Занаду хот

Twitter Print
2020 оны 06-р сар 12-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын судлаач шинжээчид “Юань гүрний дээд нийслэл Шанду хотын түүх байхгүй бол Монголын түүх, дэлхийн түүх дутуу болно” хэмээн тэмдэглэжээ. Шанду буюу Кайпин хотыг 1256-1259 онд Мөнх хааны зарлигаар байгуулсан бөгөөд Хубилай хаан 1260 онд Кайпин хотноо өөрийн талын ноёдыг цуглуулж “Их хуралдай” хуралдуулан өөрийгөө хаан ширээнд өргөмжилсөн. 1263 онд Юань улсын “Дээд нийслэл” хэмээн зарлаад “Шанду” гэж нэрийдсэн.

Шанду нь Хархорумын дараа орох хоёр дахь том хот болон хөгжиж, хааш хаашаа 2200м хашаатай “Гадаад хот”, зүүн өмнө хэсэгт хааш хаашаа 1400м үргэлжилсэн “Дотоод хот”-той байв. Харин Хубилай хааны зуны ордон буюу “Хэйвэн ордон” нь хааш хаашаа 500м хэмжээтэй. 100 мянган хүн амтай байсан Шанду хоыг 1369 онд Мин улсын арми хотыг галдан шатааснаар мөхсөн юм. Тухайн үед Шанду хот нь умардын нүүдэлчдийн соёл иргэншил, өмнөдийн газар тариалан эрхлэх хятад соёл иргэншлийн уулзвар газар болж байв. Эл хотын туурийг 2008 онд ЮНЕСКО-гоос “Дэлхийн өв соёл”-д бүртгэжээ. Италийн алдарт жуулчин Марко Поло аяллын тэмдэглэлдээ Шанду хотыг “Мөрөөдлийн хот Занаду” хэмээн бичиж баруун Европын орнуудад таниулсан байдаг.

Хубилай хаанаас хойш 500 жилийн дараа Английн эзэн хааны утга зохиолын нийгэмлэгийн гишүүн, зөнч, яруу найрагч Самуэл Тэйлор Колараж 1797 онд “Хубилай хаан” хэмээх шүлэг зохиосон нь эдүгээ дэлхийн 100 шилдэг яруу найргийн нэгэнд тооцогдон уран зохиолын судлагдахуун болсоор иржээ. С.Т.Колараж эмчийн жороор бага зэрэг никотины хольцтой эмийг хүртээд сандал дээрээ 3 цаг гүн нойронд умбасан бөгөөд зүүдэндээ урьд хожид үзээгүй сонин улс орноор буюу хэзээ ч хөл тавьж байгаагүй Шанду хотоор аялжээ. Хашхирах чимээнээр сэрээд үзэг бэх, цаасаа шүүрэн авч бичиж эхэлсэн боловч өрөөнд нь нэгэн хүн орж ирэн дахин дахин нэг зүйл асуусаар анхаарлыг нь сарниулжээ.

Түүнийг гарсны дараа үргэлжлүүлэн бичих гэтэл үлдсэн мөрүүдээ эргэж огт санаагүй гэдэг. Ердөө 54-хөн мөр л бичигдсэн байсныг манай нэрт зохиолч, орчуулагч, дипломатч Дамдины Бямбаа монгол хэлнээ хөрвүүлжээ.

... Ариун мөрөн урсах Шанду хэмээх нутагт

Эзэн хаан Хубилай зарлиг буулгаж

Эрхэм цэнгэлийн их орд дүвлэжээ ....

.... Нарлаг их ордыг мөст агуй хавцалтай нь

Намуухан агаарт би сэтгэлээрээ барьж сүндэрлүүлнэ.

Тэр дууг сонссон хэн бүхэн их ордыг олж хараад

Тэргэл алдран бүү сарни, бүү сарни гэж дуу алдана....

Хожим Америкийн эрдэмтэн Андрей Салсидо 1992 онд Шанду хотод ирсэн бөгөөд XIII зуунд Марко Поло-гоос хойш Шанду хотод ирсэн барууны 4 дэх хүн, Америкийн анхны хүн болж зочилсондоо маш их догдолсон гэдэг. А.Салсидо Шанду голыг харангуутаа “Ариун Алф” хэмээн дуу алдан хашгирчээ. Зөнч яруу найрагч Колараж шүлэгтээ Шанду голыг Алф хэмээн бурхны нэрээр нэрлэснийг эрдэмтэн Д.Бямбаа гуай орчуулахдаа “ариун мөрөн” хэмээн орчуулжээ.

“Алф” хэмээх үгийг барууны уран зохиолын толь бичигт “диваажингийн ертөнцөөс доошоо наран үл хүрэх далай тэнгис дэх агуй хонгилд урсах ариун мөрөн” хэмээн тэмдэглэсэн байдаг.

... Шандугийн шар талд шаргачин зээр гүйлдэнэ

Шандугийн шаргал хүн чулууд чанх өөдөөс ширтэнэ

Шандугийн шар хөшгөөр шанх тэнгэрийн багана чинадаас ч үзэгдэнэ...

Жич: 764 жилийн өмнө баригдсан энэ хотын туурь эдүгээ Бээжингээс чанх хойно 275 км-ын наана Алтанхуа-гийн тал, Шанду голын хойд эрэгт бий. Хотын урдуур “Шанд” гол урсдаг ба монгол бичгээр “шанду” хэмээн бичдэг, хятадаар “Шань Ду” гэдэг нь “Дээд нийслэл” гэдэг утгыг илэрхийлдэг байна.

.... Бичиг би бээр 2014, 2015 онуудад хэсэг нөхдийн хамт энэ гайхалтай түүхт хотын туурийг үзсэн билээ.

Ч.Буянбадрах 

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.