Баячууд, улстөрчдийг балаг тойрохгүй нь

Twitter Print
2016 оны 04-р сар 26-нд 15:48 цагт
Мэдээний зураг,

Монголдоо цөөхөн үндэсний хөрөнгөтнүүд, улстөрчдийг авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан базаахгүй нэр, хар мөр салахгүй дагаж явна. АМГ-ын дарга асан Г.Батхуяг, “МИАТ”-ын хуучин удирдлагууд гээд халхын шоронгийн тоотуудын араас хөврөх цагаан захтнуудын цуваа урт дараалал үүсгэх янзтай. Асуудал нь хаашаа ч эргэж болзошгүй УИХ-ын гишүүн асан, өнөөдрийн гишүүдийн нэр ч удахгүй тодорч болзошгүй. Тэгж байтал “Чингис бонд”-ын мөнгөнд хар гараа лавхан дүрсэн сайд, дарга, даамалуудын дараагийн ээлжийнхний хийсэн хэрэг, гулгуулсан мөнгөний сураг дуулдаж магадгүй болоод явчихлаа. Ер нь монголын хөрөнгөтнүүд, улстөрчид яагаад буруу замаар мөнгө зөөж, буцахдаа ял сонсон шорон руу  ачигдаад  байх болчихвоо.

Миний багад хөвгүүд цэргийн дарга юм уу цагдаа, охид эмч, багш болохыг мөрөөддөг байлаа. Тэгвэл өнөөгийн хүүхдүүдийн ихэнх нь компанийн захирал юм уу, УИХ-ын гишүүн  болохыг хүсч, тэмүүлдэг болж. Захын цэцэрлэгт ороод асуухад арван хүүхдийн найм нь ийм мөрөөдөлтэй болсныг түвэггүйхэн мэдэж болно. Үнэндээ өөдөсхөн жаахан нялх үрсийн  буруу гэж юу байх вэ. Мөнгөтэй хүн сайхан амьдардаг гэсэн итгэл үнэмшил тархинд нь гүн бат суулгаж өгсөн томчууд, эцэг эхчүүд бидний алдаа л энд харагдаж байгаа юм. Зурагтаар гарч байгаа Солонгосын олон ангит кинонуудад мөнгөтэй хүн бүгдийг дийлээд байхаар хүүхдүүд тэгж мөрөөдөх нь зүйн хэрэг. Дунд сургууль төгссөн хүүхдүүд элсэлтийн шалгалтын үеэр эрэлттэй гэхээсээ албан тушаалын карьер хөөхөд илүү тохиромжтой мэргэжлийг  сонгодог болсоор удаж байна.

Хувийн сургуулийн хүүхдүүдийн дунд баян ядуугийн ялгаа өдөр, шөнө шиг болсон нь тэнд ажилладаг багш нарын хувьд  жинхэнэ толгойны өвчин болоод байгаа. Зайсанд байрлах Американ сургуульд Монголын толгой баячууд, урлаг, спортын одод, сайд дарга нарын хүүхдүүд суралцдаг болоод ч тэр үү өнгө мөнгөний өрсөлдөөн өсвөр насныхны дунд жинхэнэ утгаараа явагддаг юм гэнэ лээ.

Мөнгийг бурхан шигээ шүтэж, аз жаргалын түлхүүрийг доллар хэмээн эндүүрсэн томчуудын дуулианаас  харахад баян байхын зовлон ядуугаасаа ч их юм шиг. Жип унаж, хаусанд тухалсан эрх мэдэл, мөнгө төгрөгтэй хүмүүсийн цаана ямар их зовлон, ямар их гуниг, айдас түгшүүр нуугдаж байгааг бид  үнэхээр мэдэхгүй. Цагтаа цалгиж, сая, сая долларыг юман чинээ тоож яваагүй “Жаст”-ын Ш.Батхүү, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Ноёд”-ын Г.Буяндорж, “Анод”-ын Н.Даваа, Л.Энхтөр цаашлаад МИАТ-ынхны хэргийг хар. Бүгд л нэг өдөр хамаг бизнесээ алдаж, зарим нь шоронгийн хаалга татаж байна. Тэдний ард хамгийн их хохирч байгаа нь хүүхдүүд. Тэдний хамгийн тодорхой жишээ нь Г.Буяндоржийн том хүүгийн цахим ертөнцөд тарьж байсан шуугиан.

Нэг л өдөр хорвоо тэднээс нүүрээ бууруулж, хамаг хөрөнгөө алдахын чинээ санаагүй явсан олон хүнд, мөнгө мөнхийн найз биш гэдгийг амьдрал харуулж эхэлсэн. Ялангуяа мөнгөтэй хүн эрх мэдэлтэй хэтэрхий их шадарлсаны гашуун жишээ нь “Жаст”-ын Ш.Батхүү болсон. Баян хүний зовлонг ядуу хүн ойлгохгүй. Ядуу хүний жаргалыг баян хүн мэдрэхгүй гэдэг. Гэхдээ хэтэрхий өндрөөс унасан хүн өвдөлт их мэдэрдэгийг Монголын зарим баячууд өнөөдөр яс махаараа амсч байна. Тэдний гашуун түүх мөнгийг аз жаргалын түлхүүр, албан тушаал эрх мэдлийн үзүүр гэж итгэсэн олон залууст сургамж болоосой. Бизнес нь ид цэцэглэж, мөнгөөр гулгих нь холгүй байсан Г.Алтан “Бөмбөгөр” худалдааны төв нь шатсанаас хойш ямар байдалд орсон билээ.

