
Өнөөдөр Монгол хүний гайхамшгийг бүтээж чадахын жишээг дэлхий нийтэд таниулсан түүхэн өдөр тохиож байна. Энэ бол одоогоос 40 гаруй жилийн тэртээ олон улсын Интеркосмос хөтөлбөрийн хүрээнд ЗХУ-БНМАУ-ын хамтарсан баг дэлхийн татах хүчнээс гарч сансарт ниссэн түүхэн өдөр юм.
Сансрын ахан дүүс бүтэн гурван жил оддын хотхонд бэлтгэл сургууль хийж 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 42 минутанд “Союз-39”, “Салют-6” хөлгийн даргаар сансрын нисгэгч, ЗХУ-ын хошой, БНМАУ-ын баатар, хошууч генерал В.А.Жанибеков, шинжлэн судлаачаар сансрын нисгэгч, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа нар сансарт ниссэнийг дэлхий даяар мэдээллэж байлаа.
Зөвлөлт-Монголын хамтарсан нислэгийн баг сансрын тойрогт 7 хоног, 20 цаг, 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа бүтэн тойрч эх дэлхийдээ газардсан байна. Энэхүү нислэгийн үр дүнд шинжлэх ухааны олон нээлтийг гаргаж, хүн төрөлхтний түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Мөн Монгол орны түүхэнд зуу, зуун жил дуурсагдах энэ үйл явдалд сансрын нисгэгч, хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, хурандаа Майдаржавын Ганзориг, хамтран нисгэгч ЗХУ-ын хошой, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч Владимир Афанасьевич Ляхов нарыг дурсахгүй өнгөрөхийн аргагүй юм.
Хүн төрөлхтний гайхамшигт үйлс, сансрын нислэгт хамтран бэлдэж хөлгийн дарга, шинжлэн судлаачаар ажиллаж байсан эрхэлхэг хөвгүүдийг үеийн үед алдрыг мандуулах учиртай. Энэхүү сансрын хөтөлбөрийн үрээр олон, олон шинжлэх ухааны судалгааг хийж хоёр орны цаашдын хөгжилд үнэтэй хувь оруулсан билээ.
2021 оны 3-р сарын 16-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар сансрын нисгэгч Ж.Гүррагчааг төрийн дээд одонгоор шагнажээ.
Тус зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэсэн байна.
Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 онд I Екатерина Хатан хаан зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байсан.
Сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн болжээ.
Э.Гүнтөмөр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.