Крымийн "халдвар" хаана хүрч болох вэ?

Twitter Print
2014 оны 03-р сар 28-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын Ерөнхий Ассамблей өчигдөрр 80 дахь удаагийн бүгд хуралдаанаар Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай тогтоолыг баталж Крымийн тусгаар улс байх статусыг үгүйсгэлээ. НҮБ-ын гишүүн 100 улс энэ тогтоолыг дэмжсэн бол, 11 нь эсэргүүцэж, 58 нь түдгэлзжээ. Хүн амынх нь талаас илүү хувь болох уугуул оросуудын эрх зөрчигдөж байгаа учраас Крымийн тусгаар улс байх статусыг дэмжсэн гэж ОХУ онцолж байгаа. Харин Крымийн ижил нөхцөл байдал дахин давтагдах дараагийн бүс нутгууд хаана байж болох бол? Зүүн Украин    Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагааснаас хойш Донецк болон бусад хотод Оросын талыг баримтлагчид байнга шахуу жагсаал хийсээр байсан бөгөөд энэ үеэр нэг хүн амь үрэгдсэн юм. Харин тэндхийн байдлыг улам дэвэргэж байна гэж барууны төвч үзэлт Өрнөдийн талыг баримтлагч жагсагчдыг ОХУ буруутгаж байлаа. Украины хилийн ойролцоо Оросын цэргүүд сургуулилт хийж, өнөө хэр нь энэ бүсэд байсаар байна. Украин руу нэвтрэх нь тэдний хувьд тийм ч хэцүү зүйл биш.  Хэрвээ ОХУ газар нутгаа илүү тэлэх бодолтой байгаа бол Украины зүүн нутаг жагсаалтын хамгийн дээгүүрт байх нь эргэлзээгүй. Гэхдээ улс төрийн хувьд чамгүй хохирол амсаж болзошгүй. ОХУ цаашид газар нутгаа тэлэх бодлого баримталж болзошгүй гэж НАТО болон Өрнөдийн удирдагчид анхааруулж байна. Крым 1954 онд л Украины нэг хэсэг болсон. Тиймээс Украины зүүн хилийг ОХУ буцаан авч болзошгүй. Гэхдээ нэгэнт "лонхноосоо гарсан" салан тусгаарлах үзэлтнийг буцааж хийхэд хэцүү. XIX зуунд Уэльсийн үйлдвэр эрхлэгч Жон Хьюзын үүсгэн байгуулсан Донецк хотыг Украины нэг хэсэг болгох "дуураймал" кампанит ажил ч өрнөж байна. Бүгд Найрамдах Молдав Улс Москвад хэдийн санал тавьсан Молдавын Приднестровын Бүгд Найрамдах Улсад бас анхаарлаа хандуулж байна. Молдавын Приднестровын Бүгд Найрамдах Улс нь 1990 онд тусгаар тогтнолоо тунхагласан ч олон улс хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Энэ бүсийн хүмүүсийн олонх нь оросоор ярьдаг, харин молдавчуудын олонх нь румын хэлээр ярьдаг юм. Мөн дөрвөн хэсгээс бүрдсэн газар нутаг бүхий Молдавын автономит бүс нутаг гэдгээр нь сайн мэдэх Гагауз (160 мянган хүн амтай) гэж бий. Гагаузын хүн ам туркээр ярьдаг, үнэн алдартны шашинтнууд юм. 2014 онд Орос тэргүүтэй гаалийн холбоонд Гагауз буцаж нэгдэхээр санал асуулга явуулахад хүн амынх нь 98,4 хүн дэмжсэн. Гэхдээ Молдавын Засгийн газар уг санал асуулгыг хууль бус гэж үзсэн юм. НАТО-гийн Европ дахь командлагчийн анхааруулснаар, Оросын дараагийн бай нь Молдавын Приднестровын Бүгд Найрамдах Улс байж болзошгүй. Украинтай хиллэдэг, Одесс хотын ойролцоох энэ бүс нутагт хэдийн ОХУ-ын 1000 цэрэг байрлажээ.  ЕХ-той  байгуулах холбооны хэлэлцээрт гарын үсэг зурахаар Молдав бэлдэж байгаа энэ үед хэрвээ Молдавын Приднестровын Бүгд Найрамдах Улсыг ОХУ бүрэлдэхүүндээ авахаар шийдвэл дипломат харилцааны "багана" ганхах аюултай.  Гүрж ОХУ 2008 онд Гүржтэй богино хугацаааны дайн хийсэн билээ. Энэ дайн нь Гүржээс Өмнөд Осети болон Абхаз салан тусгаарласнаар дууссан юм. Орос хэлтнүүдээ хамгаалахын тулд дайтсан гэж Москва мэдэгдэж байсан ч оршин суугчдынх нь дийлэнх уугуул осети болон абхаз хэлтнүүд. Гэхдээ Оросын паспорттай олон хүн байдаг бөгөөд тэд Тбилиси дэх Гүржийн Засгийн газрыг эсэргүүцдэг. Абхаз нь 1999 онд дангаар тусгаар тогтнолоо зарласан. Тэр цагаас хойш энэ хоёр бүсийг олон улс хүлээн зөвшөөрөөгүй л байна. Гэхдээ албан ёсоор ОХУ-ын ч нэг хэсэг биш юм. Абхаз нь Оростой хиллэдэг бөгөөд 2014 оны өвлийн олимпын наадам болсон Сочи хотоос холгүй оршдог. Олимпын наадмын үеэр энэ бүсэд аюулгүй байдлыг чангатгаж байсан юм. Өмнөд Осети нь ОХУ-ын Умард Осетитой хиллэдэг. Бүх бараа бүтээгдэхүүнийг Кавказын нурууны хонгилоор дамжуулан авах шаардлагатай бөгөөд үнэ нь өндөр. Энд ажилгүйдэл болон авлига газар авчээ. Латви, Литва ба Эстони Латви болон Эстонийн хүн амын гуравны нэг орчим нь оросууд. Балтын тэнгисийн бүс нутагт оршдог энэ хоёр улс 1990-ээд оны эхээр ЗХУ бутарсны дараа тусгаар тогтносон. Энэ хоёр улсын иргэдэд хэлний мэдлэг шаардлагатай. Эдгээр улсад төрсөн орос хэлтнүүдийн дунд хэлний мэдлэгийн улмаас иргэн болох хүсэлгүй, болох боломжгүй ч хүмүүс бий.  