Организмд ус ямар хэрэгтэй вэ?

Twitter Print
2020 оны 12-р сар 11-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Fereydoon Batmanghelidj эмч Шотландад коллеж төгсөөд Лондонгийн Их Сургуулийн анагаахын салбарыг төгсөж тэндээ хэдэн жил ажиллаж байгаад өөрийн төрсөн газар Иран улсад буцаж иржээ. Лондонд байхдаа нобелийн шагналт Александр Флеминг-н шавь болж судалгаа хийхэд суралцаж байжээ.

Ирээд удаагүй байтал Ираны хувьсгал гарч хүмүүсийг үй олноор нь баривчилж шоронд хорьсон байна. Evan гэдэг 600 хүний багтаамжтай шоронд 9000 гаруй хүний хамт орсон ба шоронд түүнийг эмчээр томилсон байна. Нэг өдөр ходоодны шархтай хүчтэй өвдөж эвхрэн орь дуу тавьж байгаа хүнийг авчирсан ба эмчид тэр хүний ходоодны өвдөлтийг намдаах эм байхгүй байсан тул аяга ус өгсөн гэнэ. Хэдэн минутын дараа өвчтөн өвдөлт арай гайгүй боллоо гэхээр нь дахин нэг аяга ус өгч уулгасан байна. Хэдэн минутын дараа өвчтөн өвдөлт нь намдаж тайвширсан гэнэ. Эмч дотроо гайхаад өнгөрчээ.

Хэд хоногийн дараа дахин нэг ходоод нь хүчтэй өвдөж эвхрээд хэвтчихсэн хүн дээр түүнийг авч очсон гэнэ. Тэр өвчтөн ходоодны шархтай, эм ууж байгаа боловч 10 цагийн турш хүчтэй өвдөөд намдахгүй байна гэсэн байна. Тэгэхээр нь бас л аяга ус уулгаад хэдэн минутын дараа дахин нэг аяга ус уулгахад өвдөлт нь багассан ба дахин нэг аяга ус уулгахад өвдөлт нь намдсан гэнэ. 10 цагийн турш өвдсөн хүчтэй өвдөлт 3 аяга крантны ус уулгахад 20 минутын дараа бүрэн намдсан байна. Үүнээс үндэслэж хүмүүст ус дутагдаад өвдөлт үүсдэг байж болох юм гэж бодсон байна. Усаар эмчилсэн анхны өвчтөн нь 4 сарын дараа ходоодны шархгүй болоод суллагдсан гэнэ. Энэ шоронд 3000 гаруй ходоодны өвдөлттэй хүмүүсийг эмчилсэн ба стрессийн гаралтай ходоодны үрэвсэл ихэнх нь байсан байна.

Эмчийг сайн ажилласан гэж суллах гэсэн боловч хугацаагаа 4 сараар сунган шорондоо үлдэж цус алдаж байгаа ходоодны шархтай хүмүүст судалгаагаа үргэлжлүүлжээ. Шоронгоосоо суллагдаад 1982 онд шууд Америк явж Foundation for the Simple in Medicine нэртэй сан байгуулж судалгаагаа үргэлжлүүлсэн ба 1983 онд "Journal of Clinical Gastroenterology" сэтгүүлд 3000 ходоодны өвчтэй хүнийг усаар эмчилсэн тухай судалгаагаа хэвлүүлсэн байна. Ус дутагдаад өвдөж байгаа ходоодыг уснаас өөр юугаар ч эмчилж чадахгүй гэж энэ эмч баталж байна. 1983 онд түүний нээлтийг "New York Times Science Watch" сэтгүүлд хэвлэж олон нийтийн хүртээл болгожээ.

Dr. Fereydoon Batmaghelidj өөр олон өвчин дээр судалгаагаа үргэлжлүүлсэн ба 1991, 1992 онуудад "Journal of Science in Medicine Simplified" сэтгүүлд хэвлүүлж 1992 онд анхны номоо гаргасан байна. Хүн өдөрт дунджаар 6-8 аяга ус уувал эрүүл байна гэж үзсэн ба Америкийн Эрүүл Мэндийн хүрээлэнгийн судалгаагаар 30 кг тутамд 1 литр ус уух ёстой гэжээ. Хүний организмд ус дутагдахад хэрэгтэй бодисоо авч чадахгүй болж, организмд бохирдол үүсэж өвчилдөг гэж үзсэн байна. Ус уулгаж организмын усны дутагдлыг нь арилгаж даралт ихсэх, толгой өвдөх, мигрень, үе мөчний өвчин, цээж хорсох, ходоодны үрэвсэл, ходоодны щарх, бүдүүн гэдэсний үрэвсэл, өтгөн хатах, архаг ядаргаа, гуурсан хоолойн багтраа, харшил, нурууны өвдөлт, таргалалт зэрэг олон өвчнийг эмчилж болохыг баталсан байна.

