсон баймаар. “Ардчилал” гэдэг үгийн утга нь тухайн улс орны иргэдийн олонхийн хүсэл зоригийг төрийн үйл ажиллагаанд харгалзан тусгах замаар иргэдээ хангалуун чинээлэг, амар тайван амьдруулах явдал, өөр юу ч биш.

Энэ утгаар өнөөдөр дэлхийн бөөрөнд оршин тогтнож байгаа бүх улс орнууд, хаант хийгээд үндсэн хуульт хаант засаг, социалист хийгээд коммунист тогтолцоотой бүхий л улс орнууд ардчиллын төлөө л явж байгаа. “Чадлынхаа хэрээр хийж, хийснийхээ хэрээр хүртэх” бүр цаашилбал хэрэгцээнийхээ хэрээр хүртэх зорилтыг өнөөдөр бүх л улс орнууд өмнөө тавьж байна, энэ бол ардчиллын агуулга. Саяхан хүртэл коммунист дэглэмтэй улс орнууд нийгмийн тогтолцоогоо “ардчилсан тогтолцоо” гэдэг байсныг, бид хүртэл тэднийгээ “ЗХУ тэргүүтэй ардын ардчилсан орнууд” гэдэг байсныг, коммунист Германыг “Бүгд найрамдах Ардчилсан Герман улс”, өнөөгийн Хойд Солонгосыг “Бүгд найрамдах Ардчилсан Солонгос ард улс” гэж тодотгож байгаагаа бүгд гэнэт хуугаараа мартсан гэж үү?

Харин энэхүү нийтийн ардчилалд хүрэхээр улс орнуудын сонгосон зам мөр ялгаатай байх бөгөөд, зарим нь Америк маягийн загварыг шилдэг нь гэж үзээд, хэрэгжүүлэхээр ханцуй шамладаг бол зарим нь коммунист үзэл санааг төрийн үндсэн бодлого болгох замаар, зарим нь уламжлалт хаант засгийнхаа эрх мэдлийг их бага хэмжээгээр хумих замаар дээрх агуулгыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздэг.

Энэ бол хэлбэрийн асуудал бөгөөд ардчилсан тогтолцоог цогцлооход аль нь илүү дөхөм болох тухай маргаан одоо ч эцэслээгүй л байна, өөрөөр хэлбэл, улс орнуудын ардчилалд хүрэхээр сонгосон зам мөрийн чухам аль нь ардчиллын агуулгад илүү дөт болохыг өнөөдөр нэг их мэдэмхийрэн цэцэрхэх цаг болоогүй байна. Тэр тусмаа гучаадхан жилийн өмнө Монголын анхны Шинэ коммунист намын суурийг тавьж, анхны дарга нь болж, намынхаа үйл ажиллагаандаа марксист-ленинист арга зүйг бүтээлчээр хэрэгжүүлнэ гэдгээ ил тунхаглаж, “Бид өндөр хөгжилтэй социализмыг өндөр хөгжилтэй капитализмаас дээгүүр нийгмийн шат гэж тодорхойлж байна” хэмээн хэвлэлээр зарлаж асан Бат-Үүл өнөөдөр бусдыг “муусайн коммунистууд, ногоон малгайтнууд” хэмээн зүхэх нь бүр ч зохимжгүй.

Коммунист дэглэмийг хэрэгжүүлэх оролдлогын явцад маш олон хүн хэлмэгдсэн нь үнэн, гэхдээ барууны ардчилал үүнээс илүү цэвэр, сайхан замыг туулсан гэж үү? Өөрийн колони байсан Энэтхэг, Австралийн уугуул иргэдийг хоморголон хядаж байх үедээ Их Британийн төрийн тогтолцоо өнөөгийнхөөс өөр байсан хэрэг үү? Алжирын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийг шоронд хорьж, тамлаж, буудаж байсан Франц улс өнөөгийнхөөс өөр тогтолцоотой байсан гэж үү? Америкийн уугуул иргэдийг муу агаартай газарт нутаг заан цөлөх замаар идээшин дассан газрыг нь булааж, хар арьстнуудыг Линчийн шүүхээр шүүж хохироож байсан АНУ, өнөөгийн АНУ хоёр юугаараа ялгардаг юм бэ? Ардчиллыг агуулгаар нь донсолгоо саадгүй дардан замаар хөгжүүлж, үлгэр жишээ, төгс хэрэгжүүлсэн улс орон хаана байна? Бүгд л энэ зорилтын төлөө явахдаа алдаа гаргаж байсан, одоо ч гаргасаар байгаа бус уу?

