
АРТЕРИЙН ДАРАЛТ ИХСЭЛТТЭЙ ӨВЧТӨНҮҮДИЙГ ИДЭВХИТЭЙГЭЭР ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Томуугийн өвчлөл цус харвалт, зүрхний шигдээс үүсэх эрсдэл нэмэгдэхтэй хамааралтай болох нь хэд хэдэн судалгааны үр дүнгээр тогтоогдсон байдаг. Тэгвэл Дани улсын Копенгагенийн Их Сургуулийн судлаачид зүрх судасны эрсдэл өндөртэй 600 мянга гаруй цусны даралт ихсэлттэй өвчтөнд ретроспектив судалгаа хийж үзээд томуугийн вакцинд хамрагдсан хүмүүс вакцинд хамрагдаагүй хүмүүстэй харьцуулахад нас баралтын эрсдэл 18% бага байгааг олж тогтоосон байна. Үр дүнг 2019 оны сүүлчээр Францын Парис хотноо зохион байгуулагдсан Европын зүрхний нийгэмлэгийн (ESC2019) хуралд танилцуулжээ.
Судалгааны баг Дани улс дахь цусны даралт ихсэлттэй өвчтөнүүдэд томуугийн вакцинжуулалт, нийт нас баралт болон зүрх судасны тогтолцооны шалтгаант нас баралтын эрсдэл хоорондын хамаарлыг судалсан юм байна.
Судалгаанд 2007-2016 оны хооронд томуугийн 9 улиралын хугацаанд 608,452 цусны даралт ихсэлттэй өвчтөнд олгосон тус улсын эмийн жорийн бүртгэлийн өгөгдлийг ашигласан бөгөөд үүнээс 286,829 хүн нь дор хаяж нэг удаа вакцинд хамрагдсан (вакцины бүлэг, дундаж нас 71), 321,623 тохиолдол (вакцин хийлгээгүй бүлэг, дундаж нас 60), судалгаанд хамрагсадын улирал тутмын вакцинжуулалтын хувь 26-36% байжээ.
Ингээд вакцины бүлгийг вакцин хийлгээгүй бүлэгтэй харьцуулахад нийт нас баралтын эрсдэл 18%, зүрх судасны шалтгаант нас баралтын эрсдэл 16%, цус харвалт/зүрхний цочмог шигдээсээс нас барах эрсдлийг 10% -иар тус тус бууруулж байгаа үр дүн гарсан байна.
Судалгааны багийнхан "томуугийн вакцинжуулалт нь цусны даралт ихсэлттэй хүмүүсийн амьд үлдэх байдлыг сайжруулж, зүрх судасны өвчнөөр нас барах эрсдлийг бууруулна" хэмээн дүгнэлт хийжээ. Үүний үйлчилгээний механизмын тухайд томуугийн халдварын улмаас үүссэн өндөр түвшний үрэвсэл нь артерийн судасны дотор хананд тогтсон товрууг амархан задрах байдалд хүргэдэг боловч вакцинжуулалт нь үүнийг урьдчилан сэргийлэх боломжтой болгож байна хэмээн үзэж байгаа юм байна.
Судлаачид “судалгааны дүнд даралт ихсэлттэй өвчтнүүдийн дунд томуугийн вакцинжуулалтын хэмжээ дөнгөж 26-36 хувьтай байгааг олж тогтоолоо. Вакцинжуулалтын урьдчилсан сэргийлэх үр нөлөөг тооцоолж үзэх юм бол цусны даралт ихсэлттэй бүх өвчтөнд томуугийн вакцинжуулалтыг жил бүр хийх зайлшгүй шаардлагатай байж болох юм” гэсэн байнаа.
Эх сурвалж: Дани улсын 600 мянга гаруй хүн амыг хамарсан ретроспектив судалгаа
Ойдовын Батгэрэл Ph.D
bydran.Зочин
(14.37.138.246) 2014-03-22 16:53ar.mongoliin.aldart.duushin.lhagvasvren.min`gantshan.tolin.huliig.duulsani.toloo.ogson.sh.bagdana.tsaana.n.zondoo.zondoo.aguu.er.hvn.
Хариулах