Казаньд буутай этгээд сургууль руу нэвтэрч, 9 хүн амь үрэгджээ

Twitter Print
2021 оны 05-р сар 12-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн мягмар гарагт Москва хотоос 820 км зайд байрлах Татарстаны нийслэл Казань хотын ерөнхий боловсролын 175-р сургуульд орон нутгийн цагаар өглөөний 9 цаг 20 минутанд зэвсэгт халдлага гарч, 9 хүн амь үрэгджээ.

Зэвсэгт халдлагыг үйлдсэн сэжигтэн 19 настай Ильназ Галявиев өөрийнхөө өмнө нь сурч байсан 175-р сургуулийн үүдэнд гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэлсэнийхээ дараа сургууль руу орж, гал нээжээ.

Халдлагын улмаас 9 хүн амь үрэгдсэний 7 нь сурагчид, 2 нь багш аж. Амь үрэгдсэн 25 настай багш Эльвира Игнатьева нь хүүхдүүдийг өөрийн биеэр хааж, буутай этгээдийн суманд оногдсон талаар гэрчүүд мэдээлж байна. Тэрээр тус сургуульд англи хэлний багшаар ажиллаж байжээ.

Түүнчлэн сургуулийн гадна байсан гэрчүүдийн мэдээлснээр хүүхдүүд буутай этгээдээс зугтаж сургуулийн цонхоор үсэрч байсан ба 2 хүүхэд 2 давхрын цонхоор үсэрснийхээ дараа амиа алджээ.

Хэргийн газарт очсон цагдаагийн албан хаагчид сэжигтнийг баривчлаад байгаа ба түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Хэрэг гарснаас хойш 8 минутын дараа Росгвардийнхан ирж тэрийг баривчлахад тэрээр «Би бурхан! Бүх хүн дүрстэнийг би үргэлж үзэн ядсаар байсан. Би бурхан тул та нар шиг хогуудыг устгах эрхтэй» гэж хашгирч байв.

ОХУ-ын Думын гишүүн Александр Хинштейний мэдээлснээр сэжигтэн өнгөрсөн сарын 28-нд галт зэвсэг эзэмших зөвшөөрөл авсан ба халдлагын үеэр түүний хэрэглэж байсан буу нь 2018 онд Крымийн Керчь хотын политехникийн коллежид зэвсэгт халдлага үйлдэж, 21 хүний аминд хүрсэн этгээдийн хэрэглэж байсан буутай адил байсан байна

Казаньд болсон халдлагатай холбоотойгоор Оросын эрх баригчид Татарстаны бүх сургуулиудын аюулгүй байдлыг өндөржүүлэхийг даалгасан байна.

Мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Үндэсний Гвардийн тэргүүн Виктор Золотовд галт зэвсгийн тухай хуулийг эргэн харж, энгийн иргэдийн эзэмшихэд зөвшөөрөгдсөн галт зэвсгүүдийн тухай зүйл заалтад өөрчлөлт оруулахыг даалгажээ.

Татарстанд 5-р сарын 12-ны өдрийг эмгэнэлийн өдөр болгон зарлажээ.

Эх сурвалж: https://www.interfax.ru/russia

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.