Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм

Twitter Print
2021 оны 07-р сар 07-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг.

1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гуравдугаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ.

Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг.

Дараа нь 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ. Эрдэнэзуугийн III ширээт лам Лувсан-Одсэр хуучин Тахай балгасын хэрмийн нурангийн 4 өнцөгт нэг нэг суварга босгосон нь одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ.

Тус хийд 1680-аад оны үед дайны хөлд үрэгдсэн бөгөөд XVIII зууны эхнээс сэргээн босгож эхэлжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурхны сүм болон Авид бурхны сүмийн цогцолбор, Төвийн Их суваргын чуулбаруудыг босгожээ.

1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Ламиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Дагвадаржаа удирдан байгуулжээ. 1796 онд Эрдэнэзуу хийдийн их засварын ажлыг Дагвадаржаа ламтан ерөнхийлөн удирдаж Хятадын Юн-да-а пүүстэй үнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан байна.

Энэ засварын үеэр 1796 оны өмнө баригдсан сүмийн барилгуудыг засуулсны гадна, хуучин Тахай балгасын хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна.

1802-1813 оны хооронд буян үйлдэгч хаад, тайж, бэйл, лам, ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд нэмж 56 суварга болон хэрмэн ханыг барьж дуусгасан байна.

Түүнээс хойш 1803 онд Дашчойлин аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг, Жанчивлин аймгийн дуган босгогджээ. Ийнхүү 1872 он гэхэд дотор нь байсан 62 сүмийг бүрэн сэргээн босгожээ.

Эрдэнэзуу хийдийг цогцлоон байсан эхний үед шарын шашны ёс горим төдийлөн нэвтрээгүй байсан учир хийдийн ерөнхий төлөвлөгөөг шийдвэрлэхдээ монголчуудын уламжлан баримталж байсан ертөнцийн зүг чигийг хүндэтгэх билэгдлийн дагуу шийдвэрлэжээ.

Тиймээс уг хийд нь монгол гэрийн доторх тавилгын ерөнхий хуваарилалттай төсөөт байдлаар хаана ямар барилга барих, мөн тухайн хийдэд барилга барихаар газар гуйваас хаана газар өгөх зэрэг нарийн ёс горим баримталж байсны гэрч болон үлдсэн Монгол суурин газрын барилга, урлахуйн ухааны гайхамшигт дурсгал болж vлдсэн билээ.

Зурагчин Г.Ган-Өлзий

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.