
Япончууд тэртээ 76 жилийн өмнө Халхын голд ясаа тавих гэж Монголын хил рүү цөмрөн орсон цагаасаа хойш ялагдал амссан түүхтэй. Гэвч энэ ялагдлыг хэзээ ч тэвчиж чадахгүй, цэргүүдийнхээ ар нууруунд хутга тулган дайчилж, хүчилж байсан нэгэн байгууллагын түүхээс сонирхуулъя.
Япон улс дэлхий дахинд үүд хаалгаа нээсний дараа, XIX зууны дунд үеэс тус улсад эрчимтэй өөрчлөн байгуулалт явагдаж эхэлсэн түүхтэй. Энэ цагаас Европын мэргэжилтнүүдийн тус дэмийг авч орчин цагийн, шуурхай үйл ажиллагаатай арми байгуулах үндсэн суурийг тавьсан байна. Дундад зууны үеийн хоцрогдсон зэр зэвсэг, цэргийн хүчтэй байсан Япон улс харьцангуй богино хугацаанд цэргийн хүчээ сэлбэж XIX зууны сүүл гэхэд хамгийн сүүлийн үеийн цэргийн хүчтэй болсноо 1904-1905 оны Орос-Японы дайнд батлан харуулсан билээ. Энэ амжилт ололтоо бататгаж, цаашид улам хүчирхэгжихийн тулд тухайн үеийн хөгжиж буй орнуудад тод үлгэр жишээ болж байсан Герман, Их Британы армийн дэг журмыг хуулбарлах бус харин Францын армийн нэгэн адил цэргийн дэг журам сахилга батад хяналт тавих цэргийн цагдаагийн хүчин байгуулах зорилт тавьсан байдаг. Энэ үндсэн дээр 1881 онд “Кэмпэйтай" гэгдэх онцгой эрх дархтай зохион байгуулалт үүсэж бий болжээ.
"Кэмпэйтай" Японы цэрэг, офицеруудын сахилга бат дэг журмыг чандлан хянаад зогсохгүй, Азийн эзлэгдсэн газар нутаг дахь хүн амын үзэл бодол, ёс журмыг хүртэл хянан харгалзах болсон байна. Зүүн өмнөд Ази, дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд улам хүчирхэгжин хүрээгээ тэлэх болсон Кэмпэйтайд зүтгэх хүчний тоо 1942 онд дээд хэмжээндээ хүрч 35 мянган цэрэг, офицерт хүрч байжээ.
Япончууд Хятадад цөмөрсөн 1930-аад онд болон Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Кэмпэйтай Японы эсрэг үзэл суртал, цэргийн олзлогдогсод, энгийн иргэдийн санаа сэтгэлийг хянаж цагддаг болсон аж. Тэрчлэн эзлэгдэгсэн нутгийн иргэдийн дотроос Японы эсрэг үзэл бодолтой хүмүүс, гадаадын тагнуул туршуулуудыг илчлэх асуудал хариуцаж байжээ. Үүгээр зогсохгүй Японы цэрэг дайчдад үйлчлэх эмсийн хүрээлэн байгуулж, хараа хяналт тавихын хамт хар тамхи, мансууруулах бодис наймаалах сүлжээг атгадаг байв. Япон цэргийн цагдаагийн энэ байгууллага дэлхийн дайны үед хамгийн хэрцгий балмад үйл ажиллагаа явуулж байснаараа алдартай. Японы цэргийн олзонд байсан 140 мянган цагаан арьстнуудын дотроос гурван хүн тутмын нэг нь өлсгөлөн, өвчин тахал, эрүү шүүлтээс шалтгаалан амь тавьж байжээ.
Японы Эзэн хааны дайны номлолд “Ялалт амжилтаа бататган бэхжүүлэхийн тулд эзлэгдсэн газар нутгуудад оршин суугаа нутгийн хүм амтай амьд нягт холбоо тогтоох ёстой” гэсэн зарчим тавигдаж байсан тул Кэмпэйтай энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байсан хэдий ч Япон цэргүүдийн дээрэнгүй үзэл, харгис хэрцгийлэлийн улмаас нутгийн олон нийт үзэн ядаж хорсохоос өөр үр дагавар үзүүлдэггүй байсан аж. Японы эзэн хааны флотод Кэмпэйтайн ижил үүрэг хариуцлагатай Токейтай нэртэй байгууллага байсан бөгөөд Номхон далайн Борнео аралд харгис хэрцгий үйл ажиллагаа явуулснаар нь дэлхийн түүхэнд тэмдэглэсэн байдаг.
Р.Этүгэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.