Дүүдээ бичсэн захидал

Twitter Print
2020 оны 05-р сар 19-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

Сайн байна уу, дүү минь?

Миний дүү тэгэхэд жоохоон байсаан. Нэгэнтээ 80-аад оны эхээр нутгийн яруу найрагч Т.Галсан гэрээр маань зочлонгоо ганц ахдаа хань болон мэндэлсэн хөөрхөн дүүд минь зориулж “Дүү…” гэдэг шүлгээ уншиж байж билээ. Тэр үедээ ихэд сэтгэл хөдөлж, дүүд минь зориулж уншсан болохоор бүгдийг нь цээжээр мэддэг байж билээ.

Ахдаа түшиг болж төрсөн дүү минь одоо харин өсч том болоод

“…Нүдгүй шуурганаар мянган адууг ч

Нөмөрлөж хураамаар

Ханхар эр болж дээ, овоо доо…

Монгол нутаг баян юм чинь

Морин чинээ молор эрдэнэ олдоно шүү дээ

Аавын биенээс түрүүлээд тасархсан

Ах л чамд минь олдохгүй шүү дээ...” гэсэн мөртэй.

Ингэж яруу найрагч аядуухан дуугаар уянгалуулан уншихад эгчдээ тэврүүлсэн хөөрхөн дүү минь хархан сэвлэгээ бөмбөлзүүлэн, борхон хацраа гэрэлтүүлэн инээмсэглэж байсансан…

Үнэхээр ханхар сайхан эр болсоон, миний дүү. Хүн болгон л сайхан залуу болжээ гэдэгсэн. Одоо гэтэл дүү минь алга. Юутай уйтай.

Таван жил өнгөрчээ, тэр цагаас хойш. Харин өнөөдөр миний дүүгийн төрсөн өдөр. Одоо ч итгэж чаддаггүй юм, эгч нь. Хаа нэгтээ нөгөө л дөлгөөхөн харцаараа эргэн тойрноо харчихаад ээжээсээ нуугдан ганц тамхи сэмхэн татчихаад оръё гээд орцны хавьд зогсож байгаа юм шиг, эсвэл нөгөө л гүжирмэг зангаараа хөдөө явчихаад ирлээ гэсээр тоос шороонд дарагдчихсан, цагаан шүдээ гялалзуулан инээгээд ороод ирэх юм шиг л санах.

Гэвч дүү минь чи үл үзэгдэх, үл сонсогдох аяндаа үүрд мөнх явчихжээ. Эгч нь үнэндээ эвлэрч чадахгүй нь. Ямар их санаж байгааг үгээр ч хэлэхийн эцэс алга. Цаг хугацаа бүгдийг эдгээнээ, цаг хугацааны эрхээр гайгүй болноо гэсэн үгэнд итгэж байсан. Гэвч яагаад ч юм харин цаг хугацаа өнгөрөх тусам хөөрхөн дүү минь чамайгаа улам их санаад байна.

Нэг их гүндүүгүй эр хүн шиг гүжирмэг мөртлөө ээждээ нялхамсуу байсан, дүү минь. Ямар сайндаа л ганц өрөө байр зовж, зовж авчихаад тэрэндээ ганц шөнө хоночихоод “Ганцаараа байх чинь ёстой аймаар юмаа. Өглөө босоод ээж байхгүй, муухай эвгүй хонолоо” гэсээр хөнжил гудсаа тэврээд хүрээд ирж. Аав уурлаж, ээж өмөөрч, бид шоолж байж билээ.

Ханиад ч хүрж үзээгүй хөрслөг бор дүү минь тун ч золгүй байдлаар хорвоог зуурдаар орхисон. Тэр өдөр маш халуун өдөр байж билээ. Ажил, ажил гэж явсаар хэдэн өдрөөр ч тааралддаггүй байсан дүүтэйгээ тэр өдөр харин санамсаргүй тааралдаж билээ. Айхтар халуун өдөр байсан. Орой хөлбөмбөгийн тоглолт эхлэхээс өмнө хийх ажлаа амжуулчихаад Туул гол руу гялс сэрүүцчихээд ирнээ гээд зогсож байсан, дүү минь. Тэрхэн зуур хэдхэн үг солиод салж явахдаа үүрд хагацаж байгаагаа мэдээгүй. Харин дотроо “гутал нь жаахан муудаа юу даа” л гэж бодож зогссон. Ханхар цээжтэй, сайхан царайтай, өндөр залуу. Бас аль дээрээс тавьсан тав гэзэгтэй. Ер нь л нэг монгол сайхан эрийн хэв шинжтэй. Бахархаж байсан чамаараа, эгч нь. Харин ердөө хэдхэн минутын дараа эмнэлгээс ярьж, дүү чинь усанд осолджээ, байхгүй шүү гэж хэлэхийг сонсоод “юу байхгүй гэж” гэж ихэд гайхан асууснаа санадаг юм.

