ЭНЭМТ-ийн зөвхөн эрүү, нүүрний тасагт жилд 4,000-5,000 хүүхэд хагалгаанд ордог, яагаад гээч...

Twitter Print
2022 оны 01-р сар 15-нд 08:45 цагт
Мэдээний зураг,

ЭРҮҮЛ ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ

Хэд хоног охинтойгоо эх нялхаст хэвтэхэд хүүхдүүд маань аав ээж бид нарын буруу эрхлүүлэлт, мэдлэгэгүй харанхуй, хэнэггүй байдлаас болж хичнээн их шаналж зовж байгааг хараад үнэхээр харамсалтай, зүрх шимширмээр байлаа.

Мэс заслын тасагт хандаж буй ихэнх өвчнийг энгийн зөв хооллолт, дадал зуршлаар бүрэн сэргийлэх боломжтой харагдах юм. Шүд нь цоорч, эмчлүүлэйгүйгээс болж амны хөндийн идээт үрэвсэл болсон, бугалаа, хатиг, олгой гэсэн оноштой маш олон хүүхдүүд хагалгаа хийлгэхээр ирж байна. Эх нялхсын эрүүл мэндийн төвийн зөвхөн эрүү нүүр амны тасагт л гэхэд жилд 4000-5000 хүүхэд ирж хагалгаанд ордог гэнэ. Энэ нь зөвхөн амны хөндийн эрүүл мэнд, чихэр чипс, амттан жүүсний хэт хэрэглээ, буруу дадал зуршлаас болж үүсэж буй өвчлөл бөгөөд амны хөндийн эрүүл мэндээ сахиж, бага насны хүүхдийн шүдийг угаач өгч, анхаарал халамж тавихад хүүхдүүд маань энэ муухай өвчнөөр өвдөж, хагалгаанд хүртэл ортлоо явахгүй байх боломжтой юм.

Хамгийн харамсалтай нь хагалгаанд ороод хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг ээж аав, эмээ өвөө нар нь юугаар хооллож байна гээч. Чихэр, жүүс, печень, амттан, торт! Энэ бол хэтрүүлэг биш! Ор болгоны хажуудах тавиур дээр юугаар яаж хийсэн нь мэдэгдэхгүй чихэртэй жүүс, элдэв амттан, чихэр байна. Дөнгөж хоолонд орж байгаа нялх үрээ Чокопай, чихэрлэг жүүсээр хооллохыг хараад дуугай өнгөрч чадахгүй нь ээ. Яагаад вэ? Эдгээр чинь танай хүүхдүүдэд хоол, шим тэжээл болох уу, дархлааг нь улам султгаж өвчнийг нь улам даамжруулах уу гэдгээ яагаад ялгаж салгаж мэдэхгүй байгаа юм бэ? Тэгээд чихэр печенээр өдөржин хооллочихоод шөлтэй устай хоол унд ирэхээр манай хүүхэд ерөөсөө хоол идэхгүй юм гэж гомдоллоно. Ингээд хатиг, буглаа болсон хүүхэд нь 3 дахь удаагаа хагалгаанд орж байна гэж халаглана.

Холбоотой Зураг

Бас нэг зүйл бол НОЙР! Нойр хүүхдэд маш чухал, хүүхдүүдээ утас, зурагтнаас хол байлгаж эрт унтуулж амраах ёстой гэдгийг эрх биш мэдэж баймаар. Гэвч хагалгаанд орсон, эмчилгээ тариа хийлгэж байгаа хүүхдүүдээ огт унтуулахгүй, 12 цагийн тариагаа хийлгэчихээд унтуулна гээд байлгаад байх юм. Гэртээ мөн иймэрхүү хэв маягтай байдаг гэдэгт би эргэлзэхгүй байна. Шөнийн 11, 12 хүртэл ТВ, утсаа оролдоод өглөө 6, 7 цагт босож хичээлдээ явдаг хүүхдүүдийн дархлаа яаж сайн байхав дээ?

Хүүхдүүд маань биднээс хамаагүй илүү цагаар унтаж амарч байж эрүүл өсөж бойжиж, дархлаа нь тогтдог учиртай. Наснаасаа шалтгаалаад өдөрт 10-14 цаг унтаж байх ёстой. Иймд өглөө 7 цагт босож сургуульдаа явдаг хүүхэд оройн 21 цаг гэхэд орондоо орсон байх шаардлагатай юм шүү!

cell phone and child зурган илэрцүүд

Тэгэхээр цөмөөрөө бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ хооллолт, хэвшилд нь нэн даруй өөрчлөлт оруулж, эрүүл зөв хооллож сургах нь бидний ҮҮРЭГ гэдгийг мөн ухамсарлах хэрэгтэй! Ялангуяа өвлийн улиралд дархлааг нь сайн дэмжиж, өөрсдийн гараар хийсэн амттай, шим тэжээлтэй хоолоор хүүхдүүдээ хооллож, чихэр, чипс, жүүс ундааны хэрэглээг нь хязгаарлах хэрэгтэй шүү.

Ээж аав бид л авч өгөхгүй бол хүүхдүүд маань тэдгээр амттаныг идэхгүй шүү дээ! Мэдээж хүүхэд болсон хойно хаяадаа зайрмаг, амттанаа идэлгүй яахав. Харин өдөр бүр чихэр, чипс, ундаа идүүлэхгүй, хэрэггүй энгийн нүүрс усны хэрэглээгээ хязгаарлаж, эрүүл зөв хооллохыг хэлж байгаа юм шүү!

Хүүхэд бол бидний толь. Хүүхдээ ямар байхыг хүсэж байна вэ, та ӨӨРӨӨ тийм байж, үлгэр дууриал байх нь эцэг эх таны ҮҮРЭГ!

Лидагийн Оюунтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Unuruu

      (66.181.161.88) 2019-12-02 16:05
      • 0
      • 0

      Eej bna gedeg n yag yamar vvreg hariutslaga hvleeh ve gedgiig jiremsen veiin hicheel bolgoj oruulj uguh heregtei

      Хариулах