Ус дутагдахад цус өтгөрч хялгасан судаснууд бөглөрч цус явахгүй болоход том судаснуудаар урсаж байгаа цус ханандаа даралт үүсгэснээр цусны даралт ихсэнэ гэж үзсэн байна. Даралт ихтэй хүмүүс ус их уухад шээсээр нь хорт бодисууд ялгарч судасны агшилт тавигдаж эхэлдэг байна. Түүнээс гадна организм өөрийнхөө усны дутагдлыг багасгахын тулд натри-г барьж байдаг ба энэ нь шингэнийг тогтоох үүрэг гүйцэтгэдэг. Энэ үед нь давстай ус их уухад организм шингэнийг барихгүй гадагшлуулж зүрхий ажиллагаа сайжирдаг байна. Үе мөч болон нурууны жийргэвч усгүйтсэнээс болж тэжээлийн доройтол болж өвддөг гэж үзсэн. Тархинд ус, давс дутагдахад глюкозоос энерги авахын тулд цусанд байгаа глюкозыг эсрүү нэвтрүүлэхгүй болгосноос болж сахарын өвчний 2-р хэлбэр нь үүсдэг гэж үзсэн. Усыг давстай уувал эсэд удаан тогтоон барьдаг. Давстай ус нь эсийн мембраныг зөөлөн,уян хатан болгодог байна.

Давс бага хэрэглэхэд организм давсны дутагдлыг яснаас авч нөхсөнөөс болж остеопороз үүсэж эхэлдэг. Давс бага хэрэглэхэд эс хүчиллэг болж гэмтэх хандлагатай байдаг. Хүчиллэг болсон эсэд ДНК нь амархан гэмтэж архаг өвчин, цаашилбал хавдар үүсдэг байна. Тиймээс хавдраас сэргийлэхийн тулд давсны хэрэглээг багасгаж болохгүй. Хорт хавдартай хүмүүсийн биед давс бага болсон байдгийг судлаачид баталсан байна. Ус, давс, кали организмын усыг зохицуулдаг.

Египет улсаас 1980-д онд Баруун Германд сууж байсан элчин сайд холестерин нь маш өндөр болж герман эмчээр эмчлүүлж байсан боловч үр дүн өгөөгүй тул Feredoon Batmanghelidj эмчийн заавраар ус ууж холестриноо багасгасан байна. Түүний ном гарсны дараа дэлхийн олон улсад борлуулагдсан бөгөөд номыг уншиж өөрсдийнхөө өвчнөө эмчилсэн олон хүн эмчид захиа бичсэн байна. Нэг Авсрали эмэгтэй толгой нь маш хүчтэй өвддөг байсан тул толгой нь өвдөхөөрөө орноосоо босож чадахгүй хэвтдэг байсан ба нэг найзаасаа сонсож ус ууж өөрийгөө эмчилсэн ба ходоодны шархтай мэс засалд орох гэж байсан танилыгаа бас ус уулгаж шархыг нь эмчилсэн тухайгаа бичсэн гэнэ.

Michael Peck гэдэг хүн энэ эмчийн номыг уншиж 5 жилийн турш усаар өөрийгөө эмчилсэн ба илүүдэл жингээ хаяж, даралт нь ихсэхгүй болж, багаасаа харшилтай, багтраатай байсан нь бараг зүгээр болсон гэнэ. Өөрөө гайгүй болоод эхнэрээ ятгаж ус уулгасан ба эхнэр нь даралтны эмээ уухаа больсон гэж захиандаа бичиж эмчид талархаж явдаг тухай бичсэн гэнэ. Иймэрхүү захиа маш олныг эмч авсан байна. Ходоодны өвчнийг эмчлэхийн тулд юм идэхийн өмнө 1-2 аяга ус уух ба ходоод өвдөх үед бас ус ууна. Чимх давсыг аяга усанд хийж уувал усыг эсэд тогтоон барина гэж үзэж давстай ус уулгадаг байсан.

