Зөнөгөрөх өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал арга бол оюун ухааныг насан туршид нь зөв мэдлэгээр тэтгэж, хөгжүүлж байх

Twitter Print
2021 оны 05-р сар 16-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Өвчнөөс урьдчилан сэргийлж, буруу сэтгэлийг засах чухал хүчин зүйл бол юун түрүүнд бүх үзэгдэл юмсын мөн чанарын учир шалтгаан, шүтэн барилдлага, уялдаа холбоог нь танин мэдэх мэдлэг, оюун ухааны хөгжил юм.

Монголчууд олон зуун жилийн турш Буддизмаар дамжуулан оюун ухааныг маш өндөр хэмжээнд амьдралынхаа туршид хөгжүүлж ирсэн байдаг. Тухайлбал тарни урин уншиж, бясалган тарнийн тоо авч тарни тоолох, уншлага номоо тогтмол унших, ном хэлэлцэх, ном сонсож бясалгах, үр хүүхэд, ач, зээ нартаа үлгэр, домог ярьж өгөх зэрэг уламжлалтай байв.

Миний мэдэх зарим 80, 90 настай, бараг 100 хүрсэн багш нар маань ой тогтоолт сайтай, аливаа санаж явууштай зүйлийг зүйр цэцэн үгээр товч, тодорхой ойлгуулдаг, өдөр бүр эргэл мөргөл хийнгээ алхаж, сунаж мөргөдөг, бие махбод нь эрүүл чийрэг байдаг байсан. Зарим нь ч одоо номоо болгоогоод, хичээл заагаад сайхан явж байна.

Үүнтэй уялдаад Монгол Улсад хөгшрөлийн тэнэгрэл, зөнөгрөлийн өвчлөл ер нь байгаагүй. Орчин үед олон улсад эдгээх боломжгүй, бэрхшээлтэй эмгэг өвчний нэг нь хөгшрөлийн тэнэгрэл өвчин болоод байна.

Үүнээс урьдчилан сэргийлэх чухал арга бол оюун ухааныг насан туршид нь зөв мэдлэгээр тэтгэж, хөгжүүлж байх нь чухал нөлөөтэй гэдэг нь гарцаагүй. “Би 50, 60,70 нас хүрлээ, одоо надад эрдэм мэдлэг хэрэггүй” гэж бодож болохгүй байх нь.

Нөгөө талаар сэтгэлийн хөгжлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Сэтгэлийн хөгжил гэдэг нь өөрийн сэтгэлийг хянаж, муу сэтгэлийг арилгаж, төрүүлэхгүй байхыг хэвшүүлж, дадуулах юм.

Аливаа юмс, үзэгдлийн мөн чанарыг шинжиж таних оюун ухааны өндөр мэдлэг, чадвартай байхын зэрэгцээ аливааг энэрч, хайрлах, уучлах сэтгэлийг өөртөө дадуулж, байнга хөгжүүлж байх хэрэгтэй.

Ингэснээр хүн аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна сэтгэл нь уужирч, амар амгалантай, оюун ухааны өндөр мэдлэг, чадвартай болоод зогсохгүй, урт наслаж, эрүүл байх боломжтой. Хүн эрүүл, зөв, эрч хүчтэй амьдарч, урт наслаж, аливаа сайн үйлийг бүтээхэд сэтгэлийн хөгжил, оюун ухааны хөгжил хоёрыг насан туршдаа байнга өдөөж, хөгжүүлж байх нь чухал юм.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч,

АУ-ы доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.