Мөнгөний төлөө хамаг залуу насаа гадаадад өнгөрөөж, өтөлсөн хойноо өвчний үүр болоод Монголдоо эмнэлгийн үүдийг сахиж байгаа нэгэн хүнийг би сайн танина. Солонгост 14 жил амьдарсан тэр чамгүй хөрөнгө хураасан ч эцэстээ эцгээ эмнэлэгт сахихыг хүсээгүй хүүхдүүдийнх нь гарын салаагаар урсаад өнгөрч байгааг нь харахад өвчин тустлаа ажилласан өнгөрсөн он жилүүд нь даанч харамсалтай. Эцэг, эхийнхээ бэлдэж өгсөн байр, машиныг нэг л өдөр мөрийтэй тоглоомонд алдчихсан баян айлын тэнэг залуусын жишээ цөөдөхгүй. Магадгүй олон аав, ээж үр хүүхэддээ орон орон, унах унааг нь бэлтгэж өгөхийн тулд нойр, хоолоо хасан зүтгэж байна. Тэглээ гээд энэ нь аз жаргалыг бүтээх алтан түлхүүр биш.

Эцэг эхийнхээ буруу, зөв аргаар хурааж цуглуулсан хөрөнгөнд сагаж хар тамхи, мөрийтэй тоглоомонд донтогчдын хамгийн сүүлийн жишээ нь өнгөрсөн хагас сайнд “DHL” рестораны VIP зааланд мөрийтэй тоглож байгаад баригдсан УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хөвгүүд болох Б.Бүрэнжаргал, Б.Бадрахжаргал нарын үйлдэл юм.

Тэд зүгээр ч нэг мөрийтэй тоглоогүй мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдоод байгаа. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Монголросцветмет” нэгдлийн мөнгө, санхүүд бохир гараа лавхан дүрсэн гэгдэж багагүй хэл ам татладаг байсан Х.Бадамсүрэнгийн том хүү Б.Бүрэнжаргалын биеэс тугалган цаасанд боодолтой “шавар” гарч ирснээр энэ удаа ямартай ч эд мөрийн баримттайгаа цагдаагийханд гардуулсан нь энэ. Харин эрхэм гишүүн асан эцгийнх нь “урт гар” энэ удаа бас л гэмт хэргээс ялгүй мултлах нь уу, үгүй юу гэдэг нь удахгүй тодорхой болох бизээ.

Амьдралд мөнгөнөөс илүү чухал зүйл нь сэтгэл ханамж байдгийг бурхан Будда айлдсан. Өөртөө, өнөөдөртөө байгаа бүхэндээ сэтгэл ханаж чадвал түүн шиг аз жаргал үгүй гэсэн. XIV дүгээр Далай лам “Сэтгэлгээгээ цэвэрлээгүй хүн хэрэглээг шүтдэг. Материаллаг үнэт зүйлс баялаг бидний бие махбодод тав тухтай нөхцөл үүсгэх ч гэлээ сэтгэлийн амар амгаланг авчрахгүй. Миний нэг найз бий, саятан, маш баян хүн. Гэвч тэр ганцаардмал, аз жаргалыг мэдэрч чаддаггүй. Бид өөрсдийн итгэл найдварыг материаллаг үнэт зүйлтэй холбож ойлгох нь томоохон эндүүрэл” хэмээн ярилцлага өгсөнөөс харахад мөнгө аз жаргалын түлхүүр яав ч биш ажээ.

Аль нэг албан байгууллагын дарга болчихвол сайхан амьдарна хэмээн эндүүрч, өнгө мөнгөний төлөө төрсөн биеэ, эцэг, эхээ ч арилжихаас  буцахааргүй болсон олон залуус Монголд торниж байна. Нам дагаж, хэн нэгэн даргын гутлын тоосыг арчихаас ичихээ байсан залуус оюутны ширээнээс улс төрийн лоозон хэлээд зогсч байгаа нь дэндүү олон болжээ. Гэхдээ хөлсөөрөө, хөдөлмөрөөрөө сайхан амьдарч байгаа залуус ч Монголд цөөнгүй бий. Эцсийн эцэст баян хүн гэж хэн юм бэ. Өрөнд баригдсан хэрнээ жип унаж, савсагнаж давхисан нэгнийг хэлэх үү, эсвэл үмх махаараа хоол хийчихээд халуун ам бүлээрээ ширээгээ тойроод хооллож суугаа өнөр гэр бүлийг хэлэх үү. Эрх мэдэл, хөрөнгө мөнгийг шүтэн өсч байгаа өнөөгийн залуу үеийнхээ сэтгэлгээг хэрхэн цэвэрлэх вэ.

“Халаас хоосон ч надад эрх чөлөө байна. Хамгийн гоё нь би залуу байна”  хэмээн дуулах хойч үе минь олон байгаасай. Яагаад гэвэл тэд дэндүү эрх чөлөөтэй бас, агуу их хувь заяатай хүмүүс. Мөнгө бол зөвхөн хэрэглээ шүү дээ.

Д.Монгол

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.