Монголын балчир Токаевууд уншигтун!

Twitter Print
2022 оны 01-р сар 07-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Казакстан дотоодын асуудлаа шийдэж чадсангүй, Орос зэрэг зургаан орны цэргийг улс орондоо хаалга дэлгэн орууллаа даа. Одоо гар хоосон босогчид эрх чөлөө, эдийн засгийн эрүүл харилцаа хүссэнийхээ төлөөсөнд амиараа дэнчин тавьж, эх орондоо гадныханд намнуулж байна.

Н.Назарбаевын зээ хүү Лондонд мансууруулах бодист донтсоор амиа алдсан гэдэг мэдээлэл бий. Тэрээр гэр бүлийнхнийгээ буруутгаж, өөрийн ээжийг гаднын мафийнхны гар хөл болдог талаар илчлэн ярьсан байдаг. Харин Лондонд нас барсан зээ хүү Айсултаны аавын цогцос амиа хорлосон байдалтай олдоод шуугиан тасарчээ.

Назарбаев бол дэлхийн уран, хий, нефтийн том тоглогч. Тиймээс түүнд өөрийн амины залгамжлагч хэрэгтэй. Тэр нь Касым Жомарт Токаев. Өдгөө 67 настай. Назарбаевийг албан ёсоор залгамжлах хүртлээ 15 жил дэргэдээс нь бараг холдоогүй. Дипломатч гэдгээр нь олон улс мэддэг. Ж.Токаев Назарбаеваас албан тушаалыг нь төдийгүй алба, амь холилдсон гэр бүлийн олон талт бизнесийнх нь аюулгүй байдлыг ч бас өвлөн хамгаалж үлдсэн. Аль ч утгаараа 80 настай Назарбаев 67 настай Токаевийн арьсан дор амьдардаг гээд хэлчихэд ер буруудахгүй.

Н.Назарбаев дарангуйллын маш нарийн сүлжээ тогтолцоог улс орондоо бий болгосон хэдий ч эдийн засгийн хувьд өрнөдийн орнуудын хамгаалалтанд орж чадсан, энэ бодлогоо уул уурхайн орд газрууддаа түшиглэн хэрэгжүүлсэн. 220 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дэлхийн 63 орноос татаж чадсан, Япон, Америк, Итали, Франц, Орос, Хятад, Голланд зэрэг орнуудтай уул уурхайн салбарт хамтран ажилладаг, тэдний хөрөнгийг эх орондоо татан төвлөрүүлж, экспортын бүтээгдэхүүн гаргадаг. Чухам энэ нь л одоо Казакстаны ганц аврал болох нь дээ. Юу гээд л дэлхийн гол тоглогч том корпорациуд өчнөөн тэрбум долларын хөрөнгөө хаяад Казакстаныг аль нэгэн улсын өглөөний цай болгоод үлдээх вэ дээ.

Энэ талаасаа манай Монгол харин Рио Тинтогоос өөр өмнөө барих юмгүй улс болж таарлаа. Уул уурхайгаа эргэлтэнд оруулахдаа гадаад бодлого, тусгаар байдлаа баталгаажуулан хавсаргаж чадсаных нь төлөө Н.Назарбаевийг үнэлэхээс аргагүй. Бүр тэр шуналтай өвгөнд яг энэ тал дээр алга ташимаар байна.

Назарбаевын алдаа бол цөөхүүлээ, хэдүүлхнээ идэж, алтан авсанд арван зуунаар мөнхрөх гэж хэт их шуналтаж, хэт их хорьж цагдан, ард түмнээ татвар, үнээр дарамталж, үг хэлэх мэдэх эрхийг нь хааж боож байсанд оршино. Одоо алтан авс байтугай эх орноосоо зугтагч болчихлоо.

Гэтэл түүний 1970-аад оноос хойш бэлдсэн залгамжлагч Токаев ард түмнийхээ хувьд алуурчин болж үлдэж байна. Назарбаевийн тэрбумтан ач зээ нарын хөрөнгө, эрх мэдлийн төлөө гараа цусанд дүрэхээс өөр арга түүнд байсангүй дээ.

За манайд энэ мэтийн залгамжлал байсаар ирсэн. Ялангуяа МАН бол залгамжлалыг утгаар нь угсруулан хөгжүүлдэг. Н.Энхбаяр хаан заан болоод Ерөнхийлөгчийн суудалд залрахдаа М.Энхболдод Ерөнхий сайдын суудлаа өгч байлаа. Хотын мээрийн албыг ч бас түүнд олон жилээр бэлэглэж байсан. Харин М.Энхболд нь алба өгсөөд явахдаа улаан хацарт хэмээх Батбаярт суудлаа өвлүүлсэн. С.Баяр Сү.Батболдод өвлүүлж, У.Хүрэлсүх Оюун-Эрдэнийг залгамжлагчаараа нэрлэсэн. МАН-ын гишүүд экс эздийнхээ энэ дур хүслийг ярайтал эгнэж суугаад ярсхийтэл гар өргөн баталгаажуулдаг зуршилтай. Токаев шиг алуурчин төрийн ордонд цүнх баригч хийгээд өсч өндийж байх боломжтой гэсэн үг.

Монголын төр 1990 оноос хойш хоёр удаа ийм байдалтай нүүр тулж байсан. Жамбын Батмөнх гаднаас цэргийн тусламж хүсэлгүй, Сайд нарын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байсан бол С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулж хилэгнэсэн олныг намжаах улс төрийн нүүдэл хийж байлаа.

Гэсэн хэдий ч түүнтэй таван иргэний амь холбогддог, цаашдаа ч хусавч арилахгүй. Манай төрийн нялх Назарбаевуудын хувьд Тавантолгойн нүүрс, төмөр зам гээд залгамжлан удамшиж яваа хүчин зүйлүүд, авлигууд цөөнгүй бий, тиймээс цаашдаа Токаевууд төрөх бүрэн боломжтой.

Жомарт Токаев ямар ч тохиолдолд ард түмэнтэйгээ үлдэнэ гэж мэдэгдлээ. Үнэндээ бол ард түмэн нь Назарбаев болон Токаевын 30-аад жил үргэлжилж буй дэглэмээс ангижрах гэж л цусаа урсгаж, амиа зольсон шүү дээ. Гэтэл Токаев дарангуйлалтайгаа хамт үлдэнэ гэнэ ээ.

Хүчирхийлэл гэдэг энэ юм даа, хүйтэн улс төрийн хүйтэн хүч...нэгэнт тогтож, хөрөнгөжсөн дарангуйллыг ганхуулахын тулд эх орноо, эрхэм бүхнээ золих боломжтой гэсэн үг. Нэг бус нэлээн хэдэн үеийнхний халуун цус, хатаагдсан тэвчээрийг золиослодог ажээ. Тиймээс нялх Назарбаевууд аа, наад хэдхэн хүн тойрсон, авлигын сүлжээ болсон идэш уушаа татасхийж, балчир Токаевуудаа хямгадаарай даа.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ха ха

      (192.82.70.124) 2022-01-07 08:51
      • 0
      • 0

      зөв залгамж хийж бвал засаг төр тогтвортой улс орон амгалан бна.тэгээд чинийхээр АН шиг суудлаа булаалдаад бх нь зөв үү. тэгээд ч чамд өөрийн үзэл бодол бдаггүй болохоор хүний үгийг дамжуулдаг бололтой.

      Хариулах

    • Zochin

      (209.151.146.69) 2021-01-15 18:35
      • 0
      • 1

      Eh orondoo ireh huwigui baijdee huurhii. Daanch dee tur zasag mini

      Хариулах