Усыг 15-20 минут буцалгахад усны молекулын хоорондын холбоос нь багасч, цэнэгийн хувьд хасах(-) болж эд эсэд нэвтрэн орж хорт бодисыг хөөж гаргадаг. Ийм усыг уувал эд эсийг цэвэрлэж, нэмэх(+) цэнэгтэй ионыг багасгадаг байна. Ихэнх хорт бодисууд болон бодисын солилцооны үлдэгдлүүд нь нэмэх цэнэгтэй байж организмд хуримтлагдах хандлагатай байдаг. Хасах цэнэгтэй ус нь организмд ороод нэмэх цэнэгтэй хорт бодисуудыг өөр лүүгээ татаж нэгддэг ба организм энэ нэгдлийг өөрөөсөө хялбархан зайлуулж чаддаг. Ус нь удаан буцлах явцад хүчилтөрөгчөөр баяждаг. Ингэж удаан буцалгасан усыг ионжуулсан ус гэж нэрлэдэг. Далайн ус давалгаалах хөдөлгөөнд, хүрхрээний ус өндрөөс хүчтэй буухдаа, ширүүн урсгалт голын ус урсах явцдаа хүчилтөрөгчөөр баялаг болдог байна. Монголчууд хэн нэгнийгээ өвдөхөд хамгийн түрүүн ширгээсэн ус уулгадаг байсан тухай олон хүн сонссон байгаа. Ширгээсэн ус яг ямар үйлчилгээ үзүүлдгийг харин сайн мэдэхгүй байсан байх.

Техникийн Их Сургуулийн профессор Г.Лхагваа усны эрүүлжүүлэх шинж чанарыг судалсан тухайгаа "Хүн, Хүний Хөгжлийн Шинэ Үзэл Баримтлал" номондоо бичсэн байна. Ширгээсэн усны кальц , магн , кали , натри нь ихсэж усыг шүлтлэг шинж чанартай болгодог. Цахилгаан халаагуур дээр ширгээсэн ус энергийн агууламжаар таван хошуу малын махны шөлнөөс наанадаж 10 дахин, буцалсан усныхаас 1,8 дахин, ширгээх төхөөрөмжид ширгээсэн уснаас 1,9 дахин, зөгийн балныхаас 26 дахин их болсон байжээ. Цахилгаан халаагуур дээр 2/3-г нь ширгээсэн усны энергийн агууламж чацарганы шүүснээс 4,1 дахин, ээзгийний шүүснийхээс 5,2 дахин, үзэмний шүүснийхээс 19,8 дахин, зөгийн балныхаас 26 дахин, 5 хошуу малын махны шөлнийхөөс 10 дахин, буцалсан усныхаас 1,8 дахин их байжээ. Ширгээсэн усаар чанасан цайны энергийн агууламж энгийн усаар чанасан цайныхаас 5,1 дахин их байсан байна. Ширгээсэн усны рН крантны уснаас 14% илүү буюу 11,17 рН болж нэн шүлтлэг урвал үзүүлсэн байна. Японы эрдэмтэн М.Эмотогийн судалгаагаар авч үзвэл ийм ус нь хамгийн дээд зэргээр эрэмблэгдсэн зөв бүтэцтэй зэрэг нь "ШИРГЭЭСЭН УС ЭМИЙН ЭХ" гэсэн уламжлалт ойлголт зөв болохыг бүрэн тодотгохын зэрэгцээ ундны ус боловсруулах технологийн шинэ шийдэл бий болно гэж үзэж байгаа юм гэж Лхагваа профессор бичсэн байна.

Ионжуулсан ус бэлтгэхэд усыг 15-20 минут буцалгаж халуун саванд хийж халуун байлгавал 12 цагийн турш шинж чанараа алддаггүй юм байна. Энэ усаа өдрийн турш бага багаар ууж дуусгана. Эрүүл хүн 3-4 долоо хоног ууна. Өвчтэй хүн өвчнөө эрүүл болтол уудаг байна. Ионжуулсан юмуу ширгээсэн ус уух нь эрүүл мэндээ бэхжүүлэх нэг арга болохыг санацгаая!

Бадрахын Баярсайхан

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.