Хэлний тухай хатуу хуулийн улмаас ажилд ороход хэцүү байна, ялгаварлан гадуурхаж байна гэж орос хэлтэн олон  хүн гомдоллодог.  Тэгвэл Литвын хувьд хүн амынх нь тав орчим хувь уугуул орос бөгөөд тэдний хувьд хэлний шалгалт өгөх шаардлагагүй. Крым рүү цэргээ оруулах болсонтой адил шалтгаанаар, тодруулбал Эстони дэх уугуул оросуудын "эрх зөрчигдөж байна" гэж Кремль энэ сарын дундуур мэдэгдэж байсан билээ. Гэхдээ Балтын тэнгисийн бүс нутгийн эдгээр улс нь ЕХ болон НАТО-гийн гишүүн. Хэрвээ ОХУ халдвал нэлээд сөрөг үр дагавар амсах болно. НАТО-гийн гэрээний тавдугаар зүйлд заасны дагуу, гишүүн нэг улсад нь халдвал бүгдэд нь халдсанд тооцно. Казахстаны хойд нутаг Крым шиг Оросын нэг хэсэг байсан Казахстаны хойд нутгийн хүн амын талаас илүү хувь нь оросууд.  Павлодар, Уральск зэрэг хотыг оросууд үүсгэн байгуулсан үе буюу хаант засгийн үеэс энэ хоёр улс харилцаа холбоотой байсаар ирсэн. Украины нэгэн адил Казахстан нь өөрийгөө хамгаалуулахын тулд 1994 онд цөмийн зэвсэггүй болох хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ улсад Крымын Сепастополь шиг боомт хот байхгүй ч Байконурын сансрын байгууламж бий. Гэхдээ Казахстан нь ОХУ-тай нягт харилцаа холбоотой. Украины асуудалд Казахстан төвийг сахисан байр сууринаас хандсан хэвээр байгаа ч энхийн замаар шийдвэрлэхийг уриалж байсан юм. Төв Азийн бусад бүгд найрамдах улс Төв Азийн бүсэд Тажикстаны хүн амын 1,1 хувь, Киргизстаны хүн амын 12,5 хүртэлх хувийг уугуул оросууд эзэлж байна.  1991 онд тусгаар тогтносны дараа ОХУ-д олон тооны орос шилжин суурьшсан. Гэхдээ Төв Азийн эдгээр улс ОХУ-тай харилцаа холбоотой хэвээр байна.  Тиймээс Москва энэ бүсэд хөндлөнгөөс оролцохыг бодохгүй байж магадгүй мэт санагдана.  Гэсэн хэдий ч Крымыг ОХУ-д нэгтгэснээс үүдсэн хямрал, тодруулбал рубль суларч, хориг арга хэмжээ Оросын бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж буй зэрэг нөлөөлөхгүй гэх газаргүй. Оросоос ажилгүй цагаачид буцаж ирвэл Душанбе, Бишкекийн засгийн газруудад хүндрэл учрах нь ойлгомжтой. Армен ба Азербайжан Арменийн хүн ам орос хэлээр ярьдаггүй. Харин Азербайжаны хүн амын нэгхэн хувь оросоор ярьдаг. Энэ хоёр улс нь хоёулаа  ОХУ болон Өрнөдийн улсуудын хоорондын геополитикийн "татлага" юм. Армен нь Украины адил ЕХ-той байгуулах холбооны хэлэлцээрт гарын үсэг зурахаар бэлтгэж байсан билээ. Гэхдээ өнгөрсөн оны есдүгээр сард тус улс үүний оронд Оросын тэргүүлдэг гаалийн нэгдэлд нэгдэнэ гэдгээ мэдэгдсэн юм. 1991 онд Арменийг тусгаар тогтносноос хойш Гюмрид цэргийн баазаа ОХУ хэвээр байлгасаар байна. Харин Азербайжан нефть, байгалийн хийгээ ЕХ руу экспортолдог, эдийн засгийн хувьд харьцангуй хараат бус улс юм.  Туркт дуусдаг дамжуулах хоолойныхоо ачаар Оросын газар нутгийг тойрон өнгөрөх боломжтой. ОХУ энэ хоёр улсыг овоо хараандаа багтаасан байж магадгүй ч цэргийн хүч хэрэглэхээс илүүтэйгээр эдийн засгийн арга  ашиглаж магадгүй. Беларусь Беларусь нь Москватай хэдийн нягт харилцаатай болсон улс. Тус улсын хүн амын 8,3 орчим хувь нь орос бол, 70 гаруй хувь нь оросоор ярьдаг.  Энэ улсад ОХУ халдах ямар нэг шалтгаан байхгүй. Учир нь Беларусь ОХУ-тай эдийн засгийн нэгдэлд байдаг, албан ёсны хэл нь орос. 1991 онд ЗХУ тарсан ч Беларусь болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бусад улс жил бүрийн хоёрдугаар сарын 23-нд "Эх орноо батлан хамгаалах өдөр"-ийг тэмдэглэсээр байгаа билээ.       Р. Этүгэн 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.