Габриэль Гарсия Маркесийн сүүлчийн захидал

Twitter Print
2020 оны 06-р сар 26-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

Колумбын их бичгийн хүн Габриель Гарсиа Маркес 1928 онд Аркатаса хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Тэрээр 1982 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Монголын уншигчид "Зуун жилийн ганцаардал" романыг нь Г.Акимын, "Мартагдсан хурандаа" туужийг нь Н.Энхбаярын, "Хурандаад хэн ч бичихгүй" туужийг нь О.Чинбаярын, "Ирендира охины эмгэнэлт түүх" зэрэг богино өгүүллэгүүдтэй нь Э.Ганболдын орчуулгаар тус тус танилцсан билээ.

Түүнийг Латин Америкийн шидэт реализмын хамгийн гарамгай төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор дүгнэдэг бөгөөд хүний мөн чанарыг чинээнд нь тултал тэмцэлдүүлэн, аймшигтай агаад догдлон биширмээр дотоод дүр төрхийг илэрхийлэн бичдэг нь түүний уран туурвилын онцлог аж. Их зохиолч эдүгээ Мексик улсын Мехико хотноо амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрүүлж, хүмүүний дотоод ертөнц рүү гүнзгий нэвтэрсэн ер бусын гэрээслэлүүдээ үлдээсээр байгаа ажээ. 

Өдгөө 87 настай Габриэль Гарсия Маркес хорт хавдартай болсноо мэдээд уншигч олонд энэхүү захиаг илгээжээ. “Хэрэв зээ бурхан тэнгэр намайг утсан хүүхэлдэй гэдгийг минь хэсэгхэн зуур ч болов мартаад хумсын чинээ амьдрал бэлэглэвэл би бээр бодсон болгоноо өгүүлэхгүй ч урсан гарах үг бүрээ эргэж нэг эргэцүүлэх нь гарцаагүй ээ. Тэгвэл би эд зүйлсийг алт мөнгөөр биш, мөн чанараар нь үнэлэх байсаан. Нүдээ аних хором бүрнээ гэрэлт хорвоог мэдрэх жаран агшнаа алдаж буйгаа ухааран бага унтаж, машид мөрөөдөх байлаа. Өрөөл бусдыг зогсож байхад урагш алхан, унтах зуур нь сэрүүн байх сан. Бусдын яриа хөөрөөг бал бурам амтлах лугаа таашаан сонсох байсаан.

Хэрвээ бурхан тэнгэр надад ганцхан хором амьдрал дахин бэлэглэвээс илүү даруу хувцаслаж, наранд биеэ ээж, дулаан илчинд нь бие сэтгэлээ бүлээцүүлэх байж. Бурхан минь, хэрэв надад зүрх байсан сан бол үзэн ядах сэтгэл бүрнээ мөсөн дээр сийлж үлдээгээд нар мандахыг хүлээх байлаа. Би сарнай цэцгийн өргөсөнд хатгуулж, улаахан дэлбээнийх нь үнсэлтийг мэдрэхийн тулд цэцэгсийг нь нулимсаараа услах байсаан.

Бурхан минь, өчүүхэн надад өдийхөн чинээ амьдрал үлдсэн бол сэтгэлд минь хоргодох тэр л хүмүүстээ хайртай гэх үгсийг өдөр бүр хэлэх байж. Хамгаас эрхэм хүмүүстээ хайраа илчлэн, хайрлан дурлаж амьдрах байсаан. Хөгширсөн хүн дурлах нь үгүй хэмээн төөрч будилах нэгэнд сэтгэлд нь хайр дурлалын гал ноцохоо больсон тэр л мөчид жинхэнэ ёсоор өтөлдгийг ойлгуулах байлаа.

Балчирхан хүүхдүүдэд нисч сур хэмээн даль жигүүр бэлэглэх байсан сан. Он цаг улирч нас явснаас бус, өрөөл бусдад мартагдваас л тэр хүн үнэн хэрэгтээ хөгширсөн болохыг өтөл буурлууддаа ойлгуулах байлаа. Хүмүүс минь, та бүхнээс би асар их зүйлийг сурч авчээ. Үнэндээ хэн хүнгүй аз жаргалыг уулын оргилд буй хэмээн өөд мацах боловч жинхэнэ зол жаргал гээч нь тэрхүү оргилоос уруудахад тосон суудгийг би эдүгээ л ойлгож.

