Ялалтын жанжин Г.Жуковын тухай өгүүлэхүй...

Twitter Print
2022 оны 05-р сар 08-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

Г.К.Жуков Дэлхийн II дайныг ЗХУ ба холбоотнуудын ялалтаар өндөрлүүлэхэд нэгдүгээр зэргийн гавъяа байгуулсан гарамгай баатар төдийгүй ертөнцийн түүхэнд No2 дугаарт бичигддэг суут Өрлөг жанжин юм. Нэгдүгээрт Монголын Сүбэдэй баатар орох бөгөөд Чингис хааны есөн өрлөгийн нэг тэрбээр өвгөн буурал болтлоо дайн тулаанд явахдаа ширхэг ч ялагдлыг хүлээгээгүй аугаа жанжин билээ.

Георгий Константинович Жуков 1939 онд Японы түрэмгийллийн эсрэг БНМАУ-ЗХУ-ын цэргийн хүчнийг гарамгай удирдаж ялалтад хүргэснээр Сталин ба ЗХУ-ын УТТ-ныхны анхааралд өртсөн. Эх орны дайны эхний саруудад Жанжин штабын даргаар Москва хотод ажиллаж байгаад Киевийн асуудлаас болж Сталинтай зөрчилдөн сайн дураараа фронт руу явсан. Сталины өөдөөс үнэнийг үнэнээр нь зоригтой хэлдгээрээ гайхагддаг нэгэн.

Цэргийн тактик болоод статегийн шийдлүүдийг бодит хөрсөнд авцалдуулан маш нарийн боловсруулдаг бөгөөд буруу тооцоо гаргаж байгаагүй төдийгүй буруудан ялагдаж байгаагүй юм. Тиймдээ ч гаргасан тооцоо, шийдвэрээ Сталин болоод УТТ-ны өмнө хатуу хамгаалж чаддаг. Яг ийм арга барил, арга ухаан Польш гаралт Зөвлөлтийн жанжин К.Рокоссовскийд мөн байсан гэдэг.

Жуков Германы эсрэг Зөвлөлтийн хийсэн хамгийн том, хамгийн өндөр ач холбогдолтой бүх тулааныг гардан удирдсан, мөн төлөвлөгөөг нь гардан боловсруулсан нэгэн бөгөөд чухам эдгээр төлөвлөгөө, шийдвэрээ Сталины өмнө хамгаалж чадснаар дээрх бүх ажиллагаагаа явуулж, улмаар ялалт байгуулсан байдаг. Үүний хамгийн тод жишээ нь нэг газраа гацаж үзээгүй Германы армийг Ленинградын үүдэнд гацаасан явдал юм.

Үүний уршгаар Гитлерчүүд стратегийн дайралтаа зогсоож урт хугацааны хориглолтод шилжихээс аргагүй болсноор энэ нь тэдний боловсруулсан "Цахилгаан дайн"-ы биелэлт бүтэлгүй болох эхний дохио болов. Түүнчлэн бүслэгдэхийн амтыг мэдрээгүй дайсныг Сталинградын дэргэд бүслэн устгах зорилго бүхий "Цагариг" хэмээх аварга том операцийг тэрбээр Василевскийн хамтаар боловсруулж, ажиллагааг К.Рокоссовскийн удирдсан "Дон"-ы фронт 250 мянган цэрэгтэй Германы 6-р армийн эсрэг бүрэн хэрэгжүүлсэн төдийгүй фельдмаршал Паулюсынх нь хамтаар 91 мянган цэргийг олзолсон юм. Тус ажиллагаа тэр дороо "Уран" операцид шилжиж Германы армийг Сталинградаас хэдэн зуун киломерт ховх цохиж хөөсөн билээ. Энэ бол фашистууд Дэлхийн II дайнд хүлээсэн анхны том ялагдал байлаа.

Мөн "Ирвэс", "Барс", "PzIV" танкууд, "Фердинанд" өөрөө явагч их буугаараа ааглаж дайрсан Германы "Цайз" операцийн эсрэг Жуков Курскийн цүлхэнд "Кутузов" ажиллагааг боловсруулж, өөрөө гардан удирдаж ялалтад хүрсэн түүхтэй. Тус тулаан түүхэнд "Танкийн тулаан" нэрээр алдаршсан бөгөөд түүнд хоёр талаас нийтдээ 6100 танк, 2.2 сая цэрэг, 4200 нисэх онгоц оролцсон юм. Хамгийн сонирхолтой нь Гитлерт энэ тулаан амин чухал байсан учир Курскийн цүлхэнд Дорнодын буюу Зөвлөлт дэх фронтын танкийнхаа 70%-ийг төвлөрүүлсэн байв.

Харин энэ ялалтынхаа үр дүнд ЗХУ-ын тал стратегийн санаачлагыг гартаа бүрэн авсан түүхтэй.

Жуковын бүтээсэн өөр нэг гавьяа нь хэдэн мянган прожектороор дайснаа шөнийн цагаар гялбуулж Берлиний битонон хориглолт, хэдэн давхар хамгаалалтыг сэтэлсэн ур ухаанаараа цэргийн аугаа стратеги-тактикч, суут новатор-инвентор болохоо харуулсан билээ.

Гэхдээ энэ бүгдийн дээр бичигддэг нэг том гавьяа Жуковт бий. Тэр бол Гитлерийн Германыг анх удаа өргөн фронтоор ухрахад хүргэсэн баримт юм. Сталинтай зөрчилдөж Нөөц фронтын командлагч болуутаа Москваг хамгаалах хориглолтыг гардан зохион байгуулсан. Ингэхдээ Москвад 22 км ойртсон Германы шийдвэрлэх цохилтын гол төв нь Можайскийн чиглэл байна гэдгийг урьдчилан зөв тодорхойлж, тэнд цэрэг армийн түүхэнд шинэ шинэчлэлийг авчирсан хориглолтыг зохион байгуулсан нь зогсолтгүй урагшилж явсан генерал-фельдмаршал Гудерианы ялагдашгүй 2-р танкийн армийг урхинд оруулан зогсоосон юм.

Ингэснээр Жуков Москваг амжилттай хамгаалсан төдийгүй ЗХУ-ын армийг Дэлхийн II дайны түүхэнд анх удаа өргөн фронтоор сөрөг дайралтад оруулж, ухарч үзээгүй Германы армийг ухруулж буюу дайсны "Төв" фронтыг нийслэлээсээ 100 гаруй киломерийн холд шийдсэн билээ.

Ийм нэгэн гайхалтай хүний талаар Ялалтын баярын эл өдөр товчхоон, дөмөгхөн хэмжээндээ өгүүлэхэд сайхан байлаа.

Жалсрайн БАЯРЖАРГАЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.