Д.Мөнхбат: Үүссэн нөхцөл байдал, хүний эрхийн зөрчлийн талаар олон улсын сэтгүүлч болон агентлагуудтай холбогдохоор ажиллаж байна

Twitter Print
2021 оны 05-р сар 10-нд 18:29 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн оны 11-р сарын дундуур “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан хэд хэдэн хүнээс халдвар илэрснээр Монгол улс дотооддоо коронавирус алдсан орон болсон. Харин Энхсаран сувилал хэрхэн коронавирусыг дотооддоо алдах үүр болсон талаар тус сувилалд хорионд байхдаа коронавирусийн халдвар авсан иргэн Д.Мөнхбат анхлан даацтай дуугарч, нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж, нийгэмд дохио өгч, ард иргэд болон засаг төрд сэрэмжлүүлсэн билээ. 

Тэрбээр эмчлүүлж байх хугацаандаа эх нутагтаа ирснээсээ хойш вирус авч эмчлэгдэх болсон цаг хугацааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал бодлоо нийгэмтэй хуваалцах болсон. 

Харамсалтай нь нийгэм түүнийг цар тухлыг дотооддоо алдах болсон шалтгааныг мэдээлж, олон түмэнд тус хүргэсэн, эрх баригчдад цаг алдалгүй барьж авах боломж олгосон гэж үздэг ч цагдаа, прокурорын байгууллага тэгэж үзсэнгүй. Үзэл бодлоо илэрхийлж иргэний үүргээ биелүүлсэн түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан. Хэрэг ингээд дууссангүй, өнөөдөр ч түүнийг Эрүүгийн хуулиар яллагдагчаар татан шалгаж буй юм. 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021.03.24-ны өдөр Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн түүнд хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна.

Хариуцлагагүй шийдвэрийн улмаас олон иргэдийн амь нас эрүүл мэнд хохирч болох байсан эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэх зорилгоор шударга шүүмжлэл өрнүүлсэн түүний мэдээллүүд иргэдийг төөрөгдүүлсэн, өдөөн турхирсан хэв шинжтэй болж тооцогджээ. Харамсалтайяа.

Өнөөдөр тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан түүнтэй холбоотой хэрэг явдал хэрхэн өрнөж буй талаар "Өнөөдөр надруу дахиад цагдаагаас залгалаа. Би очно. Цагдаагийн албан хаагчийн ажлыг хүндэлнэ. Харин төрийн байгууллагууд мөн яамдууд мөн төр нь иргэнээ хүндэлж, хайрлаж энэрч байна уу. Tэднээс хариуцлага нэхдэг, аливаа шударга бус үйлдлийг шүүмжилдэг байх нь зүйн хэрэг. Жишээ нь: Японы Засгийн газраас олгох 9.3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан, ОУВС-ийн 99 сая ам.долларын зээл, Европын Холбооны 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж, БНХАУ-ын 700 мянган ам.долларын өртөг бүхий буцалтгүй тусламж, Дэлхийн Банкны 70 сая ам.долларын зээл болон буцалтгүй тусламж. Нийт цар тахлын үед Монгол Улсад олгосон 1.1 их наяд төгрөгийн зээл тусламжийн үр дүнг иргэддээ танилцуулмаар байна.

Өнгөрсөн онд надад тохиолдсон үйл явдлын тухай сэтгүүлч н.Ананд надаас ярилцлага авсан. Энэ нийтлэл Германы Frankfurter Allgemeine Zeitung сонинд нийтлэгдсэн.

Одоо үүссэн нөхцөл байдал болон хүний эрхийн зөрчлийн талаар өөр олон улсын сэтгүүлчид болон агентлагуудтай холбогдхоор хичээн ажиллаж байна.

Ард иргэдийн хайхрамжгүй байдал нийгмийн хөгжлийг чөдөрлөж байдаг нэг шалтгаан. Tа эхлээд хэрсүү иргэн байх хэрэгтэй. Хэрсүү иргэн байна гэдэг нь аливаа сонголтоо нягтлах, нийгмийн хариуцлага нэхэх, зүй бусын эсрэг шударга шүүмж өрнүүлэх зэрэг нь та бидний өөрсдийн амьдрах хөрсөө тордож усалж байгаа үйлдэл юм.

Гадаадын сонин сэтгүүл мэдээллийн агентлагуудтай хамтарч ажиллаж өнөөгийн монголын үнэн нүүр царайг зээл гуйж байгаа улс төрчийн худал үгээр бус харин жирийн иргэний бодит үнэнг сонсох нь зүйтэй гэж үзэж байна. Tийм учраас шударга бус байдалтай ганцаараа бас дараа нь гэж хойшоо суухгүй тэмцсээр байх болно" гэжээ.

Ийнхүү шударга, ил тод байдлыг нухчин дарах гэсэн хууль хүчний байгууллагуудын зүй бус ажиллагаа гадаадын хэвлэл мэдээлэл болон хүний эрхийн багууллагуудын анхаарлын төвд орж, Монгол улсын нэр, нүүр царай бас дахин доромжлогдох бас нэгэн шалтгаан болох нь ээ.

Г.Ганаа

Холбоотой мэдээлэл:

-Энхсаран сувиллаас коронавирус тархсан талаар анхлан мэдээлсэн Д.Мөнхбатыг яллагдагчаар татжээ - http://mongolcom.mn/read/2332

-Д.Мөнхбат: Цагдаагийн газраас тодруулга авах нэрээр ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан хэмээн буруутгаад авлаа- http://mongolcom.mn/kids/id/6152

-“Энхсаран” сувилалыг Хууль зүйн сайд Х.Нямбаатарын улс төрийн хамтрагчийн гэр бүлийнхэн эзэмшдэг - http://mongolcom.mn/read/16951

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.