Дөнгөж төрсөн хүүхэд бяцхан гараараа аавынхаа хурууг анх атгаад насан туршаа суллаж тавьдаггүйг өдгөө л ухаарлаа. ҮНЭНДЭЭ ХҮН ГЭДЭГ АМЬТАН БҮДЭРЧ УНАСАН НЭГНЭЭ ТАТАЖ БОСГОХДОО Л ДЭЭРЭЭС НЬ ӨНГИЙН ХАРАХ ЭРХТЭЙ ЮМ БАЙНА.
Та бүхнээс сурч мэдэх зүйл хичнээн ч их юм бэ дээ? Гэвч үнэн хэрэгтээ энэ бүхний хэрэг гарахгүй биз ээ. Учир нь намайг энэ хайрцганд хийх тэр мөчид би гэдэг хүн хэдийнэ талийчихсан байх болно. Сэрж мэдэрснээ эгнэгт хэлж, бодож санаснаа ямагт гүйцэлдүүлж яваарай.

Чамайгаа нойрсож буйг эцсийн удаа харж байгаагаа мэдсэн сэн бол чанга гэгч нь тэврээд, сахиусан тэнгэр нь болъё хэмээн энэрэлт бурхнаас гуйх байлаа. Эргэж ирэхгүйгээр эцсийн удаа гарч буйг чинь мэдсэн сэн бол энгэртээ наан эрхлүүлэн үнсээд илүү ихийг өгөхөөр ахин дуудах байсаан. Хэрэв зээ чамайгаа сүүлчийн удаа сонсож байна гэдгээ мэдэрсэн сэн бол дуу хоолойг чинь хуурцганд бичиж аваад үргэлжид сонсох байж. Чамайгаа сүүлчийн удаа харж байна гэдгээ мэдсэн бол "Чамдаа хайртай. Хайртайг минь мэднэ гэдгийг гадарлаа ч үгүй тэнэг шүү дээ, би" хэмээн хэлэх байсаан.

Амьдрал бидэнд алдаагаа зас гэсэндээ маргаашийн өдрийг өгөө биз ээ. Тэгэвч би алдаж яваад, өнөөдрөөс өөр өдөр надад үлдээгүй бол чамд хичнээн хайртайгаа, хэзээ ч мартахгүйгээ хэлэх байлаа. Хөгшин, залуу хэн бугай ч маргаашийн мандах нарыг харна гэдэгтээ нут итгэж болохгүй дэг ээ.

Энэ өдөр хайртай хүмүүсээ харж буй эцсийн өдөр ч байж болох шүү дээ. Тиймээс аливаа зүйлийг хүлээлгүй, хийх гэснээ өнөөдөр л хий. Маргаашийн өдөртэй золгохгүй баймааж нь, ганцхан ч атугай инээмсэглэж, энгэртээ нааж эрхлүүлэн үнсээгүйнхээ төлөө харуусч, дэндүү завгүй явсан тэр өдрөө хараан зүхэх болно.

Ойр дотны хүмүүсээ ямагт дэмжин тэтгэж, чамд ямар их хэрэгтэйг нь шивнэж, тэднийгээ энхрийлэн хайрлаад, “Намайгаа уучлаарай, чамдаа баярлалаа” гэх үгсийг марталгүй хэлж бай! Энэ бүхнээ сэтгэлдээ тээсээр хальваас нэгээхэн ч хүмүүний сэтгэлд торойн үлдэхгүй шүү дээ. Сэрэл мэдрэхүйгээ хэлж өгүүлэх ухаан билиг хайрла хэмээн бурхан тэнгэрээс сөгдөн гуй! Анд нөхөд чинь чиний хувьд хэдий хэр чухал болохыг энэ л өдөр мэдрүүл! Эс бөгөөс маргаашийн өдөр өчигдрөөс өчүүхэн ч ялгаагүй өнгөрөх болно.

Энэ бүхнээ өнөө өдөртөө гүйцэлдүүлэхгүй байх аваас буй бүхэн утга учраа алдах нь дамжиггүй ээ” гэжээ. Агуу хүний амьдралаасаа олж авсан ухаарал гэдэг бас л агуу байдаг ажээ.

Д.Монгол

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.