Тэр утгаараа “Ардчиллыг маань дарангуйллаар солих гээд байна, цаана чинь, хамгаалаарай, өмгөөлөөрэй” гэж сүйд майд болохын цаана агуулга, хэлбэр хоёрыг зориудаар хутган бантагнуулах замаар, хувийн ашиг завшаанаа гүйцэлдүүлэх гэсэн оролдлого нэвт шувт үнэртээд байх юм. Ардчилал гэдэг, агуулгаараа бол олон намын тогтолцоотой болмогц л хэрэгжээд, цэцэглээд, мандаад эхэлдэг эд биш, нэг нам, нэг хүн эрх мэдлийг гартаа авах нь гэж талбай дээр хашгирсны зоргоор навсага гээд унаад өгдөг ч эд биш ээ. Хэлбэр, агуулга хоёрыг ингэтэл хутгаж, бусдын толгойг эргүүлэх гэж оролдох хэрэггүй, энэ нь нийгмийн талцал, бухимдлыг улам дэвэргэхээс цаашгүй.

Яг бодит байдал дээрээ барууны ардчилалын хэлбэр Монголд маань нэг л идээшиж, өөриймшиж чадахгүй байгааг бид бүгдээрээ л харж байна. Эдийн засаг унаж, хүн амын олонхи нь ядуурлын өмнө тулж, ирээдүйд итгэх итгэлийн гэрэл гэгээ бүдгэрсээр гуч гаран жил боллоо, сонгуульд оролцож байгаа нам болгон үүнийг өөрчилнө гэж том том ярьж, цээжээ дэлдэх боловч, ойрын ирээдүйд энэ байдал өөрчлөгдөнө гэх найдлага улам холдсоор л байна.

Олон намын тогтолцоо, байнгын ажиллагаатай парламентын хэлбэрийг улс орны хөгжлийг хурдасгах, иргэдийг сайн сайхан, хангалуун амьдралд хүргэх хөшүүрэг болж чадна гэсэн чин итгэлтэйгээр, анхнаасаа үүнийг хэрэгжүүлэхийн төлөө явсан миний хувьд өнөөгийн энэ байдал илүү гашуун, илүү хүнд байна, гэхдээ хэн бүхний нүдний өмнө ил байгаа үнэнийг яалтай. Гэхдээ энэ нь агуулгын биш, хэлбэрийн алдаа, мэдлэг чадвар дутуугаас болж агуулгаа огт ойлгоогүй, эсхүл буруу ойлгосон хүмүүст, намд бид итгэл хүлээлгэж, сонгож, нөгөөдүүл нь хэрэгжүүлэх арга замаа буруу төлөвлөөд байгаагийн л хаялга, өөр учир шалтгаан байхгүй.

Өнөөдөр Монголд байгаа улс төрийн намуудын алинд ч ард иргэдээ элбэг хангалуун, амар тайван амьдруулах зорилгоосоо ухарч байна гэж хардах үндэслэл харагдахгүй байна. Тэгэхээр бидний зорьж байгаа ардчиллын агуулгад өөрчлөлт ороогүй гэсэн үг. Зөвхөн зарим нэг намын удирдлагад байгаа цөөн хүмүүсийн хувьд хувийн ашиг сонирхлоо энэ зорилгоосоо дээгүүрт тавьж байгаа байдал бол харагдана.

Тэр тусмаа, чухамдаа тэд л “Ардчиллаа хамгаалъя” гэсэн өмчирхүү уриаг дэвшүүлж, нийгмийг бужигнуулах гэж оролдож, сүрийг бадруулан, их дуугаар хашгирч байгаа нь хэн бүхэнд ил.

Үүнийг сонсох бүрт бид гуч гаран жилийн өмнө зорьж, зүтгэж байснаасаа ямар их алсалснаа улам илүү ойлгох юм. Бидний үеийнхэн агуулга талаас нь хардаг байсан “Ардчилал” гэдэг үг өнөөгийн улс төрчдөд хувийн эрх мэдэл, эд хөрөнгийн шуналаа гүйцэлдүүлэх зорилгоор хэрэглэдэг нэг удаагийн баг, бамбай болж хувирсан юмдаг аа.

Чимэдийн Энхээ

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.25.46) 2014-03-20 16:22
      • 0
      • 0

      sain bn engeed ajilaad bai demjij bn

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.151) 2014-03-18 18:26
      • 0
      • 0

      Одоо араас нь Ард кино театр, Хүүхдийн номын сан, Чехийн элчингийн байр, Бамбарууш кафе гээд л хөвөрч өгнө дөө.

      Хариулах