Өсвөр насны хүүхдээ сонсож байгаарай

Twitter Print
2020 оны 03-р сар 22-нд 16:43 цагт
Мэдээний зураг,

Өсвөр насны хүүхэдтэй аав ээжүүд та:

  • Хүүхдийнхээ найзуудыг таньдаг, тэдний аав ээж болон утасны дугаарыг мэддэг байх. Гэнэт шинэ найзуудтай болж зан талөв нь хэвийн байдгаас илт өөрчлөгдөж байвал сайн анзаар, анхаар.

  • Хүүхдэдээ хэт хяналттай биш ч хэмжээ хязгаартай эрх чөлөөг олгож байх (Тухайлбал, сардаа нэг хоёр удаа найз нөхөдтэйгөө гарах үед 13 настай бол бүрэнхийгээс оройтохгүй, 15 настай бол 20 цагаас оройтохгүй, 17 настай бол 21 цаг гэх мэт насанд нь тохирсон зөвшөөрөл өгч байх хэрэгтэй)

  • Хэт хяналттай байх нь хүүхдийг огцом гэнэтийн, нууцлаг эрсдэлд оруулдаг. Хэт сул байх нь хэнтэй ч хамаагүй нөхөрлөх орон зайг бий болгоно. Тиймээс чөлөө зөвшөөрөл өг тэгэхдээ тодорхой хэмжээ хязгаартай байх гэсэн зарчим баримтлаарай.

  • Өсвөр насны хүүхэдтэй бол хүүхэд нэг бүрчлэн тусгайлан цаг гарган болзож тэдний сайн сонсогч нь болж харилцан ярилцаж байх хэрэгтэй.

  • Аав нь хүүтэйгээ, ээж нь охинтойгоо сайн ярилцаж бай. Тэднийг өөрийг нь сонсох хэн нэгнийг хайж гансрах хүртэл битгий орхи. Өөрийнхөө дуртай зүйлийг хийх биш тэднийхээ дуртай зүйлийг сонирхож дурла.

  • Тэдэнд шинээр ялгарч бий болж буй даавар, бие физиологи нь цаанаасаа өөрийг нь дэмждэг сонсдог хэн нэгтэй хамт байх, ярилцахыг нэхээд байдаг.

  • Болзох үедээ та зөвлөгч, багш, шүүмжлэгч биш найз нөхөр, сонсогч, харилцан ярилцагч нь байх хэрэгтэй. Тэгэж чадвал л үр дүн гарна. Тэд танд юу ч хамаагүй ярьж уудалж л байвал сайн.

  • Хүүхдийнхээ цахим хэрэглээнд эерэгээр хяналт тавьж, сөрөг үр дагаварыг заавал тайлбарлаж бай.

  • Хүүхдийнхээ багштай байнгын холбоотой байх нь бидний зайлшгүй үүрэг.

  • Олон нийт, хамт олны ажил, цагийг зөв боловсон өнгөрөөхөд гэр бүлээрээ оролцон хүүхдэдээ үлгэрлэх.

  • Аав ээж хоорондоо эвтэй бие биедээ хүндэтгэлтэй байх, гэр бүлийн амьд уур амьсгалыг бүрдүүлэх, хүүхдэдээ хайртайгаа илэрхийлж байх хэрэгтэй байна.

  • Бэлгийн хамгаалалт, БЗХӨ-ний тухай ярихаасаа урьдаар бэлгийн бойжилт, бэлгийн ариун цэвэр, бэлгийн харилцааны талаар аав ээж нь зөв ойлголт өгөх хэрэгтэй.

ХҮҮХДИЙН СЭТГЭЛИЙН ОРОН ЗАЙ, ХАЙРЫН САВЫГ ГЭР БҮЛД НЬ ДҮҮРГЭ.

Энэ орон зай эзгүйрээд, энэхүү сав хоосроод байх үед хүүхэд элдэв болох бүтэхгүй зүйлийг сонирхдог, дэмий сэлгүүцдэг, аливаа тоглоом бусад донтуулагчид татагддаг. Нийгэм болохгүй байна гэж бүү зүхээрэй, нийгмийг бүрдүүлж буй нэгж хэсэг өрх гэр бүл бид билээ.

Г. Төмөрзаяа 

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.