Кибер дайн үргэлжилсээр

Twitter Print
2014 оны 04-р сар 01-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахин интернэт сүлжээгээр өвч бүрхэгдсэн энэ үед ОХУ, АНУ-ын хооронд кибер дайн эрчимтэй явагдаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Оросын цэргүүд Крымд нэвтэрсэн цагаас Пентагон өөрийн кибер аюулгүй байдалд онцгой анхаарах болсон бөгөөд гуравдугаар сарын 28-нд НАТО-ийн кибер хамгаалалтын төв (Cooperative Cyber Defence Centre of Exellence)-ийн тайлан илтгэлийг Пентагонд хэлэлцэж мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсчээ.

АНУ-ын Үндэсний аюулаас хамгаалах агентлаг дэлхий дахинд зуу мянга гаруй компьютерийн сүлжээг хянаж ирсэн. Ингэж мөрдлөг шалгалт явуулахын тулд тусгай программ хангамж бүтээсэн бөгөөд интернэт сүлжээнд холбогдсон бүхий л нэгж компьютер уг программаар халдварлаж хамаг нууцаа алдахаар барахгүй дагуу кибер халдлагад өртөж болох тухай “ The New York Times” цахим хуудас мэдээлжээ. 

Үндэсний аюулаас хамгаалах агентлаг 2008 оноос хөгжүүлж эхэлсэн “ Quant” хэмээх уг тусгай технологи интернэт сүлжээнд холбогдоогүй үед ч нууц мэдээллийг дэлгэх чадалтай аж. Энэ бололцоог компьютерийн шуурхай санах ой, USB хавтанд үйлдвэрээс нь нууцаар суулгаж өгсөн байдаг бөгөөд  тусгай радио долгионы сувгаар холбогддог юм байна. Ийм нууц цохнууд дэлхийн өнцөг булан бүрт хүрч Оросын батлан хамгаалах систем болон Мексикийн цагдаагийн газар, хар тамхины картелиуд, Европын холбооны худалдааны байгууллагууд руу нэвтэрч чадна.

АНУ энэ арга замаар олон улсын терроризмтой тэмцэх холбоотнуудаа хүртэл тагнан мөрдөж байсан нь илэрсэн билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Германы тусгай албаны компьютерийн сүлжээнд цох суурилуулсан нь тодорхой болсон тухай “Der Spiegel” сэтгүүл мэдээлж байсан. Энэ мэт тодорхой мэдээлэл олон байгаа бөгөөд Америкийн ТТГ-ын тусгай ажилтан байсан Эдуард Сноуденд энэ бүхнийг илчлэх 1,7 сая баримт бичиг байгаа ажээ.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.