Хөөрхөн булбарай царайтай, ердөө л дөнгөж сая инээмсэглэж байсан болов уу гэмээр төрхтэй дүүгээ цагаан бүтээлгэний цаанаас харах тэр агшин. Бүлээхэн байна шүү дээ гэж миний арай ядан хэлэх бүдэгхээн дуу... Час улаан уруултай сувилагч бүсгүй горьдлого тээсэн харцны минь өөдөөс толгойгоо сэгсрэх тэр агшин...

Ээждээ хэлэх гээд очиход өмнөөс харж байсан тэр харц, хөхөөрөө даллаад хүүгээ айдасгүй үдэх эх... Яасан аймаар, яасан аймаар… Болдог бол зүгээр алга болоод, эсвэл зүрх сэтгэлээ тэр чигт нь хоослоод хаячихмаар тэр аймшигтай агшин… Таван жил өнгөрөхөд бодол санаанд минь шив шинээрээ… Өө, ийм амархан уу гэх гоморхол… Цөхрөл…

Хонгорхон дүү минь ээ, яагаад ийм хурдан буцчихсан юм бэ. Тэр ертөнцийн сайхан нь юу юм бэ? Эжийдээ, эгч нартаа, ганц ахдаа ирэх л гэж энэ хорвоод зорьж ирчихээд хамаг сайхан нь бүрдсэн цэл залуу насандаа юунд “явчихсан” юм бэ? Ийм л бодол байнга сэтгэлд эргэлдэнэ.

Чамайгаа ийм хурдан хорвоогоос буцчихна, биднийгээ гунигийн далайд унагана чинээ зүүдэнд ч ороогүй болохоор дүүдээ сайн сайхан үг хэлэхээсээ илүү, зэмлэж голсон үг хэлж гомдоож байсан болов уу гэж бодохоос зүрх шимшрэх юм. Тэгчихгүй яав даа, ингэчихгүй яав даа гэсэн харуусал зөндөө. Түмэнтээ уучлаач, миний дүү.

Хөөрхөн дүүдээ хайртай гээд ганц удаа ч болов хэлчихгүй яав даа, надаас өндөр ханхар эр болсон ч өсгийгөө өргөөд үнсэж байх минь яалаа, өөрөө залуу яваагүй юм шиг гоочилж, голж байхын оронд болноо, бүтнээ, сайн байна, мундаг шүү гэж урамшуулж, тэтгэж байх минь яалаа… Яалаа, яалаа… Энэ олон яалаа одоо нэгэнт хожимджээ…

Дүү минь, чи амьдралд тун хайртай, өмнөө тавьсан маш том зорилготой байсан. Дүүгийнх нь ажил их сайн байгаа. Хойтон гэхэд бизнесээ амжилттай явуулаад Жагаа эгч ээ, таны оюутан хүүхдүүдийн сургалтын зардалыг даана, Зоригоо ахаа, танаас зээлж татсан тамхиныхаа оронд гоё тамхи боодлоор нь авч өгнөө, Баяраа ажаа, танд гоё палааж авч өгнө, ээжийгээ сайхан машин унуулаад гоё газар зөндөө олныг үзүүлнээ гэнэ. Зөндөө олон гоё, гоё мөрөөдөлтэй байсан. Бид нар ч “за, тэгээрэй, тэгээрэй” гээд шоолонгуй байна. Даанч дээ…

Дүү минь ээ, орхиод одсон ээж чинь таван жил нэг өдөр ч алгасахгүй зул барьж чинийхээ замыг гэрэлтүүлж байгаа болохоор миний дүү алзахгүй ээ. Ах, эгч нар нь дүүдээ хайртай гэж сэтгэлдээ мянга түмэнтээ хэлж, сэтгэлдээ уйлж байгааг чи минь харж, мэдэрч байгаа гэж сэтгэлээ хуурнам, бас горьдном.

Бас он цагийн эрчилээст хэзээ нэгэн цагт чамтайгаа “уулзана” гэсэн горьдлого, бас сэтгэлдээ хадгалсан бүхнээ уудлана гэсэн итгэлтэй байдаг шүү. Тэр болтол сайн сууж байгаарай, дүү минь.

Чамдаа маш их хайртай, эгч нь.

2015 он

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.