Зэвсэгт мөргөлдөөний улмаас 420 хүн амиа алдаад буй Суданаас улс орнууд иргэдээ татаж байна

Twitter Print
2023 оны 04-р сар 24-нд 11:51 цагт
Мэдээний зураг,

Суданы нийслэл Хартум хотод Суданы зэвсэгт хүчин болон Хагас цэрэгжсэн RSF групп хоорондын зэвсэгт мөргөлдөөн 8 дахь өдрөө үргэлжилж байна. Уг зэвсэгт мөргөлдөөний улмаас 420 хүн амиа алдаж, олон сая суданчууд Хартум хотод гацсан байдалтай байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор улс орнууд Суданд байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд иргэдээ онгоц болон автомашины тусламжтай ьатан авч эхэлжээ. АНУ болон Их Британийн зэвсэгт хүчнийхэн Судан дахь элчин сайдын яамны ажилтнуудаа нүүлгэн шилжүүлсэн байна. Ройтерс агентлагийг мэдээлснээр зэвсэгт мөргөлдөөний үеэр гадаадын иргэд шархдсан тохиолдол бүртгэгдсэн ба Хартум хотыг хатуу утаа бүрхэж, буун дуу сонсогдсоор байгаа аж.

Байлдаж буй талууд бие биенийгээ Францын цуваанд халдаж, Франц улсын нэг иргэнийг шархдуулсан хэмээн буруутгасан байна. Францын талаас гадаадын иргэд болон Европын холбооны төлөөлөгчдийг багтаасан, нийт 100 орчим зорчигчтой Францын онгоц Хартум хотоос Жибути улсыг чиглэн ниссэн мөн ижил тооны зорчигчтой өөр нэг онгоц удахгүй хөөрөх гэж байгаа тухай мэдээлжээ.

Суданы хагас цэрэгжсэн RSF групп нь Порт Судан боомтын хотыг зорьж байсан Катарых цувааг тоносон байж болзошгүй аж. Түүнчлэн Хартум хотод зэвсэгт мөргөлдөөний үеэр Иракийн нэг иргэн амиа алдсан бол Египтийн нэг дипломат шархдсан байна. Гадаадын улс орнууд иргэдээ татан авч байгаатай холбоотойгоор Суданы иргэд байлдаж буй талууд өөрийн улсын иргэдийнхээ аюулгүй байдалд анхаарахгүй байна хэмээн бухимдаж байна.

Суданы арми АНУ, Их Британи, ХБНГУ болон Францын талтай Хартум хотын хойд зүгт байрлах Вади Седна агаарын хүчний баазаас иргэдийг онгоцоор нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж байгаа мөн Порт Судан боомт хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг Катар, Йордантай хамтран явуулж байгаа гэжээ. Канад Суданаас дипломатчдаа нүүлгэн шилжүүлсэн гэдгийг Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдсэн бол Египт, Энэтхэг, Нигери, Ливи улсууд иргэдээ татан авахаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.