
БНХАУ-ын эрх баригчид Alibaba компанид Хятадын түүхэнд байгаагүй асар өндөр хэмжээний торгууль ноогдуулахаар төлөвлөж буй талаар Уолл Стрийт Жорнал сонинд бичжээ.
Хятадын Зах зээлийн хяналт, зохицуулалт хариуцсан алба 2020 онд Alibaba компанийг монополийн эсрэг хууль зөрчсөн хэргээр шалгаж эхэлсэн юм. Alibaba компани эрх баригчдын зүгээс явуулж буй шалгалтанд өөрсдийн зүгээс хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэдгийг онцолж байсан билээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хятадын эрх баригчид Alibaba компанид 2015 онд Qualcomm компанид ноогдуулсан торгуулиас өндөр торгууль ноогдуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Тухайн үед Qualcomm компани 975 сая ам. долларын торгууль төлж байсан аж. Түүнчлэн Хятадын эрх баригчид Alibaba компаниас цахим худалдааны Taobao эсвэл Tmall гэсэн 2 платформынхоо аль нэгээс нь татгалзахыг шаардах гэнэ. Alibaba групп нь Хятадын цахим худалдааны хамгийн том компани бөгөөд 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тус групп нь Alibaba Pictures, AliExpress, Taobao, Tmall зэрэг компаниудыг эзэмшдэг юм.
Тэрчлэн БНХАУ-ын Зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах төрийн захиргааны байгууллага баасан гаригт хууль бус монополь үйл ажиллагаатай холбоотой 10 өөр гэрээ хэлцэлд хамаарах 12 компанид торгууль ногдуулах арга хэмжээ авахаар болсон талаар мэдэгдлээ.
Зах зээлд хууль бус монополийн үйл ажиллагаа явуулсан компаниуд дунд “Baidu Inc”, “Tencent Holdings”, “Didi Chuxing” болон “ByteDance” зэрэг Хятадын технологийн салбарын тэргүүлэгч компаниуд багтаж байгаа аж.
БНХАУ-ын холбогдох албан тушаалтнуудын мэдээлснээр зах зээлд шударга бусаар өрсөлдсөн дээрхи 12 компанийг тус бүр 500 мянган юань буюу 77 мянган ам.доллараар торгосон байна.
Эх сурвалж: Ria.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.